solongonews
Ганзагын наймаачин Бадамжав
2016-11-17 11:07
Унадаг дугуйтай ганзагын наймаачин Бадамжав

Наймын уулын бэл, нартын талын дэнж, хонин булгийн гүвээ, хоньчин сүмийн урдуур Баянбулаг, Булгантухай, Ихнуур, Үнэнбат зэрэг нутаг усны хоорондуур нэг залуу наяад оны сүүлээс унадаг дугуйтай ургах улаан нарыг угтан, унах шар нарыг жаргуулан жирвэлзэж явсаар өнөөдөр гурван дугуйтай татуулна. Шулуунхөвөөт цагаан хошууны Булгантухай сумын Зул багаар нутагтай энэ эрийг Бадамжав гэдэг. Тэрээр 1989 оноос эхлэн ганзагын наймааны замыг хоёр сагс дүүжилсэн унадаг дугуйгаар эхлүүлсэн гэдэг.

— Тухайн үед миний нас залуу, дөнгөж айл болоод байсан болохоор ашиг орлого, аж амьдралаар тиймхэн. Анх унадаг дугуйгаа зайдлан жаахан наймай шоомай хийсэн минь их түүхтэйн дээр хөөрхий байжээ гэж Бадамжав энэ бүхнээ эргэцүүлэн ярихдаа нүд нь жартайж байлаа.

— Олбоггүй бол суухгүй, олзгүй бол явахгүй гэдэг биш үү. Ерөнхийд нь хэлбэл олзоор бас муугүй, зарим өдөр тав гурав, зарим өдөр тавь жаран юань. Дуслыг хураавал далай болдог юм хойно яваандаа  ялаа гээд зүгээр сууснаас дээр гэж ярьж байв.

Тийм ээ. Захын арилжаа хөгжсөн өнөөдөр манай хот хөдөөгийн хүмүүсийн дотор ажлаа “барын толгойгоор эхлүүлэн могойн сүүлээр төсгөсөн” түүх хэчнээн олон байдаг билээ. Гэхдээ наймаачин эр Бадамжав арай л өөр байсан. Тэр анх хагас сар шахам арьс шир борлуулж явлаа. Ашгаар аанай мөртөө алдах шинж их. Юутай ч үүнийгээ зориг шантралгүй хийж чухам ямар наймаа хийвэл болох тухай байдлыг ажиж явжээ. Их наймаа санаа байгаад унаа хүрэхгүй нь мэдээж. Харин хүмүүсийн өдөр тутмын жижиг сажиг хэрэглээний эд бодис, идээ ундааг худалдвал зүгээр санагдаж, бага зүйлээс яваандаа их ашиг хүртэж болохыг мэджээ. Ингээд тэр тамхи, давс хужир, алим жимс, архи боов боорцог худалдах буюу цаас, арьс зэрэг хаягдмал зүйлээр сольж арилжаалж, буцах замдаа пивоны шил худалдан авдаг байжээ.

Нэг удаа Бадамжав бүтэн өдөр шахам тоос татуулан давхиулаад сохор зоос ч олоогүйдээ бухимдан, үйлээ үзэж, үсээ тоолсон ажлыг хийхээ болих талаар боджээ. Гэвч амьдрахын эрхэнд ямар нэгэн ажлыг дутуу орхиж болохгүй гэсэн хатуу зоригийг барьж маргааш нь бас мордлоо. Харин санаж байснаас өөрөөр хагас өдөрт 60 юань олж омогшив. Арилжаа наймаа гэдэг чинь ийм л давалгааны хэлбэртэй гэдгийг ойлгон зоригжлоо. Түүний ганзагын наймааны зам дахь ядарч зүдэрсэн хоол нойргүй өдөр хоногуудын хүнд бэрх нь арилах шиг боллоо. Олон жилийн уртыг нэг өдөр мэт баримталсаар өнөөдөрт хүрчээ.

Оргилд гарах омог, хүч зориг аливаа учир явдал бүтэх л тавилантай. Бадамжавын ганзагын наймаа энэ жилийн одоогийн байдлаар 20 мянга гаруй юанийн цэвэр орлого олж, айл гэр, аж амьдралдаа чамлахааргүй орлого болж явна.

Зохиогч: Д.Далай
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл