Малын махны үнэ унаж, мал аж ахуйд хүндрэл тулгарч байгаа энэ үед малчид гар мухардан сууж байхад Нарантуяа харин ямаагаа сааж сүүгээ худалдаад тавтай сайхан амьдарна. Айл саахалтынх нь идэр насны хүмүүс хот орж ажил хийж байхад Нарантуяа л сүү саалиа борлуулан, цагаан идээ боловсруулж байна. 2000 оноос Нарантуяа ямааны сүүгээрээ цагаан идээ хийж, малын ашиг шимээ боловсруулан зах зээлийг хайж орлогоо нэмэгдүүлсээр иржээ.

Нарантуяа Ордос хотын Отог хошууны Арвас сумын Улаан-Ус багийн малчин. Намхан биетэй, үг дуу цөөнтэй ч хашир малчин болох нь ажилд шалмаг байдлаас нь харагдах аж. Улаан-Ус багийнхан өнгөрсөн зууны 90-ээд оны үеэс эхлэн ямаа сааж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч тухайн үед эдийн засгийн тухай үзэл баримтлал буурай байсны зэрэгцээ хөдөө нутаг буйд бөглүү, зам харилцаа муугаас цагаан идээгээ хошуунд борлуулна гэж Нарантуяагийн санаанд орж байсангүй.

Уламжлагч буюу ямаачин
Уг нь манайхан өөрсдийн хэрэглээнээс илүү гарах шар тос, өрөм, шүүмгээ төрөл садандаа өгдөг байсан. Харин малын ашиг шимээ боловсруулан худалдаж эхэлсэн нь 2000 оноос эхэлсэн гэж Нарантуяа ярив.
Тэрээр малын ашиг шимээ боловсруулан сүү саалиа боловсруулж, орон нутагтаа зах зээл хайж явсан нь цаанаа учиртай аж. Өнгөрсөн зууны 90-ээд оны үеийн хотжилтын урсгалыг дагаад Нарантуяагийн үе тэнгийн хүмүүс ач зээгээ сургуульд нь зөөх, хоол цайг нь ойртуулах албатай болж, нутгаасаа холдон хот суурин бараадах болсон. Нутагтаа үлдсэн Нарантуяагийн хувьд хот сууринд амар тайван суух нь нэг ёсны амралт шиг байсан ч малчин хүн гэдэг хөдөө нутгийнхаа цэвэр агаар цэнгэг уснаасаа салж ядна. Ийнхүү Нарантуяа ямаа маллан, өнгөрсөн жил “Арвыг хамруулах” төсөлд хамрагдсанаар 100-аад кв.м шинэ сууцтай болжээ.

- Ямаа саана гэдэг тийм ч амар ажил биш. Ямааны саалийн хугацаа богино байдгаас гадна номхон зогсож байгаад саалгадаггүй. 100-аад ямааг сааж дуусахад хоёр гурван цаг болно.
Ямаа гэдэг малыг сааж маллаж чадах хүн цөөн. Нутгийн идэр настнууд нь элдэв олон шалтгаанаас хот орж, малаасаа холдсон болохоор уламжлалт цагаан идээгээ хийж боловсруулж чадах хүн цөөрчээ. Ялангуяа ямаа саах гэдэг өглөөний таван цагаас эхлэх ажилсаг хүний үйл болохоор өвлөж уламжлах залуучууд ч өдрийн од шиг болсон гэхэд илүүдэхгүй. Тийм учраас орон нутгийн хэмжээнд сүү саальтай айл цөөрсөөр 2000 он болоход Нарантуяагийнхаас цагаан идээ худалдаж авахаар ирдэг хүмүүс нэмэгдэж эхэлжээ.
- Ямааг зун л саадаг, бороо орохоор сүү орж, цаг агаар тааруухан болохоор сүү нь татарчихдаг. Тиймээс манай нутгийнхан ямаа саах нь үйлээ үзэж үсээ тоолох ажил гээд хийдэггүй гэж учирлана.
Үр ашиг - Ямааны сүү
Ямааны сүү гэдэг сүү цагаа дотроо дээгүүрт ордог. Ямааны сүүний тослог чанар үнээний сүүний гуравны нэг төдий л байдаг. Хүний биед ашигтайгаас гадна урт хугацаанд уухад ч таргалахгүй. Ялангуяа ямааны сүүнд агуулагдаж байгаа витамин болон бичил элемент нь үнээний сүүнээс илүү өндөр болохоор шим тэжээлийн хувьд бусад сүү цагаан идээний төрлөөс илүү ашигтай байдаг. Ямааны сүүг нялх хүүхэд болон өвчин хуучтай хүмүүс уухад сайн байдаг.
Монголчууд маллах үйлдвэрлэлд цагаан идээ ариун дархан идээний дээж, эрүүл саруул, сайн сайхны бэлэг тэмдэг болгож дээжилсээр иржээ. Ер нь гүүний сүү, үнээний сүү, ингэний сүү саалиа монголчууд өргөн хэрэглэдэг. Гэсэн хэдий ч газар газрын нутаг ус адилгүй, говь хангай цөлд тэмээ малладаг бол уулархаг оронд харин ямаа малладгаас Баяннуур, Алшаа, Ордос нутагт ингэний сүү, ямааны сүү саалийн соёл хүн ардын дунд түгэн дэлгэрсээр өнөөдөрт хүрчээ. Тийнхүү энэ нутгийн ард түмэн ч нутгийн ёс заншилдаа зохицуулан ямаагаа яаж маллах тухай өвөрмөц ухаан, ёс горимтой байдаг.

Ямааг нэг өдөрт хоёр удаа саадаг бөгөөд саахдаа холбож саадаг. Эхлээд тусгай тэмдэг тавьсан ямаагаа хотноос ялган тууж авчраад холбооны урт дээсээр саах ямаануудаа толгойг нь солбин уяна. Ямаа саахад үнээ саадаг шиг ивлэгэх хэрэггүй, харин гараараа хөнгөхөн нударч сүү буулгадаг.
Ямаагаа эхэлж саагаад ойр саахалтаасаа хөрөнгө залах буюу түрүү өвлийн хадгалсан хөрөнгөөр шинэ тараг бүрнэ. Ийм ч учраас малчдын гурван эрний хоолонд цагаан идээ ер дутахгүй, өглөөний цайгаа сүлэх, тарагтай гурилтай хоол, тарагтай цагаан будаа, сүү хөөрүүлэн өрөм тавих, тараг бүлж тос авах, хурууд хийх, архи нэрэх зэрэг олон төрлөөр цагаан идээнийхээ шимийг хүртэн, монгол амьдралын өвөрмөц онцлогийг уламжилдаг.
Шар тос кг бүрдээ 50 юань, цөрөм кг бүрдээ 40 юань, өрөм кг нь 30 юаниар худалдаалдаг. Нарантуяагийн зөвхөн сүү саалийн орлого нь жилдээ 20 мянга гаруй юаньд хүрдэг.
Ямаа гэдэг чинь тэр биеэрээ эрдэнэ, самнаад ноолуурыг нь худалдахад л 400 ямаанаас 60 мянга шахам юанийн орлого олно.
- Зам харилцаа сайжирсан болохоор хошуундаа дэлгүүр ажиллуулах бодолтой байна гэж Нарантуяа итгэл дүүрэн ирэх маргаашаа зөгнөн ярьж байлаа.
