
Тэрээр доод бие нь мэдээгүй болж, саажсан нөхрөө 18 жилийн турш асарч, ганцаараа гэр бүлээ тэжээж байгаа аж. Өдийгөөс 23 жилийн өмнө буюу 1996 онд 21 настай Вэнь Шянчэн 23 настай Хэ Тайшэнь нар хурим хийжээ. Хоёр жилийн дараа хөөрхөн хүүтэй ч болж. Ядуу тарчиг аж амьдралаа өөд татахын тулд Хэ Тайшэнь гэрээсээ явж, Хэнань мужийн уурхайд ажиллаж эхэлсэн байна. Гэвч 2001 онд уурхайн осолд орж, доод бие нь мэдээгүй болсноор ахуй амьдралынх нь хүнд ачаа эхнэр Вэнь Шянчэнийх нь нуруун дээр буужээ. Тэрээр нөхрийнхөө өвчнийг эдгээхийн тулд эргэн тойрныхноосоо мөнгө зээлж, өдрөөс өдөрт өр зээлд баригдах болов. Гэсэн хэдий ч Вэнь Шянчэн амьдралд толгой гудайхгүй, өр зээлээ төлөхийн зэрэгцээ нөхрөө асарч, ганц хүүгээ сургуульд оруулахын тулд мөнгө олох бүх л аргыг сүвэгчлэн хичээсэн байна. Өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажиллаж тариа буудай, эмийн ургамал тариалан, гахай, тахиа тэжээн, нөхрөө сувилан нэг хором ч амсхийх завгүй амьдарчээ.

Эхнэрийнхээ ядарч зүдрэхээ үл хайхран зүтгэхийг харсан Хэ Тайшэнь “Гэр бүлдээ дараа болж байхаар салах”-аар шийдэж, эхнэрээ шинэ амьдрал зохиохыг ятгахад тэрээр зөвшөөрөөгүй аж. 18 жилийн турш уулын бүсгүй шантралгүй, зоригтойгоор амьдралыг туулж, ачааны хүндийг үүрэн урагшилжээ. Өдөр тутмын завгүй амьдралынхаа хажуугаар Вэнь Шянчэн ус халаан нөхрийнхөө биеийг арчин, иллэг хийхээс гадна дөрвөн мөчийг нь хөдөлгөж өгнө. Мөн нөхрөө орон дотроо уйтгарлан гуниглаж хэвтэх вий гэхээс зовж, нуруун дээрээ үүрэн найз нөхөд, хамаатан садантай нь уулзуулахаас гадна тариан талбай дээр аваачиж тариа харуулдаг байв.

Хэ Тайшэнь эхнэртээ талархан “Эцэг эх маань надад нэг удаа амьдрал бэлэглэсэн. Харин миний эхнэр надад хоёр дахь амьдрах боломжийг олгосон” хэмээн ярьжээ. Сүүлийн үед түүний бие өдөр ирэх бүр сайжирч байгаа бөгөөд гэрийнхээ ажлыг чадлынхаа хэрээр хийх болсон байна. Харин хүү нь дөрвөн жилийн өмнө орон нутгийн захиргаа болон нутгийн хүмүүсийн тусламжтайгаар их сургуульд оржээ. Тэдний хайрын түүх, амьдралын төлөөх эхнэрийнх тэмцэл нутаг орондоо төдийгүй Хятад даяар үлгэр домог мэт яригдах болсон байна.

