Тэрээр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. ОХУ-д хийсэн айлчлалын тухайд хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ онд хийхээр төлөвлөсөн айлчлалыг оны эхний хагаст багтааж зохион байгуулахаар хоёр талын Гадаад харилцааны яам тохирчээ. Энэхүү айлчлалаар Засгийн газар хоорондын 14, яам хоорондын 10-аад баримт бичигт гарын үсэг зурж эцэслэн батлахаар болсон гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд онцоллоо.
Тухайлбал, Төмөр замын ачаа дамжуулах нөхцөлийн тухай хоёр улсын хоорондын хэлэлцээ, Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай бүсүүдийн зохицуулалт, Ой хээрийн түймрээс хамтран сэргийлэх тухай бичиг баримтууд энд багтсан байна. Мөн Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээ байгуулахаар зарчмын хувьд тохирчээ.
Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр яригдсан бас нэг асуудал нь ОХУ-аас авах 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудал юм байна. Энэ асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “Өнгөрсөн хавар Монгол Улсын төлөх ёстой байсан Их өрийн асуудал ОХУ-ын парламентаар шийдэгдсэн учраас хөнгөлөлттэй зээлийг шийдэхэд ямар ч асуудал байхгүй.
Гагцхүү хоёр тал энэ мөнгөөр хэрэгжүүлэх төслүүдээ тохирох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр танай Засгийн газрын ОУВС-тай хийж буй хэлэлцээг бид анхааралтай ажиглаж байна” гэжээ. Манай улсын хувьд ойролцоогоор 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг “Улаанбаатар төмөр зам”, эрчим хүч гэсэн хоёр салбарт зарцуулах сонирхолтой байгаа аж.
