solongonews
Сар шинийн шинэ өнгө-Ураг төрлийн хамтын золголт
2018-02-26 17:36
Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр тохиож гэр бүлээрээ Ордос нутагт өнгөрүүллээ.

Улиран одогч тахиа жилд ихэнх хүмүүсийн адил ажил амьдрал гэж зүтгэсээр одоо л аав ээж, ахан дүүс, төрөл садантайгаа уулзан учрах сайхан боломж олдож байна.
Миний бие Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уугуул, нөхөр маань Ордос нутгийнх. Хадамд гарсан хойно Ордос нутагт сар шинээ тэмдэглэх болсон. Хоёр нутгийн сар шинийн зарим зан заншил нь адилгүй. Ордос ёс горим ихтэй нутаг орон. Шинийн нэгний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч хүмүүс хоорондоо хадаг хөхүүр барьж золгодог ёстой. Хүүхэд болон дүү хүмүүс нь  настан бууралтайгаа золгохдоо хадагны амыг золгох хүн тийш харуулж хадгаа хоёр гардан барьсан хадган дээр нь тавьсны дараа золгоно. Харин хадгаа тавиад золгохдоо мэндийг нь заавал асууна. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад дахин хадагны амыг өгөх хүн зүгтээ харуулан өгнө. Дүү болон хүүхдүүд нь мөргөн авна. Дараа нь хөхүүрээ солилцоно. Энэ үед ахмад буурлууд нь ерөөлийн үг, бэлэг дэмбэрлийн үг айлтгадаг. Шилийнголд хадаг золголт барьж мөргөж, золголтоо хүргэж мэндчилдэг.
Ордос нутгийн сар шинийн бас нэгэн онцлог, шинэ өнгө нь хамтарсан золголт. Энэ нь ах дүү, хамаатан садан шинэ дээр тусгай нэг өдөр цаг тогтон, хоолны газар цуглан сар шинийн золголт хийж найрлан тэмдэглэдэг. Шилийнголд одоо ч айл айлаар айлчилж золгосоор байна. Ордост ч өмнө нь айл айлаар орж идээ цагаа амсан, сар шинийн мэнд хүргэж байсан. Орчин үед амар хялбарыг бодон ийнхүү хамтарсан золголтыг хийх болсон байна.
Монголчууд та бид “Өвлийг өнтэй сайхан давлаа” хэмээх бэлгэдэлт сайн үгээр улиран одож буй оноо үдэж, “Өгөөж хишгээ хайрлах буянтай цаг айсуй” гэсэн билгийн сайхан ерөөлөөр айлчлан ирж буй сар шинээ угтан золгодог билээ. Тиймээс ирж буй жилд айл бүхэн элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин амгалан, үйлс нь бүтэмжтэй, олзоор арвин, жаргалаар дүүрэн байх болтугай.

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл