solongonews
Хилийн чанад дахь “Хятад хотхон”-ы соёлын хамгаалалт
2022-06-01 17:13
Хятад хотхон буюу Хуабү гэдэг нь хилийн чанад дахь хятадуудын оршин амьдардаг бүсийг хэлдэг. Мөн “Тан Рэнь Же /Тан иргэдийн гудамж/”, “Жүн Хуа Же /Хятад гудамж/”, “Жүн Гүө Чэн /Чайнатаун/” гэх зэргээр нэрлэдэг байв.

Олон жилийн өөрчлөлт хувиралтаар дамжин ихэнх хятад хотхон нь аажмаар Хятадын бизнес эрхлэгчид давамгайлсан худалдааны дүүрэг болон хувирч, Хятад хотхоны өвөрмөц соёлыг бүрдүүлсэн байдаг. Түүхийн аянаас урган гарсан Хятад хотхоны соёл нь хилийн чанад дахь хятадуудын эх орноо мөрөөдсөн сэтгэлийг аргадах зүрх сэтгэлийн бууц төдийгүй, Хятадын соёлыг дэлхийд харуулах чухал цонх болсон юм.

Дэлхий даяар түгсэн Хятад хотхоны онцлог юу вэ? Цар тахал Хятад хотхоны хөгжилд ямар сорилт авчирсан бэ? Хятад хотхоны соёлыг хамгаалах нь ямар ач холбогдолтой вэ? Хилийн чанадад байгаа хятадууд Хятад хотхоны соёлыг хамгаалахад хэрхэн илүү их үүрэг гүйцэтгэх вэ? Сэтгүүлчийн эдгээр асуултын хариуд өөр өөр улс оронд амьдарч буй хэд хэдэн Хятад иргэд санал нэгтэйгээр “Хятад хотхоны соёлыг дэлгэрүүлэх нь бидний үүрэг” гэж хариулсан юм.

Сэтгэлийн түшиг болсон гэр орноо хамгаалахуй

Австралийн Мельбурнаас Малайзын Малаккагийн хоолой хүртэл, Их Британий Лондонгоос Канадын Монреаль хүртэл, АНУ-ын Сан Францискогоос Өмнөд Африкийн Йоханнесбург хүртэл Хятад хотхонууд хилийн чанад дахь хятадуудын амьдралд чухал утга учиртай оршдог. Анх хилийн дээс алхсан цагаасаа хөлжин амьдрах хүртэл гадаадад ажиллаж амьдарч байгаа олон хятад иргэдийн хувьд Хятад хотхон нь зүйрлэшгүй нөмөр түшиг болсоор ирсэн байдаг.

Монреалын Хятад хотхон Канадын Квебек мужийн Монреал хотод байрладаг. Ойролцоогоор 136 жилийн түүхтэй. Канадын “Symhiosis” олон улсын мэдээллийн хэрэгслийн ерөнхий редактор Хү Шянь Монреальд ирээд 33 жилийн нүүрийг үзжээ.

- Хятад хотхон бол гадаадад байгаа хятадуудын зүрх сэтгэлийн бууц, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал суурин. Хятад иргэдийг нягтруулж, хятад удмыг үргэлжлүүлэх тээвэрлэгч, сэтгэлийн түшиг, итгэлийн гэгээ болсон газар. Мөн ядуу буурай Хятад бүлгүүдийн нөмөр түшиг болсон газар юм гэж тэрээр ярьлаа.

Малайзын Малакка хотод амьдардаг Янь Тяньлү:

- Малайз бол амьжиргаагаа залгуулахын тулд Өмнөд тэнгис рүү нүүдэллэсэн анхны үеийн Хятадуудын гол зорилтот газруудын нэг байсан. Энэ нь олон тооны Хятад хотхоныг бий болгосон. Малакка хотын Түүхэн хот дүүргийн Жонкер гудамж нь Мин гүрний нэрт элч Жэн Хэгийн таван удаа тухлан сууж байсан бууц төдийгүй, сүүлийн үеийн Хятад цагаачдын оршин суурьшиж байсан гол бүс юм. Малайз нь олон үндэстэн ястан, соёл иргэншилд суурилсан нийгмийн бүтэцтэй учраас орон нутгийн Хятад хотхоны соёл нь мөн өвөрмөц хэв маягаар дүүрэн байдаг гэж сонирхууллаа.

- Өмнөд Африкт хоёр хятад хотхон байдаг нь хуучин Хятад хотхон болон шинэ Хятад хотхон. Хуучин Хятад хотхон нь Өмнөд Африкийн Йоханнесбург хотын төвд байрладаг. Олон жилийн өмнө хятадуудын хуран цуглардаг байсан чухал суурин байжээ. Гэхдээ нийгмийн аюулгүй байдлын хувьд эрсдэл ихтэй байдаг байв. 1990-ээд онд олон Хятадууд Өмнөд Африкт ирсэн ба тэдний ихэнх нь аюулгүй газар амьдран суухыг зорилго болгосноор шинэ Хятад хотхон бий болжээ. Хэдэн жилийн өмнө шинэ Хятад хотхоны хоёр гарц дээр Хятад маягийн хоёр хаалга барьсан ба Цагаан сар болох бүрт энд Хятад маягийн баярын арга хэмжээнүүд зохион байгуулах болсон. Энэ нь дэлхийн хамгийн залуу Хятад хотхон болсон төдийгүй,  Африк дахь хамгийн өргөн нөлөө бүхий Хятад хотхон болж дээ. Шинэ Хятад хотхонд хамгийн олондоо ойролцоогоор 80 мянган Хятад иргэн оршин суудаг байсан түүхтэй. 20 гаруй жилийн бүтээн байгуулалтаар дамжин шинэ Хятад хотхон нь энд ирсэн хятадуудын ажиллаж, амьдарч, цуглардаг гол газар болсон. Тус хотхоны гудамж нь 600 гаруй метр урт, нийт 200 орчим дэлгүүртэй, худалдаатай. Энд хүмүүс хятад хоол хүнс хэрэглэх, хятад бараа худалдан авах, хятад боловсрол эзэмших боломжтой бөгөөд Өмнөд Африкт бол Хятадын баяр наадмыг жинхэнэ мэдэрч чадах цорын ганц газар юм гэж ярьлаа.

1985 онд байгуулагдсан Австралийн Австрали-Хятадын түүхийн музей нь Мельбурн хотын Хятад хотхоны гүнд байрладаг. Музейг хариуцсан гол хүний хувьд Чюй Жэньбяо Мельбурн хотын Хятад хотхоны түүх, соёлыг маш сайн мэддэг. Тэрээр:

- Өмнө нь Мельбурн хотын Хятад гудамж нь зүүнээс баруун тийш нэг чиглэлтэй 900 орчим метр урт зам байсан ба өнөөг хүртэл нийт 150 гаруй жилийн түүхтэй болжээ. Энэ бол Австралийн хамгийн эртний Хятад хотхоны нэг юм. 1980-аад онд Мельбурн хотын Хятад хотхон нь томоохон бүтээн байгуулалт хийж, илүү өргөн цар хүрээтэй, илүү сайн орчин нөхцөлтэй болсон ба аюулгүй байдал нь илүү сайжирсан байна. Өнөөдөр гэхэд энэ гудамжинд Хятад элемент бүхий дэлгүүрүүд олон болж, жинхэнэ худалдааны гудамж болон хөгжжээ. Хятадын уламжлалт баяр наадам болох бүрт Мельбурн хотын Хятад хотхонд дэнлүү өлгөж, туг далбаа мандуулан баярын уур амьсгалаар дүүрэн болдог гэж сонирхууллаа.

- Лондон хотын Хятад хотхоны гудамж нь “Хөндлөн хоёр, гулд гурван” замтай. Гурван том нуман хаалга, хоёр жижиг нуман хаалгатай. Дэлгүүр худалдаа дүүрэн байдгийн дотор 80 хувь нь хятад ресторан, бусад нь супермаркет, үсчин, аялал жуулчлалын агентлагууд байдаг. Жил бүрийн намрын дунд сарын баяр, Цагаан сарын баяраар Хятад хотхон гэрлээр чимэглэж, баяр наадмын томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулдаг гэж ярих Их Британий Хятадын Бизнесийн холбооны орлогч дарга Фан Ган 2019 оноос Лондон хотын Хятад хороололд хятад ресторан ажиллуулдаг болсон байна. Тэрээр Лондон хотын Хятад хотхоны Сүүлийн 10 жилийн хугацаан дахь хөгжил өөрчлөлтүүдийг нүдээрээ харсан нэгэн.

Хүнд бэрхшээлийг хамтдаа даван туулахуй

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Сан Франциско хотын Хятад хотхон дахь олон тооны барилгууд зарагдах жагсаалтад орсон тухай мэдээ олны анхаарлыг татлаа. Энэ нь сүүлийн жилүүдэд Сан Францискогийн булан дахь үл хөдлөх хөрөнгийн венчур капиталыг өргөжүүлсний үр дүн юм. Сан Францискогийн Хятад хотхоны олон нийтийн хөгжлийн төвөөс Хятад хотхоны тархай бутархай барилга байгууламж бүхий хорооллыг хамгаалах зорилгоор мөнгө цуглуулан “Powell” гудамж дахь нэгэн барилгыг худалдаж аваад, засвар хийсний дараа Хятад хотхоны бага орлоготой иргэдэд түрээслүүлж өгсөн байна.

Сан Франциско дахь Хятад хотхоны олон нийтийн хөгжлийн төвийн дарга Ян Чүншянь:

- Эдгээр тархай бутархай барилгууд бол шинээр ирсэн цагаачдын анхны сонголт юм. Хятад хотхон нь 1850 оноос хойш шинэ цагаачдыг хүлээн авах иймэрхүү арга хэлбэрийг ашиглаж ирсэн. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн венчур капиталын байгууллагууд эдгээр тархай бутархай барилгуудыг эзэмшвэл Хятад хотхоны хамгийн чухал соёлын өнгө алдагдах болно гэж ярьлаа.

Цаг үе өөрчлөгдөж, олон хятад хотхон оршин тогтнол, хөгжлийн янз бүрийн асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадад байгаа олон хятадууд идэвхтэй арга хэмжээ авсаар байгаа юм.

- Цар тахал нь Лондонгийн Хятад хотхоныг маш урт хугацааны “ичээ”-нд оруулсан. Гэсэн хэдий ч Их Британи дахь Хятадууд бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж ирсэн. Их Британий засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг сулруулахын хэрээр Лондон хотын Хятад хотхоны дэлгүүр худалдаанууд халдвараас урьдчилан сэргийлэх, хянах тал дээр сайн ажиллахын зэрэгцээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнгөрсөн оны 03-р сард Лондон хотын Хятад хотхоны хөл хөдөлгөөн ихсэж, хуучин дүр төрх нь сэргэсэн. Энэ оны 02-р сард Билгийн тооллын Хятадын Цагаан сарын баярын үеэр Лондон дахь Хятадын бизнесийн холбоо Хятад хотхонд Цагаан сарын арга хэмжээ зохион байгуулснаар маш олон хүний сонирхлыг татсан юм. Эдгээр нь Лондонгийн Вестминстер дүүргийн засгийн газраас Хятад хотхоны үйл ажиллагааг дэмжиж байгаатай салшгүй холбоотой гэж Фан Ган ярьлаа.

Хү Шяний бодлоор “Монреал хотын Хятад хотхоны хөгжилд гурван том сорилт тулгарч байна. Нэг нь Хятад хотхоны уламжлалт соёлын байр суурь алдагдаж байна. Хоёр дахь нь гадаадад байгаа Хятадуудын үр хүүхдүүд Хятад хотхоноос санаачилгатайгаар холдсон явдал юм. Тэд нийгэмд нэгдэхийн хэрээр Хятад хотхоны соёлыг хамгаалах ухамсаргүй болсон. Гурав дахь нь цар тахал гарсны дараа Хятад хотхон нь зарим Азийг үзэн ядагчдын бай болсон байна.

Хү Шянь:

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад хотхоны газар, бизнес, барилга байшингуудыг ээлж дараалан худалдсан үзэгдлийн эсрэг Хятад хотхоны зарим удирдагчид болон нийгэмлэгүүд Квебек муж, хотын захиргаанд өргөдөл гаргаж, Хятад хорооллыг хамгаалахыг уриалсан. Хүн бүрийн хамтын хүчин чармайлтаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Квебекийн Соёл, мэдээллийн сайд болон Монреал хотын дарга нар хамтран Хятад хотхоныг түүхэн дурсгалт газар гэж тодорхойлсныг зарлаж, Хятад хотхоныг устгахаас үр дүнтэйгээр хамгаалсан юм. Цаашид Хятад хотхоныг хамгаалахын тулд Хятад цагаачдын холбоо болон эвлэл бүлгүүд нэгдэж, олон нийтийн дэмжлэг туслалцааг илүү уриалах болно гэж хэллээ.

- Цар тахал дэлхий нийтийг нөмөрч, дэлхийн олон орон дахь Хятад хотхоны соёлд ихээхэн нөлөөлсөн. Жонкер гудамж ч мөн адил. Түүхэн дурсгалт газар, соёл, аялал амралтыг хослуулсан орон нутгийн аялал жуулчдын бүс болсон Жонкер гудамж урьдын хөл хөдөлгөөн ихтэй дүр төрхөө алдсан. Аз болоход Жонкер гудамж  хилийн чанад дахь Хятад цагаачид болон орон нутгийн засгийн газрын хүчтэй дэмжлэгийг хүртсэн юм. Жонкер гудамжны Хятад хотхоны соёлыг үр дүнтэй хамгаалахын тулд орон нутгийн засаг захиргаа нь бодлогоор дэмжиж, аж үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах гэх зэргээр ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж Янь Тяньлү ярьж байна.

Ли Шиньжү:

- Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас Хятад хотхон болон ойр орчмын газарт амьдардаг олон хятад иргэд нүүх нь нүүж, нутаг буцах нь буцсан. Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан гудамж өмнөхөөсөө илт өөрчлөгдсөн байна. Ирээдүйд Йоханнесбургийн Хятад хотхон янз бүрийн сорилттой тулгарах нь гарцаагүй. Нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч стандарт үйл ажиллагаагаар дамжуулан Хятад хотхоныг олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг тал дээр илүү сайн болгохын тулд бид удирдлагын хороог байгуулсан. Цар тахлын үеэр Хятад хотхон мөн тусгаарлах төв байгуулж, олон хятад иргэдэд тусалсан юм гэж ярьлаа.

Хятадын соёлыг даян дэлхийд түгээхүй

- Жонкер гудамжинд Хятадын соёлын элементүүдийг улам бүр нэвтрүүлэх нь Малайз дахь хятад цагаачдын хамтын зорилт гэж Янь Тяньлү үздэг. “2008 оны 07-р сард Жонкер гудамжийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад амжилттай оруулсан байна. Жил бүрийн Цагаан сарын баяр болох бүрт Малаккагийн Түүхэн хот дүүрэг /Жонкер гудамж/-ийн ажлын хорооны удирдлага дор Жонкер гудамжинд зохион байгуулах олон төрлийн арга хэмжээ нь маш өргөн цар хүрээтэй болж, нийгмийн анхааралд хүрдэг. Улмаар Жонкер гудамж нь Хятадын соёлыг харуулахаас гадна, Малайзын олон үндэстэн ястан бүхий нийгэм дэх Хятад хотхоны соёлын нэр нөлөөг нэмэгдүүлдэг юм гэж тэрээр ярьлаа.

Малайз 04-р сарын 01-нд хилээ нээх гэж байгаа бол Жонкер гудамж нь хоёр жилийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг дахин хүлээж авах болно. Янь Тяньлү:

- Цар тахлын нөлөөнөөс ангижрахын тулд Жонкер гудамж “Гадна, дотногүй засвар хийх” шаардлагатай байна. Улс дахин хилээ нээх нь Жонкер гудамж сэргэн хөгжих гадаад орчныг бүрдүүлсэн. “Хуучин өнгө төрх”-өө сэргээх нь Жонкер гудамжны хувьд гол утга учир болж буй. Үүгээр ч зогсохгүй “Хуучин өнгө төрх”-өө сэргээхэд бид хойшлуулж болшгүй хариуцлагатай. Манай үеийнхэн хойч үедээ ямар нэгэн зүйл үлдээх ёстой гэж илэрхийллээ.

- Лондонгийн хятад хотхон ирээдүйд илүү их хөгжилд хүрэхийн тулд дараах зүйлсийг сайн хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, орон нутгийн засгийн газраас илүү их дэмжлэг авч, Хятад, Их Британий соёлын солилцооны чухал цонх болгохыг хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт, Хятад хотхонд үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүд шударга үйл ажиллагаа явуулж, гадаад дахь хятад цагаачдын дүр төрхийг хамгаалах ёстой. Гуравдугаарт, Лондон дахь Хятадын холбоо бүлгүүд эв нэгдлээ бэхжүүлж, харилцан туслалцаж, Лондон дахь Хятад хотхоны брэндийг хамтран байгуулах ёстой гэж Фан Ган ярьсан юм.

Чюй Жэньбяо:

- Мельбурн хотын Хятад хотхоны түүхийг тусгах материал цуглуулах, цэгцлэх, хамгаалах нь маш чухал ажил. Хэрвээ Хятад хотхоны соёлыг сайн хамгаалж чадвал энэ нь Хятад цагаачид байрладаг улс орон, хотын хөгжил дэх оролцоог тодруулж чадах төдийгүй тухайн улс орон, бүс нутгийн соёлын нөөц дэх давуу талаа нэмэгдүүлж болно. Хамгийн гол нь Хятад хотхоны соёл нь гадаадад байгаа хятадуудын хүчийг цуглуулах чухал хэрэгсэл болж чадна. Австрали – Хятадын түүхийн музей нь Мельбурн хотын Хятад хотхон дахь алдартай үзэмжит газрын нэг болсны хувьд бүс нутгийн иргэд болон гадаадын жуулчид Хятадын соёлыг ойлгох чухал цонх болж байна гэж хэллээ.

Зохиогч: ЖЯ ПИНФАНЬ
Найруулагч: С.У
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл