solongonews
Бошоодой нуурын мандалд амгалан жаргах хун шувууд
2017-06-08 22:04
- Гэрэл зурагчин Төрбэхын “Хун шувуу” нэртэй бүтээлтэй танилцахуй

    Шулуун Хөх хошууны Бошоодой суманд байгаа Бошоодой нууранд энэ хавар олон хун шувууд чуулсан юм. Эх байгалийн өнгө үзэмж бүрдэж, элсэн манхны нөмөр сайтай Бошоодой нуур бол хун шувуудын буудаллах дуртай амгалан өртөө  гэж энэ хавийн малчид ярьдаг.  Тиймээс эндхийн газар нутаг нь шувуу сонирхогчдын зорих дуртай газрын нэг. Басхүү гэрэл зургийн хоббитой хүмүүсийн хун шувууны зураг авах чухал газрын нэг юм. Шилийнголын Өдрийн сонины гэрэл зургийн нэрт сурвалжлагч  Төрбэх энэ оны 4 дүгээр сард Бошоодой нууранд тусгайлан хүрч хун шувууны зураг авсан байна.

      Мандах наран алтан дэлхийг гийгүүлж, шинэ нарны шижир туяанд байгаль орчин бүлээсэж эхлэх үеэр нууранд амгалан хоносон хун шувууд аажмаар нуурын тунгалаг мандалд хөвж эхэлдэг.  Сурвалжлагч энэ удаа хун шувуудын энэхүү амьдралын хэв зуршлыг эвдэхгүйн тулд тэдний “Өглөөний амьдрал”-ыг зураглахаар үүрийн 4 цагт нуурын хөвөөнд сэмээр хүрчээ. Энэ үед шувууд ид амгалан нойрсож байх бөгөөд эргэн тойронд нь нам жим. Удалгүй одод эрхсийн замаар дорно зүгийн гэгээ тодорч эхлэв. Тэнгэр үүлгүй цэлмэг байсан болохоор сая мандаж байгаа нарны гэрэл шувуудыг зураглахад таатай нөхцөл бүрдүүлнэ. Шувууд хүний нөлөөгөөр бус харин өөрсдийн жам ёсоороо хэсэг бүлгээрээ аажим дээш хөвөрч, хүнс хоолоо эрж хайхаар нисэн дүүлж эхэлсэн нь  зураглаачийн сэтгэлд  нийцнэ. Сурвалжлагч Төрбэх шувуудыг огт үргээж цочоолгүйгээр гурван цаг гаруй тэвчээртэй хүлээсний эцэст энэхүү “Хун шувуу” нэртэй хүн байгалийн эе зохицол ба шувуудын амьдралыш тодхон харуулж чадсан гэрэл зургийн бүтээлээ зурагласан  юм. Энэхүү уран бүтээл хүмүүст тухайн нутаг усны хүн байгаль эе зохицолтой, экологийн хамгаалалт сайтай байгааг үзэгч түмэндээ ойлгуулж чадсан бөгөөд шувууд амьтад, салхи зэрэг байгалийн дуу чимээнээс өөр анирдах зүйлгүй нам гүм байдалд хүмүүст эх байгалийн ид шидийг яах аргагүй мэдрүүлдэг.

Тэр удаа Бошоодой нууранд ойролцоогоор 300 гаруй хун шувуу хоноглосон гэнэ. Төрбэх шувуудыг ойролцоогоор 300 шахам метрийн зайнаас тод томруун зурагласан болохоор уран бүтээлчийн санаа ахуй, хөдөлмөр ур авьяаст хүндэтгэл дэвшүүлэх зорилгоор бид сониныхоо нуур хуудсанд нийтэллээ.

Зохиогч: Сурвалжлагч Содбилэг
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийн Голын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл