
Олимпийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, олимпын хүрэл медальт Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарын мөнгөн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардууллаа.
“Бразилийн олимпийн наадамд улсынхаа нэрийг гаргаж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Спорт бол улс орныхоо нэрийг дэлхийд сурталчлах гол салбар. Үүний төлөө хөлс хүчээ урсгаж байгаа тамирчдадаа талархлаа” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгодог. Энэ тогтоолын дагуу эдгээр тамирчдад 60-30 сая төгрөг, дасгалжуулагч нарт нь энэхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газрын тэргүүн гардууллаа.




