solongonews
Хятадад хүний нүүр бүх бичиг баримтыг орлоно
2018-07-25 19:58
Хятадад хүний нүүр бүх бичиг баримтыг орлоно.

Хятад улс нийгмийн даатгалын дэвтрийг хэрэглээнээс гаргаж оронд нь хүний нүүрний цахим мэдээллийн сан байгуулах болсноо мэдэгдлээ. Энэ сарын эхээр БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн баталгааны яамнаас хэвлэлийн бага хурал хийн энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.

Гуандун, Гуанши, Жэжянгийн хотод хүний нүүрний цахим сан хэдийнээ байгуулагдаж дээрх ажил нэгэнт хэрэгжиж эхлээд байгаа ба нүүр уншуулах аппаратын үйлдвэрлэлийн салбарт 2021 он хүртэл таван тэрбум юанийн зах зээл нээгдэж байгаа юм. Карт, утас, хурууны хээ уншуулан төлбөр тооцоо хийх нь иргэдийн амьдралын хэвшил болсон. Тэгвэл одоо нүүр уншуулах технологи ийнхүү амьдралд нэвтэрч байна. Энэ нь хүмүүсийн цаг мөнгийг хэмнэх ч цаашдын үр дагавар нь хэрхэхийг одоогоор таах боломжгүй юм.

Бээжингийн Жүнгуаньцүнь шинжлэх ухааны паркт байдаг нэгэн компани нүүр уншуулах аппаратыг үүдэндээ угсарсан аж. Сэтгүүлч тухайн компанийг зорьж очсон ч үүдээр нь нэвтэрч чадаагүйн улмаас сурвалжлагаа бэлтгэж чадсангүй. Камер хүний нүүрийг уншиж, мэдээллийг гол чип руугаа явуулснаар тухайн объектыг ялган таньдаг аж. Энэ хугацаа маш богино, бараг л нүд ирмэхийн зуур, компанийн ажилтнууд утсаа харж толгойгоо бөхийлгөн яаруу сандруу орж гарч байсан ч үүд нээлттэй хэвээр. Нүүр уншуулах аппарат нь өнгөрсөн зууны 60 онд зохиогдсон. Өдгөө технологийн хувьд шинэчлэгдсээр хүний нүүр, хацар, ам, нүдний эргэн тойрны 30 мянга гаруй онцлог шинжээр тухайн хүнийг таньдаг, ихэр хоёрыг ч ялгаж чаддаг. Тэр байтугай хүний хөдөлгөөнийг ч ялгаж таньдаг.

Энэ сарын 13-нд БНХАУ-ын Шаньдүн мужид Хятадын нэртэй дуучны концерт болсон. Энэ үеэр нүүр уншуулах төхөөрөмжийн ачаар цагдаагийн ажилтнууд 35 мянган хүний дундаас гэмт хэрэгтнийг олж чадсан байна. Энэ бол нүүр уншуулах аппаратын хэрэглээний бодит жишээ.

Хятад улсын Тян Мо хэмээх супермаркет нь үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөс хэн болохыг нь тогтоогоод зогсохгүй таны сонирхож буй бараа бүтээгдэхүүнийг автоматаар мэдрэх аж. Ингээд үйлчлүүлэгч сонгосон бүтээгдэхүүнээ худалдан аваад дэлгэцэд царайгаа харуулахад л хангалттай. Та карт, утасны бар кодоо уншуулах шаардлагагүй. Харин ч тооцоолох дэлгэц рүү инээмсэглэх тутам таны авсан барааны үнэ хямдарна. Инээмсэглэлийг тань үнэлнэ гэсэн үг.

Тухайлбал тус супермаркет нь хүнийн зургийг хүлээн зөвшөөрөх технологийг ашигладаг. Тодруулбал энэ технологи нь таныг зүс царай, үйл хөдлөлөөр тань таних бөгөөд ямар бүтээгдэхүүнийг хараад сэтгэл хангалуун байгааг тогтоохоос гадна худалдан авах эсэхийг тань ч мэдрэх чадвартай аж.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл