
1980 онд суурь аялгуу, төв авиаг тогтоож ӨМӨЗО-ы монгол хэл бичгийн ажлын зөвлөлөөс Баяннуур хотод анх удаа найман муж орны төв авианы нэвтрүүлэгчийн сургалт зохион байгуулж, Хятад улсын Олон улсын радиогийн нэвтрүүлэгч Бурам, Төвийн радиогийн нэвтрүүлэгч Балдан-Очир, Өвөр Монголын радиогийн нэвтрүүлэгч Лувсандорж зэрэг багш нар оролцож төв авианы тал дээр хичээл сургалт явуулсан байна.
Энэ сургалтад Өвөр Монголын радиогоос Шилийнгол аймгийн Авга хошуу нутагтай нэвтрүүлэгч Шилэнчимэгийг оролцуулснаар түүнд төв авиаг суралцах аз тохиол болсон юм. Түүнээс хойш тэрээр радио телевизийн нэвтрүүлэгтээ төв авиагаар ярьж нэвтрүүлэх, бодит ажлын дунд төв авиаг хэрэгжүүлэх, хүмүүсийн үг хэл, үсэг бичгээ хэрэглэх ухамсрыг дээшлүүлэхэд төв авиагаар ярих тал дээр ихээхэн анхаарчээ. Одоог хүртэл ӨМӨЗО-ы монгол хэл бичгийн ажлын зөвлөлөөс зохион байгуулсан төв авианы 300 гаруй удаагийн нэвтрүүлэгч, хөтлөгч, багш, жүжигчний 100 гаруй удаагийн сургалтад оролцон, төв авианы хянагч болж, нийт 5000 гаруй хүнийг биечлэн хүмүүжүүлэв. Басхүү Өвөр Монголын монгол хэлээр хичээллэж байгаа бага сургуулиудын хэл бичгийн сурах хичээлийн номуудыг уншиж бичлэг хийн, монголоор сурч байгаа хүүхдэд бага наснаасаа монгол хэлээ төв авиагаар сурч хэлэхэд хэлний зөв уншлагын “Амьд толь”-ыг бэлтгэж өгсөн юм.


