
АСЕАН-ий 34 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо боллоо. Тайландын Ерөнхий сайд Ба Ю нээлтийн үг хэлэв. АСЕАН-ий орнуудын удирдагчид энэхүү дээд хэмжээний уулзалтаар “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” (RCEP)-ийг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс багтдаг. Анх 1967 онд Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар Тайландын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар тус нийгэмлэгийн суурийг тавьсан байна. Бүс нутагт эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн дэвшил, эдийн засгийн түргэн өсөлт, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийт орнуудын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэхэд АСЕАН-ий гол зорилго нь оршино.
