“Нэр төр эрхэсэг амьдрал” төрийн бус байгууллагын олон нийтэд өрнүүлж буй “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд элсний нүүдэл, цөлжилтийг сааруулах зорилгоор мод тарих бүх нийтийн хөдөлгөөн өрнүүллээ.

Уг үйл ажиллагааг Эрээн хот дахь “Эгшиглэн” монгол оёдлын үйлдвэрийн эзэн Ганчимэг, Цогт нар санаачлан вичатын “Эх дэлхийгээ аваръя” жиргээ холбооны гишүүд, Замын-Үүд Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль хамтран зохион байгуулсан байна.

Мөн Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар, БНХАУ дахь Монгол иргэдийн нийгэмлэг, Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Замын Үүд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал ивээн тэтгэжээ.
Зургаа дахь жилдээ зохиогдож байгаа бүх нийтийн хөдөлгөөнд өнгөрсөн жилээс иргэд илүүтэй идэвхтэй оролцох болсон байна. Тодруулбал: Мод тарихаас гадна Замын-Үүдийн нийтийн номын санд ном хандивлах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд шинэ гэр авахад нь туслаж, эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хувцас, эд зүйлсийн тусламж үзүүлэх зэрэг олон арга хэмжээг хамарсан байна. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Авга хошууны “Тулга” хайр халамжийн нийгэмлэг, “Энэрэл” хайр халамжийн нийгэмлэгийн төлөөлөгч болон бусад сайн дурын ажиллагааг дэмжигч гучаад хүн Бээжин хот, Тянь Жинь хот, Шинь Жян зэрэг газраас зорин ирж уг арга хэмжээнд нэгдсэн байна.

“Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн, “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг санаачлагч Дамдинсүрэнгийн Наранцогт сайн үйлсийн аяныг нээж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: “Нэр төр эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллага нь 2010 оноос эхлэн “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг Монгол орон даяар өрнүүлэн явж байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд есөн аймгийн 52 сум, нийслэлийн бүх дүүргүүд болон 300 орчим байгууллага, аж ауйн нэгжид 17 нэр төрлийн 83 000 ширхэг мод тариад байна. Бидний тарьсан модны ургалт 75 хувьтай байгаа. Энэ өдөр 300 ширхэг нарс мод тарьснаараа нийт 83 300 ширхэг мод тарих болно хэмээн хэллээ.
Нээлтийн дараа Ерөнхий боловсролын II сургууль болон “Ургах наран” дөрөвдүгээр цэцэрлэгийн багш сурагчдын хамт мод тарилаа.
Сурвалжилсан: Б.Хүүдүүт
Гэрэл зургийг Ц.Ганболд


































