Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба энэ сарын 7-ны өдөр "Интернэт сүлжээний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя" цагаан номыг нийтэлжээ. Цагаан номд шинэ эриний Хятадын интернэт сүлжээний хөгжил, засаглалын үзэл баримтлал, практикийг дэлгэрэнгүй танилцуулж, Хятад улсын интернэтийн орон зай дахь хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад гаргасан эерэг ололт амжилтыг хуваалцаж, цахим орон зайд дахь олон улсын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг эрэлхийлсэн байна.
Цагаан номд тэмдэглэхдээ "Дэлхийн хөгжиж буй хамгийн том орон, мөн хамгийн олон интернэт хэрэглэгчтэй улсын хувьд, Хятад улс нь мэдээллийн эрин үеийн хөгжлийн чиг хандлага, хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, харилцан зөвлөлдөх, хамтаар байгуулах, хамтдаа хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлалыг чанд мөрдөж, интернэтийн орон зай дахь хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгоход дэмжлэг үзүүлж байна. Хятад улс интернэт сүлжээний олон улсын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөн, сүлжээний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах бөгөөд дэлхийн интернэтийн засаглалын тогтолцооны өөрчлөлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, интернэтийн хүртээмжтэй хөгжлийг ахиулан, олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Интернэт бол хүн төрөлхтний хамтын гэр орон бөгөөд энэхүү орон гэрээ илүү хөгжсөн, цэвэр цэмцгэр, аюулгүй байлгах нь олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг хариуцлага юм. Хятад улс дэлхийн бусад орнуудтай хамтаар илүү шударга, хүртээмжтэй, нээлттэй, тогтвортой, эрч хүчтэй интернэтийн орон зайг бий болгон, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд бэлэн байна хэмээн Цагаан номд тэмдэглэжээ.
