Гээгдсэн сэтгэл
2015-12-28 18:21
Сайн байн уу? Цасан хялах шиг сэтгэл гэгэлзсэн хяруу унасан мэт итгэл гялалзсан энэхүү өдрийн мэндийг хүргэе!
Нүд аних зуур л өнгөрөх өдөн бор хоногууд халин одсоор би зүрхэндээ гал халуун хайрын өнчин зул асаан хэдийнэ 3 жилийг үджээ. Хараад л өнгөрөх төдийд нээх их гэрэл цацруулаад одсон тэр нэгэн хөвгүүний гялалзсан дүрийг би одоо ч тодхон санах юмаа. Өнгө өнгийн гэрэл сэтгэлийг минь хөглөхдөө нэг өдөр баярлуулж, өөр нэг өдөр гуниглуулж, гэнэт гэнэтхэн догдлуулж яг л хаврын тэнгэр шиг эгшиглүүлсээр хэдийнэ урт хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаанд хуучирч элэгдэх нь элэгдэж, гологдож халхалагдах нь шинээр солигдож цаг хугацааны эргүүлэгт юм бүхэн хувирч өөрчлөгдсөн байна. Гэвч тэртээх 3 жилийн өмнө догдолсон сэтгэл тэр хэвээрээ гэхдээ бүр зөвхөн ганцаараа л догдолж бас хайрласан сэтгэл ч яг тэр хэвээрээ. Итгэлд минь өнчин зул, сэтгэлд минь зөөлөн гуниг үлдээсэн хэн нэгнийг бодон энэхүү захидлаа бичиж сууна.
Чамайг бодох агшин бүр гэгээтэй.
Чамайг чимэх инээмсэглэл бүр жаргалтай. Миний хайр яг одоо ч анхных шигээ зүрхэнд хадгалагдсаар л байна. Зүрх минь чамаас бусдын зүгт цохилдоггүй юм. Зүүд минь чамаас бусдын дүрээр хувирдаггүй юм. Чиний өмнө гээгдсэн тэр сэтгэл минь ийм л үнэнч . Гэхдээ миний энэ их хайрийг ийм гэрэлт сэтгэлийг даанч чи минь мэдэхгүй. Тэр үед чи ганцаараа байсан учраас би хайрласан. Гэхдээ надад хайртай гээд хэлэх зориг байгаагүй ч энэхүү захидлаар хэлюү гэвч чи одоо өөр нэгнийх болсон байна.
Тийм болохоор надад чамайг хайрлах эрх байхгүй гэдгийг би мэднэ ээ. Би чамд хайртай гэж хэлэхгүй минийх байгаасай гэж хүсэхгүй ээ. Харин шаналхдаа шаналж, догдлохдоо догдолж, уйлахдаа уйлж, инээхдээ инээж бусдаас нуун нуун хайрласан сэтгэлийг минь бодоод чи минь жаргалтай амьдраарай.
Зоргоороо чамд дурласан болохоор зовоохгүй ээ би чамайгаа өр зүрхэндээ л хадгалана. Цаг хугацааны уртад гээгдсэн энэ сэтгэлийн минь шаналал нэгэн дуусах биз ээ. Уучлаарай хайрт минь уучлаарай . Хайр минь мөхөж харц минь ч урваагүй байна. Гэвч чиний төлөө хэсэг хугацаа өнгөрхөд ганцхан түүнд чинь л үлдээгээд сэтгэлийн жолоогоо татах болно оо.
Баяртай миний эмзэг сэтгэлийн өнчин зул минь.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
