Хятадын Засгийн газраас Нигерийн Засгийн газарт туслалцаа үзүүлж буй “COVID-19” вакцин 21-ний өдөр Нигерийн нийслэл Ниамей хотод хүрлээ. Нигерийн Ерөнхийлөгч Иссоуф, Ерөнхий сайд Рафини, Нийгмийн эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Бото, Нигер дахь БНХАУ-ын Элчин сайд Жан Лижюнь нар нисэх онгоцны буудалд болсон хүлээлгэн өгөх ёслолд оролцов.
Иссуф хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа Нигерийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Хятадын Засгийн газар, ард түмэнд харамгүй тусламж үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв. Тэрээр “Өмнө нь Нигерийн Засгийн газар олон оронд болон олон улсын түншүүдэд вакцины шаардлагыг дэвшүүлж байсан. Харин Хятад улс Нигерид хариу арга хэмжээ авч, вакцин хангасан дэлхийн анхны улс боллоо. Энэ нь Нигер, Хятадын хооронд ойр, үр ашигтай, эрч хүчээр дүүрэн хамтын ажиллагааны бас нэг жишээ юм. Хөгжиж буй орнуудад вакцин хандивлах нь дархлааны өнөөгийн "цоорхой"-г багасгахад тустай юм. Илүү олон улс орон вакцин олж, хамтран ажиллаж тахал өвчнийг даван туулах ёстой гэж найдаж байна. Нигер вакцинжуулах ажлыг аль болох богино хугацаанд эхлүүлэх болно. Мөн Нигерийн өндөр эрсдэлтэй, эмзэг бүлэгт тарих тарилгыг нэн тэргүүнд тавих болно” гэжээ.
Бото хэлсэн үгэндээ Нигерт тархалтаас хойш асар их хэмжээний тусламж үзүүлж байгаад Хятадын Засгийн газар, аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллагуудад талархал илэрхийлэв. Тэрээр “Энэ удаад Хятад Нигерт дахин тусламж үзүүлж “COVID-19”-ийн вакциныг түргэн шуурхай хангалаа. Энэ нь хоёр орны найрамдлыг илэрхийлж байгаа юм” гэжээ.
Жан Лижюнь хэлсэн үгэндээ “Хятадын Засгийн газар вакцины үйлдвэрлэлийн хязгаарлагдмал хүчин чадал, өөрийн асар их эрэлт хэрэгцээний бэрхшээлийг даван туулж, Нигерт “COVID-19”-ийн вакцины тусламж үзүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ нь Хятад, Нигер хоёрын харилцан анхаарч харилцан туслалцах гүнзгий найрамдлыг бүрэн илэрхийлж байгаа юм. Энэ ээлжийн вакцин Нигерийн талд тахлыг даван туулахад тусалж, Нигерийн ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Энэ сарын 21-ний өдөр Нигерийн Нийгмийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр тухайн өдрийг болтол Нигерт нийт 3918 “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол, нийт 185 нас баралт, нийт 4538 эдгэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
