solongonews
Тал нутгийн торгон хоолойт дуучин
2019-06-14 15:49
Тал нутгийн торгон хоолойт дуучин Оюунбуилэг

Уртын дууг дэлхий даяар дуулгаж, төр түмний сонорт эгшиглэн уламжилсан малчин түмний хайртай дуучин Оюунбилэгийн тухай хүргэж байна.

Улсын нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлч болсон малчин хүү

- Миний дүү наашаа ир, энэ дууны хоёрдугаар бадаг нь юу билээ ? гэж хурга хариулан яваа эгч дүү хоёр бие биеэсээ асууна. “Солгойрч дуулаад…” гэж загнуулж байснаа ор тас мартаад хөөрхөн хоолойгоор хоёрдугаар бадгийг нь зөв сайхан дуулж өглөө.

Энэ явдал 60-аад оных. Энэ хөөрхөн бор хүү бол Оюунбилэг. Солгойрч дуулаад эгчээрээ загнуулж байсан хөдөөний бор жаал хожим нь улсын нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлч болж, уртын дууны уламжлагч болно гэж хэний ч санаанд ороогүй. Оюунбилэг Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Гэрэлт сумын уугуул.

Нагац аав нь сайхан дуулдаг хүн байснаас нутгийн буурлууд нь “удмаа дуурайвал дуучин болно” гэж ярьдаг нь Оюунбилэгт дуу шиг сонсголтой санагдаж байсан бөгөөд дууны үгийг харин бүрэн тогтоодог онцгой авьяастай байв.

60-70-аад оны үед нийгмийн шалтгаанаас Оюунбилэг сургуульд суух боломж олдсонгүй. 1976 онд болсон Сөнид баруун хошууны Жавхлант нэгдлийн ардын их найр наадамд гуйж байж дуулаад олны магтаал таашаалыг ихэд хүртсэн цагаас хойш Оюунбилэг “урлагийн сургуульд заавал явна” гэж зориг шийдэн, тэр жилдээ аз тохиолоор Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн урлагийн салбарын ангид шалгуулан оржээ. Сургуульд байх хугацаандаа монгол уртын дуу сурч, сургуулиа дүүргээд сургууль, цагдаагийн газар ажиллаж байгаад 1980 оноос тэтгэвэрт гартлаа Улаанцав хотын Үндэстний дуу бүжгийн газарт ажилласан юм.

1982 онд Оюунбилэг Өвөр Монголын Радио хороонд 7 дуу шингээн дуулснаар дуунууд нь монголчуудын сэтгэлд хоногшиж, “Оюунбилэгтэй радио авна” хэмээдэг байжээ. “Ээжийн минь амрыг эрээрэй”, “Малчин миний жаргал”, “Дуу шиг сайхан нутаг”, “Миний нутгийн бараа” зэрэг олон олон ая дуугаараа сонсогч олныхоо  сонорыг мялааж явсан юм. Тэрээр ардынхаа дунд “Торгон хоолойт дуучин” , “Малчин түмний хайртай дуучин” гэсэн сайхан алдартай.

- Төрж өссөн цагаасаа өнөөг хүртэл би малын захад амьдарч эмнэг догшин сургаж, жолоо цулбуур атган, адуу тэмээ хариулан, арьс шир элдэж, аргал түлш ойртуулж малчин хүний хийдэг ажил бүхнийг хийж байж л хүн болсон. Малчин болсон, дуучин болсон. Миний дуу яагаад одоог хүртэл ард түмний дунд дэлгэрсэн хэвээр байгаа нь надад дуулах удам залгасан авьяас билгээс гадна малчин амьдрал маань нөлөөлсөн гэж би боддог. Монгол дуу дуулъя, монгол дуучин болъё л гэвэл монгол амьдралыг сайн мэдсэн байх ёстой. Одоо бид энэ амьдралаасаа даанч холдож явснаар хэлж сурсан хэдэн үгээ ч зарим нэг нь сайн хэлж чадахаа больжээ. Ингээд бодохоор би 2007 онд өөрийн төрсөн нутаг Сөнид баруун хошуундаа буцаж, мал хариулан малчин ардтайгаа цуг бараа бараагаа харж, хаяа хаяагаа дэрлэн сууж байгаа нь энэ гэж тэрээр ярьсан юм.

Монгол уртын дууны уламжлагч болов

1984 онд Улаанбаатар хотын Дуу бүжгийн чуулгын дуучид хөгжимчид Хятад, Монголын нөхөрсөг харилцааны тоглолтоор Улаанцав хотод тоглолт хийх үеэр Монгол Улсын Гавьяат дуучин Т.Самбуу, уртын дуучин Сарантуяа нараас Оюунбилэгийг “Сайхан торгон хоолойтой дуучин байна” хэмээн өндрөөр үнэлж байсан удаатай.

Оюунбилэг дуучин маань ажилд гарсан цагаасаа одоог хүртэл 100 гаруй дуу шингээн дуулж, “Миний нутгийн бараа”, “Болормаа”, “Алгирмаа” зэрэг 10-аад соронзон хальс, “Нутгийн шар зам”, “Бүргэдийн дуулал”, “Номгон уулын бараа” зэрэг CD цомог, “Дуу шиг сайхан нутаг”, “Дуучиндаа өргөх дуу” зэрэг DVD бичлэг гаргаж олон түмний хайр хүндэтгэлийг олсоор иржээ. Одоогоор Оюунбилэг Хятад улсын үндэстний цөөнхийн дуу хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн, Улаанцав хотын уртын дууны урлагчдын нийгэмлэгийн байнгын дэд тэргүүлэг зэрэг үүрэг тушаалтай яваа юм.

Хятад улс ба улсын гадаадын 1000 гаруй удаагийн том хэмжээний уран сайхны тогтолтод оролцож, өвөрмөц дуу хоолойгоороо түмний сонорыг мялааж, маш олон яруу алдрыг хүртжээ. 1985 онд Хятад улсын хэсэг муж хот өөртөө засах орны үндэстний цөөнхийн залуучуудын дууны уралдаанд “Мөнгөн цэгцүүхэй” шагнал хүртэж, 2004 онд Монгол Улсад болсон Олон улсын уртын дууны тэмцээнд алтан медаль хүртсэнээр ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн уртын дууны уламжлагчаар шалгарсан байна. Үүний зэрэгцээ 100 гаруй шавь хүмүүжүүлжээ.

Дуучдын сүлд хийморийн овоог босгов

2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Оюунбилэг Эрээн хотын Гэрэлт-Од сумын Толь багт “Наран саран хайрхан” уулын энгэрт “Дуучдын сүлд хийморийн овоог босгов.

- Тайлагч болсон алдарт дуучин Буяндэлгэр багш маань төрсөн нутагтаа дуучны овоо босгон тахиж байсан. Алдарт дуучин Лхаасүрэн төрсөн нутагтаа дуучдын ой ойжуулан ногооруулж байна. Би Өвөр Монголын дуучдын гуравдугаар үеийн төлөөлөгчийн нэг болсны хувьд дуучдын сүлд овоо босгож, үндэстний өв соёл, монгол дуу урлагаа уламжлан залгамжилж хөгжүүлэн, дуу урлагаа залгамжилж яваа дүү нартаа үеийн үедээ сүлд овоогоо тахиж явахыг хүснэ гэж байлаа.

Дуучдын сүлд хийморийн овоог босгох гэж Оюубилэг Монгол Улсаас есөн шарга морины дэл цуглуулан, эзэн Чингисийн онгоноос есөн цагаан сүлд залж, дуучдын сүлд хийморийн овоогоо тахисан ажээ.

Зохиогч: Нийтлэл: Урантана
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл