solongonews
Авдар
2017-09-11 15:14
Луу гарди арслан барын зурагтай, үүл алх өлзий мөнгөн хээтэй улаан эрээн авдрууд монгол гэрт чимэглэл болон налайдаг.

Авдар гэж аль байсан үнэтэй зүйлээ хийж оньс тааруулан нандигнаж хямгаддаг хэрэгсэл ажээ. Авдар гэдэг монгол гэртэй айлд ороход л нүдэнд тусдаг эдлэл хэрэгслийн нэг билээ. 60, 70-аад онд авдар нь айл өрхийн баян чинээлэг байдлыг харуулдаг байсан гэхэд илүүдэхгүй. 

Намайг бага байхад манайд том улаан эрээн авдар байсан. Дээр нь гарди шувууны зурагтай байснаа сүүлд нь барын зургаар сольсон. Энэхүү авдрын түлхүүр ээжийн гарт байдаг. Том болтлоо дотор нь юу байдгийг их лсонирхдог. Хаяа аав ээжээс түлхүүрийг нь авч бөсөнд багласан зоосноос авах буюу ээж ээмэг заслаа энэ авдраас уудлан гаргаж зүүдэг байсан юм. Үүнээс гадна хол ойрын гийчин зочин ирвэл дотроос нь хоргой торго гаргаж бэлэглэдэг удаа ч бий.

Чөлөөлөхөөс өмнө цөөхөн баяд ноёдыг гаргавал баргийн айлд авдар харагддаггүй. Баяд ноёдын авдар гэдэг луу гарди бүжиглүүлсэн сүртэй сайхан урлаж чимсэн том том авдрууд байхад, эгэл харц айлын авдар будаж, урлаж зураагүй модон авдар голтой байдаг. Цаг төр амар түвшин болж, ардын амьдрал сайжирсныг авдраас нь хараад мэдэж болно. Идэхдээ зөвгүй байсан ардууд юуны үнэтэй зүйлээ авдартаа хийх билээ! Харин ардын амьдрал сайжирч, идэж өмсөх асуудлаа шийдэж, илүү гарсан зоос мөнгө, бөс торго, шүр сувдаа авдартаа хийж эрхэмлэж нандигнах болсон байна. 70 жилийн өмнө саяхан чөлөөлөгдсөн Өвөр Монголын ард түмэнд одоогийн энэхүү амьдрал бодол зүүдэнд байгаагүй.

- Өнөөгийнх шиг идэх өмсөх элбэг дэлбэг, тоосгон байшинд сууж, машинтай давхиж явна гэж зүүдэлж ч байсангүй. Намын сайн, ёстой нараа дагавал даарахгүй, намаа дагавал буруутахгүй хэмээн сурвалжилга өгч байсан ахмад үргэлж ярьж байв.

1946 онд мал аж ахуйн оронд нэг том хониор нэг л хэвийн цай сольдог байжээ. Чөлөөлөгдөхийн эхний үед тарга сайтай үхэр нь 228 тохой цагаан бөс буюу 77 жин чихрийн үнэтэй тэнцэж, 1979 он болоход 663 тохой цагаан бөс буюу 222 жин чихрийн үнэтэй тэнцжээ. Одоо тарга сайтай үхэр 7000-8000 юань хүрсэн байна. 1947 онд мал аж ахуйн орон ба бэлчээрийн мал аж ахуй нь Өвөр Монголын нийгэм аж ахуйн маш том харьцааг эзэлж, мал аж ахуйн талбай нь Өвөр Монголын нутаг дэвсгэрийн ерөнхий талбайн 60 хувиас илүүг эзэлж, малын тоо толгой 9210 мянгад хүрч байжээ. Тухайн үеийн Өвөр Монголын үйлдвэрлэлийн арга маяг дан цул, тэнгэрийн царайг харж мал аж ахуй үйлдвэрлэл явуулж, суурь бүтээн байгуулалт маш тааруу байв. Ийм болохоор хүнд хэцүү байгалийн гамшиг зуд тохиолдвол мал их сүйрдэг. 1977 онд болсон түүхэнд ховор тохиолдох цагаан зуднаар Өвөр Монголд 4600 мянган мал хорогдож, Шилийнгол аймгийн малын тоо толгойн 40 хувь нь хорогдсон байна. Үүнээс гадна ган болж, таримал ургамал сүйрсэн явдал ч удаа дараалан үүсэж байна. Үүнээс болж малчин тариачид мал аж ахуй тариалангийн орчин үеийн замыг эрэлхийлэн сүвэгчилж, суурь бүтээн байгуулалтаа бүрэн болгож, автомат, шинжилгээ мэргэжлээ дээшлүүлжээ. 2015 онд Өвөр Монголын тариалан мал аж ахуйн автоматжуулсан ерөнхий түвшин  81.4 хувьд хүрсэн байна. Тариалан мал аж ахуйн автоматжуулалтын түвшин дээшилснээс болж хөдөлмөр хүч гадагш гарч ондоо төрлийн ажил үйлс эрхэлж амьдралаа өөд татах болсон байна. Үүнээс гадна тариалан мал аж ахуйн хоршоо Өвөр Монгол даяар өрнөж, малчин тариачид хүний хүч буюу нутаг бэлчээрээ хуваарилан, хамтдаа ашиг хүртэх замаар замнасан байна.

Үүнээс гадна сүүлийн жилээс малчин тариачдын төрийн бодлогын чанартай орлого их нэмэгджээ. Хөдөө тосгоны ам будааны нөхвөр, шилдэг тарианы үрийн нөхвөр, тариалангийн машин тоног худалдан авах нөхвөр, тал нутгийн байгаль орчны шагнал нөхвөр, сайн үүлдрийн үрийн малын нөхвөр зэрэг олон төрлийн нөхвөр буулгаж, малчин тариачдын амьдрал үйлдвэрлэлд маш их тус дэмжлэг болсон байна. 

1947 оны үеэс Өвөр Монголын малчин тариачдын хүн дунджийн цэвэр орлого хэдэн аравхан юань байж, 1983 онд 294 юань болж, 2006 онд 3342 юань болон нэмэгдэж, 2016 онд малчин тариачдын хүн дунджийн эзэмшиж болох орлого 11609 юаньд хүрсэн байна. Одоо хөдөө тосгон мал аж ахуй тариалах орноор хэдэн арван түмэн юаньтай, цаашлаад хэдэн зуун түмэн юаньтай өрх ч олон болсон байдаг.

80, 90-ээд оны үед ардын амьдрал одоогийнх шиг чинээлэг байгаагүй. Айл гэрт нь гийчин зочин ирвэл заримдаа хөрш саахалтаасаа аяга сав зээлдэг тохиолдол цөөнгүй байв. Харин одоо ёстой “айлаас эрэхээр, авдраасаа эр” гэгч болж, ардын амьдрал сайжирч, авдар дүүрэн алт мөнгөтэй болсон байна.

Зохиогч: Баярцэнгэл
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл