Бээжин Их Сургуулийн "Шилдэг арван дуучин" шалгаруулах тэмцээнд Урлаг судлалын ухааны магистраар сурч буй Монгол Улсын оюутан Л.Баяржавхлан амжилттай оролцож шилдэг арван дуучны нэгээр шалгарсан байна. 32 дахь жилдээ болж буй тус тэмцээнд нийт 500 гаруй оюутан өрсөлджээ.

Монгол оюутан Л.Баяржавхлан
Л.Баяржавхлан эхний шатанд Монгол ардын дуу “Алсын газрын зэрэглээ”, хоёр дахь шатанд Монгол ардын дуу “Хун галуу”, гурав дахь шатанд “Улаанбаатарын үдэш”, Монгол ардын айзам уртын дуу “Уяхан замбутивийн нар” дуугаар оролцсон. Түүний хувьд бүх шатны шалгаруулалтад Монгол ардын богино, уртын дуугаар хуран цугласан үзэгчдийг байлдан дагуулж, язгуур урлагаа сурталчилсан хэрэг байлаа.

Л.Баяржавхлан
Тэрбээр тэмцээнийхээ талаар “Хүчтэй өрсөлдөгч олон байлаа. Ихэнх оролцогчид дэлхий нийтэд болон Хятад улсад хит болсон үзэгчдийн сайн мэддэг дууг дуулж оролцсон. Миний хувьд зөвхөн Монгол ардын дуугаараа оролцлоо. Би хүмүүсийн сайн мэддэг англи, хятад дуу сураад дуулж болно. Гэхдээ монгол ардын дуугаа дуулсан маань ардын урлаг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөж үлдээх үүрэгтэй соёлын өв тээгчид юм. Тийм болохоор нэг ч гэсэн Монгол дуугаа хүмүүст хүргэхийг л зорьсон. Монгол дуу үнэхээр хэмжээ хязгааргүй “маш том” цар хүрээ утга агуулгатай, Монгол дуунаас Хятадын дуунуудад орж ирсэн санаанууд маш их байдаг гэдгийг шүүгчид онцолж байсан. Хэдийгээр үгийг нь ойлгохгүй ч аялгуугаараа ямар ч хүнд хүрч чаддаг юм байна. Манай үндэсний хувцас үнэхээрийн гайхамшигтай гэдгийг ч мэдэрлээ. Үзэгчдийн сонирхлыг үнэхээр татаж чадаж байна” гэв.
Дашрамд дурдахад, тэрээр 2015 онд Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийг МУАЖ Ш.Чимэдцэеэ багшийн удирдлага дор уртын дууч мэргэжлээр төгссөн. Мөн өнгөрсөн жил Бээжин Их Сургуулийн гадаад оюутнуудын дундах шилдэг арван дуучны нэгээр шалгарч байжээ.
