solongonews
Уянга зүрхний гандирсан Бүдүүнхуа минь
2016-05-26 10:11
Уянга зүрхний гандирсан Бүдүүнхуа минь
(Найруулал)

Хүмүүн гэдэг орчлон дэлхийн хаагуур тэнэж юу хийсэн ч болог, өсөж төрсөн нутаг ус гэгч нойр зүүдэнд минь солонгорсон соронзон орон байнам гэмээн нас жил минь ахих тутам эс цусны дотор нэн илүү мэдрэгдэн санагддаг билээ!

Миний нутаг Бүдүүнхуа бол алтан элс шаргалтан, аглаг уулс сүглийсэн, тал хангай тэнэгэрлэж, нуур гол цэнхэрлэсэн, уудам говь нь тэнгэрийн хаяатай залгалдсан байгалийн сайхан үзэмжээрээ гандирсын илбэт үзэгдлийг зураглан илтгэж чадах гоёхон орон билээ.

Багын үе дэх хаврын улирал мөн л цээжлэгдсээр. Хатуу хүйтэн хөөгдөж, зөөлөн ногоо хагдыг нэвтлэн цухалзахаар хаваржаанд гарах гэж дорой буурай, тэжээлийн малаа сүргийнхээ хойноос аажимхан хөөсөөр, сүрэг дагаж эс чадах нэгийг нь тэрэг хөсөгт тээж, тал голын чийг барин хөх ногоотой золгуулдаг юм. Чингэхлээр шинэ ногоог толгой өргөлгүй зумаасан малууд минь хэдхэн өдрийн дотор хөл хөнгөрч тамир чангаран эзнийхээ сэтгэлийг баясгадаг.

Тэр үеэс ардын амьдрал идэж өмсөхдөө зүдэж байсан ч байгаль ахуй бүтэн тансаг, хур тунадас элбэг хөрсний чийг гүйцэд хангамжтай, хаашаа харсан ч бэлчээр өвс халиуран найгаж, хучлага бүрхэц сахлаг балар, зузаан бөгөөд янзын олон ан араатан байж билээ. Бут бургас өндөр баялаг тул ямар нэгэн хэдэр догшин араатан амьтан чоно шилүүс буюу аварга могой мэтсийн хор хөнөөлтэй амьтад нуугдан байх ч болов уу гэх таамаг хийгээд нууцлаг айдсыг төрүүлдэг байж билээ. Нагац ах бид хоёр нэгэн үдэд адуун сүргийн бараа хайж, зуны халуун наранд эгээгийнхээ хавьд мансууран унтдаг нялх унага уургалахын бахад хөтлөгдөн аав ээжийн анхааралгүйг далимдуулан нарийлаг хийцтэй өндөр уургыг нь сэмээр авч чирэн дээр нь бас алаг даага туух мод бялуу мэтсийг төхөөрч манай зуслангаас зүүн хойно ойрхонд байх хөндөлдөн суналзсан том хар эргийн оройгоор мацаж алаг хараацайн үүр бөвөөлжийн зулзага  хэмээн эрин анзаарч явтал гэнэт эргийн сүүдэр байх дэвүүрийн чинээ хар юм анхааралд тусав. Нагац ах юу болсныг нь дэмий л нарийлаг анзаарсан ч үгүй уургаараа шав гэтэл гуядахад өнөөх хар юм түдхэн зуур илүү өндөр эргийн ханыг наалдан гулбалзан гарч ирээд толгойгоо эргээс дээш тохой илүү цоролзуулж, мангир шиг өргөн хавтгай хоёр салаат урт хар хэлээ жилбалзуулан манусыг ажиглахад түүний толгой бараг том хүний нудраагаас ч томхон бөгөөд хүзүүний хэсгийн тохой илүү урт байранд улаан ногоон өнгийн ноён шишний мөхлөг чинээ толбууд ялгарах бөгөөд түүнээс эрдэнэ чандманийн шигтгээ мэт хүйтэн гэрэл харван ойж гялалзах ажээ! Түүний цээжин биеэс дооших хэсэг нь үхэр тэрэгний арлын үзүүрийн хир бүдүүн байж, эргийг мацан гарч ирсэн ч эргийн доор багларалдсан сүүлийн хэсэг нь мөн л харлан харагдахлаар энэхүү могойн хэдий урт гэдгийг төсөөлөн эс чадна билээ. Бид хоёр хүн болсон цагаас хойш иймэрхүү зүрх долгисож элэг хавталзам аймшигт амьтантай анх харгаж байгаа болохоор сүнс зайлтал айн гэлмэгдэж амь тэмцэн дутааж билээ. Аварга могой мануусын хойноос нэхэмжлэн дайрсангүй гэдгийг саарал мэдрэхүйн цахилгаан зөн минь дохилон хэлж байлаа… Сандарсан бид хоёр байсан чадлаараа урагшаа шунгачин унан тусан дутаахад манай ард “тард, тард” гэх сонин зэвүүн дуу авиа сонсдож чухам могойн ямар эрхтэнээс нь гарч байх дуу болохыг эргэн харахын тэнхээ ч байсангүй. Чацга алтадлаа айсан бид хоёр өнөөх учралаа гэрийн хүмүүстээ тоочин хэлэхэд ахмадууд минь дэлбэ уурлаж, үхэр ташуур алга боов хоёроос эсэл нэгийг нь шагнаж алдаад “тэр чинь аварга могой юм шүү”, хоёр нүдний хоорондох зай нь нэг л ямх байхад хүрвэл хүнийг сорж дийлдэг гэж билээ. Алиа айдангуйдаа хоёр их хэрэг татах шахжээ гэсэнд бид хоёр сүнс завхартал эмээн дагжиж билээ! Хэлэхүеэ хүний саарал мэдрэмжийн хурдац гэж юутай сонин билээ? Зөвхөн тэрхүү өчүүхэн хором өчүүхэн хоромд л шүү дээ, өнөөх амьтны дүр төлөв тархины минь бор давхаргад тийм л нарийн тодорхой зураглагдаж хоцорч билээ.

Нутгийн минь харьяанд дал наяар идэшлэн бэлчих зээрийн сүрэг, тав тулаагаар наадалцан гүйлдэх хулгар саарал чино араатны оршин орогнол, үржил төлжил нь нутаг усны минь уудам багтаамж хийгээд гүн буйд аглаг нууцгайг нэгэнт тодорхой илтгэн харуулж байсан гэрч болох юм. Ялангуяа үнэг, хярс, зэрлэг гахай, шилүүс, мангис илбэнх, туулай, гургуул зэрэг нь хаа сайгүй тааралддаг байсан билээ. Бор туулай айлын шивээнд хоноглох, сүрэг гургуул салхин шивээгийн нөмөр идээшлэх, голд ус ууж гэдэс нь тэнийн гүйж чадахаа больсон сандуугаар гохдож авсан зэрэг нь тухайн үеэс хүмүүсийн дунд дэмий л гайхмаар сонин явдал биш байсан юм. Мөн нэлгэр балар өвс хулснаас нисэж гарсан гургуулын сүрэг хүмүүсээс үргэн нисэж цаад оройд буудаллахад нэгэн том ухааг өвч шаранхуй өнгөтэй болгодог байжээ. Миний аав бол хавь дөхөмдөө нэртэй бууч, анчин юм. Тэрбээр өвлийн сэлүү цагт атар байгалийн эх баялгийг түшиж айл өрхөө өөд татаж явах хэмээн ан араатан агнаж хүн бүл олон мануусын идэж уухаас шаналж цагаалах өмсөж зүүх, амьдрал ахуйн ирэлтийг гүйцэлдүүлж байсан юмсан.

Тухайн үесийн хурал цуглаанаар умдаасаж байсан өвлийн урт шөнийн улс төрийн ярилцлагын өмнө хойнох чавхдлага хөгжим бол ав агналын хөгжөөнтэй зоог байсан юм. Тэр нь миний балчир нялх сэтгэлийн ертөнцийг дүрэлзүүлсэн гойд сайхан хүслэн байсан сан. Одоо түүнийг эрэгцүүлэн дэлгэхэд хүрвэл үнэхээр ямар ч алдарт ном зохилоос доордохгүй дурыг булаам сонсвортой гэж би эрхий гарган бахархан хэлэх дуртай. Учир нь хөдөөгийн хар хүү миний бие ч мөн нэрт анчны нэг шүү дээ. Миний нутагт хашир гарамгай анчид олон байсан юм. Зарим нь хошуу алс дэмжигдэн харь холын газар нутагт алдар дуурсан бахархан шагшигдаж явжээ. Тэдгээр хүмүүс уул жалгаас босож гарсан үнэгэний орон байраар нь эрэгчин эмэгчнийг нь тодолж, мөрийг нь үзсээр хурдцыг нь барагцаалан мэдэж дийлдэг юм билээ. Энэ бол гүн нарийн ан агналын ухаан юм. Хэдийгээр ямар нэгэн судалгааны төрөлд байр эзлэхгүй боловч нусаа чирсэн номой зутруу хүмүүсийн аван эзэмшиж чадах учир биш юм шүү дээ. Одоо эдгээрийг өгүүлэн тоочиход хүрвэл итгэж мэдрэх хүн маш цөөн болсныг би тов тодорхой мэднэ. Даяарчлалаар салхилсан өнөөгийн эринд манай үндэстний ав агналын гялалзсан соёл минь нэгэнт түүхт үүргээ биелүүлж дахин буцашгүй замхран оджээ. Тиймэрхүү агт хүлэг авын тайга, байгалийн аглаг ан амьтны орогнолыг хэзээд олж харахгүй болжээ… Гэвч тэр бол өвөг дээдсийн минь боловсруулан гаргасан аль эртний цариг дайны бодлогоос улбаатай, харалтат этгээдээ хурц шаламгайгаар хоморголон устгах суу ухааны нэгэн хэсэг болох юм. Тэр л онцгой ур ухаан нь монголчуудын нэр төрийг даян дэлхийн хараанд өргөж бишрүүлж явсан юм. Дайны бодлогоор бусдаас дэвэгсэд нь нөгөө этгээдээ ялдагтай ижил ухааны харьяанд тооцогдох ёс буюу. Миний хэлэх өнгөрүү хэтрүүлсэнгүй биз? Нүдээ аниад тунгаан бодох юм бол энэхүү хүрээнд багадах нь тодорхой болох байх даа? Энэ бол монголчууд бидний өвөг дээдсийн минь мэнд үлдээн хоцоргосон мэргэн цэцэн ухаан бодлогын нэгэн хэсэг юм билээ гэж таньж мэдрэх бол ой танилтын хүрээний нэгэн их үсэрэнгүй гүнзгийрэл шүү дээ. Битгий хөнгөвчлөөрэй гэж би таанууст сануулъя хүмүүс ээ! Тэдгээр хүлөг морьдод эрэмгий, анийн ухаанд цагаарагсад бол миний шүтээнчлэн бахархдаг нэгэн үеийн авьяас билэгт, ой ухаантнууд болох ажээ! Хойшдоо тийм хүмүүс гарах эсэхийг зориглон хэлж эс чадах билээ. Учир нь тэрхүү орчин тойрон нэгэнт манай хажуугаас балран устжээ. Эрэлхэг баатарлаг цэцэн мэргэн монголчуудын цөс золбоо ур тамирыг биедээ авч төрсөн, хар бор ажилд эрчим шуурамгай, ороо босгоо он жилийн дарамт тоосныг ажиггүй туулж ирсэн шандас хатуу шилдэг хүмүүс хэмээн шагширнам тэднүүсийг би. Тэдний бие дээрээс миний ой тойндоо шингээн авсан олзорхох зүйл нээрэн бага бус байх сан гэмээн омогшном …

Зун болсоор л зуслангийн амьдрал эхэлдэг, нутгийн хүмүүс минь түүнийг зусаалд гарна гэж хэлдэг. Тэр нь нэг ёсны жаргал байсан ч болов уу? Хүмүүсийн царай баяр баясгалангаар бялхдаг байсан юм. Голын гүвээ дагаж доворхог газрыг барин төрөл саднаараа нэг дугараг болж бүрэлдээд хаяа даралцан буулалцаж маш олон монгол гэр буюу өвөн гэрүүд жигдрэлцэн, зуны илчит нарныг хоймортоо аргадаж, өрөм тосны шандуун, хурууд бяслагийн хүч шим, таана мангир, арвай тэмээх (тэмээн хөх)-ийн цэвэр энергиэр тэжээл нөхөж, мал сүрэг хэмээн яаралдан бужигналдаж чөлөө завгүй байдаг. Хэдэн өдөр л алслахгүй хурын үүлэс харлан натайж догшин бороон аянга цахилгаан хамсарч, гэрийн минь дээвэр бүрээсээр найрал хөгжмийн утас болгож, эцэг тэнгэрээс соёрхсон симфони хөгжмийн цутгалам яруу аялгуу нь байгаль ахуй амьтан голтны амаржин тайтгарахын хангал оргилд хүргэн чадаад, эрчлэг жавхаалаг товшуурдах хөг айзам нь дахин нот сольж гэмээр намжрахын хэлбэрт шилжин тэнгэрийн хаяа ярагдан цэлмэхүеэ мянган бараад хараа тэнийж байгаль дэлхий шинэ зүснээр хувирсан болж өөрдөх билээ. Зуслангийн минь хажуухнаар агсамнан хөөсрөх хахрын гол бурзант урсгалаар урваж хөрвөн хүн амьтан гатлахуйяа бэрх болоод, тал хөндийн багтан ядсан үерийн усан голын аралтай нийлэн нэлэлзэж улмаар түүний хэвлийг далан ид нэмж, догшин давалгаан хаялан хүрчигнэн архирсаар алсыг зорино! Голын зүүн эрэгт зусаж байгаа бид зарим үес иймэрхүү догшин үер бороонд тохиолдохлоор голын баруунд гарч бургас модны ажил буюу мал үхрийн эрэлд явсан дотно хүмүүсийнхээ хойноос санаашран зовж битгий л гэнэн хуумгайгаар гол гатлан ирэх болуузай гэж даатган шившиж суудаг ч билээ. Гал усны аюул гэгч нүдгүй гэж настайчууд минь үргэлж мэнд сургаал сэрэмж сонсгодог байж билээ …

Гол цөөрмийг дагаж галуу шувуу алаглаж, шөнийн хөшиг юу бүхнийг залгиж нам жим болохуйяа жирхийн донгодохын хувь заяанд хөглөсөн шувуудын дуун эх байгалиа өлгийдөн бүүвэйлж, уянга яруу дуу эгшгийн хүчээрээ харанхуй шөнийн эрээн хөнжлийг сэмрүүлэн урахад тэнгэрийн гүвээ зүг хурдлан шургацсан бараан хөшиг удаж түдэлгүй замхарч шинэ нэгэн өдөр эхэлнэ. Амь амьдралын их хүрдэн дээр нуталсан байгаль ахуйн эснил бадралын халуун амьсгаа буюу дүрэлзэн солонгорсон гойд зураг байсан ч болов уу даа. Намайг бага байхад нутагт минь “нарны дотор нарсан мод хө, намааг нь тоолбол наян түм өө хө. Сарны дотор зандан мод хө, салааг нь тоолбол саян түм өө хө” гэх дуу дуулагдаж байж билээ. Хэдийгээр тус дуу бөхийн тухай учирлан дуулсан гэдгийг тод мэдэх боловч энэхүү дууны доторх нарны доторх наян түмэн намаатай мод болон сарны доторх сая түмэн салаатай мод гэх үгийг би нутгийнхаа нэртэй холбон бодож миний нутаг Бүдүүнхуа гэгч даруй тэр орчлонгийн хамгийн сайхан мод нь мөн ажээ хэмээж тэрхүү модны лүглэгэр том бие хийгээд тэдгээр олон салаа намаанаас өнө үүрд шижир алтан гэрэл сацран гялалзах мэт санагддаг юм билээ…

Зуслангийн амьдрал удаж түдэлгүй өнгөрч, суурьшил зүгээ бужигнан өвс хадах ажил эхэлнэ. Тус орондоо хамгийн баян гэх манай бага бригадын малын тоо толгой 10 мянгыг давж, зөвхөн адуу мянга гарч байсан юм. Мал сүргээ тарган тансаг авч явна гэж малчид минь уул овоо шиг өвс нөөцөлж, алсаас харахад айл бүхний гадна өвсөн уулс нүүдэллэн ирсэн шиг санагдуулдаг. Цөм л хахрын голын хоёр гүвээ дагаж, бард (элдэн бардан гэх агуулгатай гэж настнууд хэлдэг)-ын зо-гийн уудам элбэг согоо нуруудаас ивээн соёрхсон эх байгалийн сав шимийн талст болох юм. Чингэхлээр энэхүү мөнхийн шимийг ундруулан хадгалсан эх нутгийн байгаль дэлхий хичнээн эрхэмсэг, хайрлалтай, бахархалтай ажээ. Малын биеэр дэмжигдэн ирсэн мах сүү буюу шуудаар хүрэлцсэн байгалийн ариун нандин ааг шимээр хүн зон минь уул усныг өргөмөөр чадал дорвитой, хөлөг морьд минь огторгуйд дүүлэн нисэх хурдан байсан нь үүнээс л эхтэй юм гэдэгт бүх хариулт төвлөрөх биз.

Хүйтэн намрын цасан шамарга эхлэн хаялж, цагаан мөнгөн дээлээ дэлхий хэтрэхэд миний нутагт мяралзан тодрох нэгэн гоё зураг байдгийг хэн бодож олох билээ? Дараа нь даруй туулайн жим байгаа юм. Цаст өдрүүдийн туулайн жим бараг л гэрийн үүднээс гэмээр зурайн эхэлж, бут сөөг дамжин, говь жалгыг туулж, өтгөн зузаан өвс гялганыг гатлан аль балар бартаа бэрхийг барьж уул нуруу тэгш салбарлан, явган хүн байтугай, морьтой хүн, цаашлан жигүүртэн шувуу ч хэт өчүүхэн жижиг туулай гэдэг амьтны нааш цааш зорчих зам болох жимийнхэн цаад үзүүр чухам хаана байхыг мэдэж эс чаднам. Тэр жимээр хэчнээн мянган туулай гүйснийг нь тоолж эс дийлнэм! Тэр нь миний нутгийн элгэн дээрх байгаль эхийн зүрхэн тольтоос лугшин асгарсан гэгээмсэг долгион, гэрэлт цуснаас нь ойн цацарсан тор хэлхээ биш гэж үү?

Нэгэн шинжилгээ судалгааны зохиолд бичигдэснээр газрын бөмбөрцөг дээрээс мэлхий хийгээд туулай устахад хүрвэл тэр нь лавтайяа бүхий л хүн төрлөхтнийг хөмрөн сүрдүүлэх гай гамшгийн сураг дохио байж мэдэх юм гэж хэлснийг би зөвтгөн санаж байна. Туулайн жим гэдэг үгийг хэрсүү суугаагүй хүмүүсээс өөрийн биеэрээ ажиглаж наад захын шинжлэн нягтлалтын сонирхол анхаарал хандуулсангүй эр хар хүнд хүртэл юуны юм болгон үзэх билээ дээ? Тэр нь юу вэ? гэж гэдрэг асууж мэдэх юм. Тэр  бол байгаль ахуйн хамгийн нарийлаг торгон эрүүл саруул мэдрэлийн соргог систем биш гэж үү. Миний хэлэхийг үнэмшихгүй юу? Ой билгээ урайлан хөвчилж цаашдаа сэтгэн бодолхийлэлтэдшилжиж чинээгээрээ бясалган тунгаасан миний үзэлт зөв болох болоосой гэж би хүснэм! Хялбар дөт сэрлийн ойлголтоосоо гүн гүнзгий оюуны танилтад хүрч чадах явц бол тийм хялбархан биш гэдгийг мэдрэхгүй байж хэрхэн болох билээ.

Од энэхүү байгаль орчны бүрэн бүтэн судас нэвтрэлт нэгэнт тамтаг болтол эвдэгдэн сүйтгэгдэж, тэрхүү сайхан өнгө үзэмж нь өнө мөнхийн дурдатгал болон нэгэн үеийн хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлэн хоцорчээ. Нутагт минь хаа сайгүй тариан газар үргэлжлэн, байгаль эхийнхээ ивээн хайрласан зузаан бут сөөг, сахлаг шимт бэлчээр хөрсөн давхаргаас арчигдан устаад улаан ногоон өнгөөр дээвэрлэсэн гэр байшингууд малын минь бэлчээрт энд тэндгүй шинээр босож, нутаг усны минь ихэнх хэсэг нь гадна орны иргэд мөнгөний тулмуудын хар гарт эзэмшигдэн өмчлөгджээ. Хур тунадас хэдий буусан, салхин жаварт дайрагдсан эсэхийг үргэлж асуун санааширдаг би, нүд өргөн тэрхэн өдрийн үзэмжит сайхан уул усаа ажиглахуйяа үг хэлээр илтгэж чадашгүй харамсал багтралаар зүсэгдэн шархлах ажээ! Баялаг сайхан Бүдүүнхуа минь уянга зүрхний гандирсан билээ…

Зохиогч: М.Хасбаатар
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл