Навтаг савдагтаа нутагладаг бороос бор үртэй
Налгар талдаа соёoлдог ногооноос ногоон нахиатай
Нарны гэрлээр мишээдэг намуухнаас намуухан дэлбээтэй
Намираа хурдаа ургадаг уртаас урт навчистай
Хөхөмдөг талын чимэг нь болдог цэвэрхэнээс цэвэрхэн тоорцогтой
Хүмүүсийн хайрыг татдаг шидтэй хөхөөс хөх цэцэгстэй
Хүчит салхинд эрэлхэглэн зогсдог бэхээс бэх хонгорцогтой
Хөрст дэлхийг шөвөгдөн аргамждаг гүнээс гүн үндэстэй
Адуу мал хоргодон хоргодон хонодог
Цахилдгийн талыг холоос харвал аглаг гэж эндүүрмээр
Алаг эрвээхий дэрвэн дэрвэн бүжиглэдэг
Цахилдгийн цэцгийг алсаас бараалбал ус гэж ташаармаар
Аяны шувууд нүүдэллэн нүүдэллэн ирдэг
Цахилдгийн багцыг шоохрож ажиглавал зураг гэж андуурмаар
Ажилсаг зөгий зөрөлдөн зөрөлдөн суудаг
Цахилдгийн хэлтсийг илбэж хайрлавал торго гэж зүйрлэмээр
Алиа хүүхдэд гишгэгдэн эмзэглэсэн ч
Ахиад ургах амьдралын хүч цахилдагт л байдаг
Алиман сарны мөнгөн туяаг биедээ татах
Соронзон хүч цахилдагт л байдаг
Эрхэн бөмбөлөг шиг шүүдрийн усыг мэлтгэнүүлэн
Баясаж юунд багширна бэ
Өвчин анагаах эмийн жорыг бүрдүүлэн
Биеэ юунд үрэгдүүлнэ вэ
Хаврын салхинд үлээгдэх үес биеэ яаж тэгшилнэ вэ
Зуны наранд төөнөгдөх үес зүсээ яаж хамгаална вэ
Намрын хяруунд дайрагдах үес хувцсаа яаж солино вэ
Өвлийн цасанд хөлдөх үес үндсээ яаж нууна вэ
Үеийн үед орших эх байгальдаа
Өнгөө нэмсэн цахилдаг минь
Өнө хөх тэнгэрийн хязгааргүй орон зайд
Эр зоригоо илгээсэн цахилдаг минь.
