Синьхуа агентлагийн 11-р сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жү Цао\ ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсээс зохион байгуулсан Хятад, Америкийн улс төрийн намуудын 11 дэх хэлэлцээ энэ сарын 18-нд Бээжин хотод болов.
Америкийн Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам, зөвлөх байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон Төв хорооны Бодлого судлалын төв, Худалдааны яам зэрэг байгууллагын 50 төлөөлөгч уг хэлэлцээнд оролцож, "Хятад, Америкийн улс төрийн намууд-Хятад, Америкийн харилцаа" сэдвээр санал бодлоо солилцлоо.
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн даргаСүн Тао нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, “Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн турш Хятад, Америкийн харилцаанд түүхэн ахиц бий болохын зэрэгцээ шинэ сорилт, шинэ сонголт ч нүүрлэж байна. Хятад, Америкийн харилцааг хамгаалан хөгжүүлэх нь хоёр орон, хоёр орны ард иргэдийн үндсэн эрх ашигт нийцэж байгаа бөгөөд дэлхийн олон орны эрх ашигт нийцэж байна. Хоёр орны улс төрийн намууд, улс төрчид хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Хятад, Америкийн харилцааны хөгжлийг дэмжиж, сөргөлдөх бус харин хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хаяагаа манах биш харилцан туслан, зайгаа барих биш харилцаагаа өргөтгөн, хэлцэл зөвшилцлөөр хоёр талын зөрчил маргааныг шийдвэрлэх ёстой. Хятад, Америкийн улс төрийн намуудын хэлцлийн механизм нь хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэн, хоёр орны ард иргэдэд ашиг тусаа хүртээж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна” гэлээ.
Америкийн Ардчилсан намын төлөөлөгч, Худалдааны сайд асан Лүө Жяхүй, Америкийн Бүгд найрамдах намын төлөөлөгч, Орон сууц болон хот байгуулалтын яамны сайд асан Жексон нар хэлэхдээ, “Америк, Хятадын харилцаа өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа ба хоёр орны харилцаа хэрхэн хөгжих нь дэлхий нийтэд шууд нөлөөлнө. Хятадын хөгжил нь Америкийн ашиг сонирхолд нийцэж, Америкийн тогтвортой хөгжил ч Хятадад ашигтайгаар тусах билээ.
Хоёр орны улс төрийн намууд, тэдгээрийн удирдагчид хоёр ард түмэнд ашиг тус хүртээхийг зорилтоо болгон, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, маргааныг зүй зохистой шийдвэрлэх ёстой. Худалдааны сөргөлдөөнийг аль болох хурдан шийдвэрлэж, Америк, Хятадын харилцааны цаашдын хөгжилд сөрөг нөлөө үүсгэхгүй байхыг хүсэж байна” хэмээв.
Хэлцлийн хүрээнд хоёр орны бизнесийн төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт боллоо. 2010 оноос зохиогдсон Хятад, Америкийн улс төрийн намуудын хэлцэл нь нам эвсэл хоорондын харилцааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг ахиулах зорилготой юм.
