solongonews
Эгэл амьдралын диваажин №2:
2015-12-28 18:21
Харамсалтай нь өлгийтэй үрээ тэврээд өглөөний сэрүүн тунгалаг агаарт салхилж зогсоо зарим нэг аав тамхи татаж байгааг харахаар орчлонд дөнгөж мэндэлсэн тэр цурав нялх амьтны маргаашийн төлөө сэтгэл халгах шиг болдог. Угтаа бол задгай агаарт байгаа гэсэн тайтгарал тэр аавын сэтгэлд байгаа хэрэг.
Амьдралаа тамхины утаатай цуг сорсоор байх уу?     
 
Франц зэрэг нэлээдгүй улс орнуудад эмнэлэгт ирсэн өвчтөн тамхи татдаг бол онцгой яаралтай тусламж шаардаагүй тохиолдолд эмчилгээг эхэлдэггүй, эхлээд тамхинаас гарахыг зөвлөж, энэ талын зөвлөгөө эмчилгээг заавал  гүйцэтгэж мөрдүүлж байж үндсэн эмчилгээнд ордог болжээ. Нэг үгээр тамхи татдаг өвчтөнд тамхины эсрэг хавсарга эмчилгээг эхэлж хийлгүйгээр бүрэн илааршил авах боломж байдаггүй гэсэн үг. Тэгээд ч тамхичдад зарцуулдаг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, тамхи татдаггүй хүнийхээс хавьгүй өндөр заалттай байдаг.  Тамхины утаатай орчинд 30 минут байгаа хүн 16 ширхэг янжуур татсаны дайтай хорт бодисоор амьсгалдаг гэдгийг нэгэнт батлажээ. 
 
Харамсалтай нь өлгийтэй үрээ тэврээд өглөөний сэрүүн тунгалаг агаарт салхилж зогсоо зарим нэг аав тамхи татаж байгааг харахаар орчлонд дөнгөж мэндэлсэн тэр цурав нялх амьтны маргаашийн төлөө сэтгэл халгах шиг болдог. Угтаа бол задгай агаарт байгаа гэсэн тайтгарал тэр аавын сэтгэлд байгаа хэрэг. Гэсэн ч энэ бол ташаа тайтгарлаар өөрийгөө хуурсан хорлонтой үйлдэл болохыг дэнслэн бодууштайг эмэгтэйчүүд бид л тэдэнд ойлгуулж чадна. Өнөөдөр тамхи татдаг эмэгтэйчүүд олширчээ. 10 жилийн охид хурууныхаа завсар янжуур хавчуулчихсан хээвнэг зогсож байх энүүхэнд.  Танилын маань найз тамхинаас бүрмөсөн гарсныг сонсоод ихэд олзуурхан, уулзуулж өгөхийг хүссэнээр бид ийн ярилцлаа. 
 -Таны алдар хэн билээ?
-Болор-Эрдэнэ
-Тамхинаас гарсан, бас найзуудаа уриалж тамхинаас гаргасан гэж сонссон. Мөнгөнд хэмнэлттэй, шүд хүртэл цайраад, амны эвгүй үнэр арилаад нэг л сайхан гээд найзууд чинь хэлж байсан.
-Өө тийм. Олон жил татсан ш дээ, би. За байз. 10 жил гээд бодохгүй юу. 22 жил бараг татжээ. Тэгээд ерөөсөө больё гэж гэнэт шийдсэн. Хүн тэгдэг юм. Аажим гарна. Цөөлж байж гарна гэж. Ёстой худлаа шүү. Шууд л хая. Эргэж битгий хар. Өөрийгөө сатааруулж, зурагт үзэхдээ самар хүртэл идэх жишээтэй. Ядах юмгүй. Хэрвээ өөрөө хүсэхгүй бол хажуугаас нь хүн ятгаж ухуулаад ч, тамхийг чинь мушгиж хугалаад ч нэмэргүй. Архи, тамхи хоёр яг адилхан. Сэтгэл хүсэлд “ууя, татъя” гэсэн бодол байгаа цагт хүн худлаа л байдаг. 
-Их тэвчээрээс гадна эргэж буцахгүй шийд хэрэгтэй гэсэн үг байна ш дээ. Тамхиа орхиод нэг хэсэгтээ татмаар санагдах үе бишгүй байсан уу? Яг ийм үе хамгийн хэцүү байх: Яаж тэвчиж, өөрийгөө сатааруулж, өөртөө үнэнч байж, өөрийгөө ялах вэ?
-Мэдээж. Татмаар санагдана ш дээ. Олон жилийн дадал, бие махбодид нэвчирсэн хэрэгцээ цаанаасаа үгүйлээд байдаг жишээний. Тиймээс гар чинь тамхи хайж, сэтгэл чинь холхиод байвал самар идэх, ном унших зэргээр юунд дурладаг вэ, түүнийгээ хий. Татах хүсэлдээ хэзээ ч битгий бууж өг. Энэ бол өөрийгөө ялж байгаа том амжилт шүү. Аяндаа хэл өнгөртөхөө больж, амны үнэр арилж, цээж уужраад явчих шиг гоё болдог юм билээ. Одоо надад тамхичин байсан үе тэвчмээргүй муухай санагддаг болчихсон гээд бодохгүй юу.
-Үнэхээр сайн байна, баяр хүргэе.
-Өө баярлалаа.(инээснээ) Ямар хүнд хийж өгч байгаа тус буян биш дээ. Өөртөө хийж байгаа л дэвшил шүү дээ. Уг нь бол гайхуулах юм байхгүй. 
-Юу гэсэн үг вэ. Утаанд чинь хорддог байсан хүмүүс чөлөөгдөж байна. Гэрийнхэн тань баяртай байгаа биз дээ?
-Тэр ч тийм шүү. Нөхөр маань миний амжилтыг шагнаад надад шинэ цүнх бэлэглэсэн. Би цүнхний “өвчтэй” гэхүү, хоббитой хүн л дээ. Тэгээд, наад мөнгө чинь чиний тамхинд зарцуулдаг байсан мөнгөөр авсан юм шүү гэж хошигноход нь үнэхээр урамтай байгаа байхгүй юу.
Манай нэг найз намайг дагаад тамхинаас гарахаар шийдэж хэдэн өдөр тэвчээд буугаад өгчихсөн. Харин цагаан сараар шингэн тамхинд шилжсэн. Гранд плаза-гаас 80.000-аар цэнэглэдэг, үнэргүй тамхи худалдан авч сордог болсон. Аажмаар энэ шингэн тамхийг орхих зорилготойгоор шүү дээ. Нээрээ чадсан шүү. Одоо нөгөө үзэг шиг хэлбэртэй шингэн тамхиа мартчихсан. Энэ нь цэнэглэдэг ийм тамхи л хүнийг тамхинаас гаргадаг гэсэн үг биш л дээ. Хүн өөрөө гаръя гэж үнэн сэтгэлээсээ шийдсэн л байхгүй юу. Гэнэт биш аажим гарч байгаа гэх юмуу даа. Ийм амжилт бас олон байдаг юм билээ. 
-Таны энэ амжилт олон хүнийг араасаа дагуулах болтугай.
-Тэгвэл үнэхээр баярлана. Өөрөөс л шалтгаална шүү, хичээгээрэй. 
 
Охид бүсгүйчүүд ээ, тамхи хавдар үүсгэх шалтгааны нэг сэжүүр болдог. Эхлээд саваагүйтэж татна. Дараа нь дурлаж татна. Тэгээд тамхины хараат болж тэр хоргүйгээр байж чадахгүй болно. Дасал болж дуршил хөдөлгөдөг некотин гэгч бодис чамайг эрхшээлдээ оруулж, аажмаар татах тоо олширч, давтамж нь улам улам ойртсоор, арьс чинь хуурайшин өнгөө алдаж, шүд чинь шарлан өмхийрч, үснээс чинь анхилах тансаг үнэр сураггүй арилан тамхины бохь ханх тавьж, эрүүл ягаан уушиг чинь харлан тортоглогдсоор, чиний анзаараагүй, огт төсөөлөөгүй өвчний эхлэл хаа нэгтээ суудлаа эзлээд баясан хөөрч байх вий. Гоо сайхны дайсан, аймшигт өвчний үүдэл тамхийг зоригтойгоор хаяцгаая.  Өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн чамайг хайрлах билээ...
 
 
 
Гэгээ
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл