Зуны бүгчим халуунд хүмүүс олон янзын сэрүүцэх арга хэмжээ авч, сэрүүн тааламжтай болохыг хүсдэг . Гэвч зарим арга нь биеийн эрүүл мэнд, цаашилбал амь насанд аюул хөнөөл учруулдаг тул онцгойлон анхаарах хэрэгтэй.
Хүйтэн идээ ундааг хэтэртэл идэх:
Жишээ нэг: Хятад улсын Үхань хотын Ван овогт эмэгтэй гаднаас хөлсөө асгаруулан гэртээ ормогцоо хагас лонх мөстэй ундаа ууж, дараа нь бас нэг хайрцаг зайрмаг идсэн байна. Гэнэт толгой нь ихэд өвдөж, эмнэлэгт хүрч оношлуулсанд хүйтэн хүнсийг их хэмжээгээр хэрэглэснээс болж мэдрэлд нь сэдэлт өгч толгой нь өвдсөн аж.
Хүйтэн идээ ундааг хэтэртэл идвэл амны хөндийн мэдрэлийн системд сэдэлт өгч, үүний улмаас их тархины мэдрэлийн судалд нөлөөлөн толгой өвтгөдөг. Үүнээс гадна, хүйтэн идээ ундаа нь хүний биеийн ходоодны салст бүрхэвчид гэнэтийн сэдэлт өгч, цусан судалд нөлөөлдөг. Үүний улмаас гэдэс ходоод эвгүйрэх буюу суулгах зэрэг шинж илэрдэг. Ахмад настнууд, нялх хүүхэд, чихрийн шижин өвчтэй хүмүүс болон өөр, зүйлийн удаан чанартай өвчтөн хүйтэн идээ ундаа уухгүй бол сайн.
Ихээр хөлөрсний дараа биеэ угаах
Жишээ хоёр: Жан овогт эрэгтэй оройн гүйлтээ дуусаад хөлс ихээр гарсан болохоор халууцсандаа усанд орсон байна. Гэхдээ тун удалгүй толгой нь эргэж нүд нь эрээлжлэн бүх бие нь тамиргүй болжээ.
Хүн хөдөлгөөн хийж байх үед цусны эргэлт түргэсэн, зүрхэн цохилт хурдсаж, дасгал хөдөлгөөн хийж дууссаны дараа мөн л хэсэг хугацаанд энэ байдал нь үргэлжилдэг. Хэрвээ тэр даруйд нь биеэ угаавал арьс болон булчин маханд урсан орох цус нэмэгдэж, бусад эрхтний цусны хангалт хүрэлцэхгүй байдал үүсдэг. Үүний улмаас толгой эргэж, нүд эрээлжлэн бүх бие тамирдаж, цаашилбал зүрхний өвчин үүсгэж мэднэ. Иймээс хүчтэй хөдөлгөөн хийсэн хүн хөлсөө арчиж хатаасны дараа сая усанд орж болно.
Цонхоо хааж ялаанаас сэргийлэх хүж асаах
Жишээ гурав: Шюй овогт өрөөндөө ялаа батганаас сэргийлэх хүж асаасны дараа цонхоо хааж, агаар тохируулагчаа нээж унтсан байна. Шөнө дундын үед тэрээр ухаан балартах шинж илэрсэн тул хөрш зэргэлдээ айлынх нь хүмүүс мэдмэгц эмнэлэгт хүргэсэн байна. Эмчийн оношилсноор Шюй овогт битүү орчинд ялаанаас сэргийлэх хүж асааснаас болж нүүрстөрөгчийн дан исэлд хордсоныг тодорхойлжээ.
Нягт битүү орчинд агаар тохируулагч нээх нь хүний амьсгалын системд сөрөг нөлөө учруулдаг. Онцгойлон элдэв зүйлийн хүж асааж унтах нь тун хортой.
Тэргээ зогсоогоод агаар тохируулагч нээх
Жишээ дөрөв: Хайнань мужийн Дэн овогт эрэгтэй үдэд машин дотроо агаар тохируулагч нээж цонхоо хаагаад унтсан байна. Хоёр цагийн дараа Дэн овогт машин доторх нүүрстөрөгчийн дан исэлд хордож насан өөд болжээ.
Машинаа зогсоох үед унтраахгүй байх, агаар тохируулагчаа нээх нь маш аюул эрсдэлтэй. Хэрвээ удаан хугацаагаар үргэлжилбэл их хэмжээний нүүрстөрөгчийн дан исэл үүсэж, ихэнх нь хагас цагаас дээш болбол машин доторх нүүрстөрөгчийн дан исэл нь хүний биед хор учруулж, амь насанд ч аюултай нөлөө учруулах магадлалтай.
