solongonews
Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв
2021-04-26 17:03
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 04 дүгээр сарын 26-ны өдөр буюу өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүйг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянтай энэ сарын 07-нд утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд  талархаж буйгаа илэрхийлээд, өөрийн орны удирдлагууддаа уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Хөрш орны болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд манай улсад БНХАУ-аас дэмжлэг үзүүлж, вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хандивлахын зэрэгцээ арилжааны шугамаар вакцин нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж буйд Элчин сайд Чай Вэньрүйд мөн тусгайлан талархал илэрхийлэв. КОВИД-19-ийн эсрэг вакцины дараагийн нийлүүлэлтийг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийн талаар мөн талууд ярилцлаа.

Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэвийн явуулах боломжийн талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцах тухайгаа хэлсэн юм. Энэ хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр цаашид ч идэвхтэй арга хэмжээ авах талаар талууд ярилцав.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : МОНЦАМЭ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл