Бяцхан үрс дахиад бүү үрэгдээсэй
2015-12-28 18:21
Ногоо цуглуулахаар хүнсний захын босго алхтал бяцхан охины хөгжилтэй нь аргагүй инээх дуулдав. Наймаа худалдааны нүсэр чимээн дунд хүүхдийн цангинасан тэр хоолой чихэнд хонх цохих шиг тодхон ч хоолойд зангирсан нулимсыг минь сэтлээд хаях шиг л санагдлаа.
Дөрөвхөн настай гүнж эх хүний санаанд багтамгүй бүхнийг амсаад орчлонгоос хальсныг дуулаад хэдэн шөнө нойр хулжиж, хөнжилдөө тийчигнэж, танихгүй, хэзээ ч зүс үзээгүй түүний төлөө нулимсаа барсан юмсан. Тэр өнөөдөр энд байсан бол яг л тэр инээж яваа охин шиг дэгдэн гүйх байсан байх даа гэсэн гомдол, харуусал, нэхэл өврийг минь сэгэлж байсан юм...
Чингисийн талбайд найман настайгаас наян настай буурал хүртэлх зуу зуун хүн цуглаж эцгийнхээ хатуу гарт амиа өргөсөн түүний төлөө энэлэн гашуудсан билээ. Нулимсаа барьж дийлээгүй зарим нь ханцуйгаа нүүрэндээ наан мэгшиж байлаа. Эцгийн энтэй эцэг байж чадаагүй өнөөх эрийг хорвоогийн хязгаар хүртэл жигшин зэвүүцэж, олны өмнө амийг амиар гэгч хуулийг хэрэгжүүлэхийг зарим нь бас шаардаж байна.

Шавилхан биедээ баймгүй их тэвчээрийг гаргасан тэр сахиусан тэнгэр биднийг энд ингээд урцалдаад, нэгнээ үзэн ядахаас өөр зүйл хийлгүй, дараачийн хохирогчийн ээлжийг хүлээн суухыг эс зөвшөөрөх байсан нь лавтай. Хажуу хаалганы айлд, дөнгөж дэргэд чинь цай ууж суугаа хосуудад, эсвэл зүгээр л хичээлдээ явж буй жаалхан хүүхдүүд түүний адил зовлонг эдэлж яваа юм шүү гэдгийг хэзээ ч бүү мартаасай гэж тэр хүсэх байсан. Бас араатан авирт томчуудын улан дор гишгэгдэх олон мянган хүүхдийн амийг аврах хууль эрх зүйн орчин, хамгаалалт, хөрш нь хажуу айлдаа хүүхэд уйлахад яав ийв гээд ажирч, цагдаа дуудаж, нэгэн бяцхан амь үрэгдэхээс сэргийлж чадахыг биднээс хамгийн ихээр найдлага тавин хүлээж байгаа.

Ийм болохоор буруутнуудыг чичилж, элдэв хараал урсгахаасаа өмнө хүүхдийн эрх, хүүхдийн хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалал, хүчирхийлэгчдэд оноох шийтгэл, хамгийн гол нь дахин ийм насан туршийн харуусал үлдээхгүйн тулд хүн бүр дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг өөрчлүүлж, энэ хуулийг үнгэгдэх цаас биш хаалттай хаалганы цаадах нулимс асгарах гашуун тохиолдол бүрээс урьдчилан сэргийлж, бяцхан үрсийн халуун амь насыг амжиж аврах бамбай болгох цаг нь ирээд байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд хамгийн өрөвдөлтэй. Бяцхан охин хэнд хаана хандахаа ч мэдэх сөхөөгүй байж байгаад хорвоог орхичихлоо. Ядаж томчууд байсан бол нэгэндээ учирлаад ил гарах л байсан байх.

Бид өөрсдөө тэднийхээ хамгаалагч нь байж чадсангүй
Охин хойд эцэгтээ хүчиндүүлээд цагдаагийн байгууллагад ханджээ. Охин үр нь хар тамлагчийн гарт ариун нандин бүхнээ алдчихаад байхад ээж нь “Гомдолгүй” гэж хэлсэн байдаг. Гэрээ тэжээж буй ганц хүнээ цагдаад барьж өгчихөөд хоолтой хонохгүй гэдгээ мэдэж байна уу гэх зэргээр эх хүнээс гарамгүй авираар авирласан тохиолдол бүртгэгдсэн нь бий. Энэ ээж үрийнхээ хамгаалагч байж чадсангүй. Энэ тохиолдолд цагдаа, прокурорын байгууллагад мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж, хохирогчийн эрх ашгийг хамгаалахад оролцох хэрэгтэй байна. Тэгж чадвал хүүхдийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадахад бага ч атугай нөлөөтэй билээ.
Бие нь гэмтсэн хүний сэтгэл нь “үхчихдэг”
Бид үүнийг хэзээ ч анзаардаггүй. Хоёр хүүхдээ хазаж тамласан аавын тухай уншаад бид юу боддог вэ. “Яасан аймар хазсан юм бэ. Хүүхдийнх нь биеийг хар л даа”... Гэтэл үнэн хэрэгтээ өдөржин тэр яргаллыг амссан хүүхэд хэчнээн их айж, зугатахыг хүсээд ч хаашаа ч гарч чадахгүй, хэнд ч хэлж чадахгүй, сэтгэлээрээ бас л тэгж шархалдаг. Гэтэл аливаа байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг цагдаа сэргийлэхийнхэн захиргааны зөрчил гээд л биччихдэг. Үнэн хэрэгтээ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг байнга удаа дараа давтагдаж байдаг, сэтгэлийг тэр чигт нь хорт хавдраар өвчлүүлж, эцэстээ тухайн хохирогч амиа хорлох ч эрсдэлд хүргэж болох аймшигт зүйл. Ийм л учраас аль ч хэлбэрийн хүчирхийллийг харсан ч хараагүй юм шиг өнгөрч, амин хувиа хичээх нь тухайн хүчирхийллийг хамт үйлдэж байгаагаас ялгаагүй хэрэг юм.

Үүнээс гадна хууль, шүүхийн байгууллагууд хүчирхийлэлд өртөгчийн сэтгэл санаа, түүний хохирлыг үнэлж, түүнд дүйцэх сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ хийдэг байх хамгийн чухал зүйлс Монголд огт алга. Үүнээс л болж гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүд “Хүчтэй л байх юм бол би бүхнийг дийлэх юм байна” гэж ирээдүйн хүчирхийлэгч болох, ийм юм амьдралд байдаг гэсэн бодлоор аймшигт бүхэнтэй эвлэрэх болно.
Баг, хороо, дүүрэгт хэчнээн хүн хүчирхийлэлд өртөж байна вэ?
Ийм судалгаа байхгүй. Хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан гээд олон албан тушаалтан байдаг ч хэн нь ч тухайн бүс нутагт нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүмүүсийн талаарх судалгаа алга. Тэгэхээр хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эн тэргүүнд ийм судалгаа зайлшгүй шаардлагатай болж байна.
Өнөөдрийг хүртэл хэн хүчирхийлэлд өртсөн хийгээд өртөж болзошгүй талаар ганц ч судалгаа байхгүйн гайгаар энэ төрлийн эмгэнэлт хэргүүд олширсоор байна.

Хуулийн хэрэгжилт хаана байна вэ?
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2005 оноос хэрэгжиж эхэлжээ. Хамгийн харамсалтай нь, энэ хууль одоо хэр нь хэрэгждэггүй. Хохирогчийн бодит хамгаалал болж чадахгүй байгаагийн гол учир нь дагалдах хуулиудад нь нэмэлт, өөрчлөлт ороогүйнх юм. Энэ хуулийн гол зохицуулалт болох хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх хязгаарлах арга хэмжээг шүүхээс авахаар байгаа юм. Гэвч энэ арга хэмжээнд хэн хяналт тавих, хэн хариуцлага хүлээх зэрэг хамгийн чухал зүйлс нь хэрэгжилтээ хүлээсэн хэвээр.
Тиймээс хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулж, нялх үрсээ аварч үлдэхийн тулд юун түрүүнд хүчирхийлэгчийг нотлох, илрүүлэх хэрэгтэй байна. Иргэдийн дунд хамгийн анхан шатны нэгж нь хороо, баг, сургууль байна. Тэгвэл сургуулийн багш хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхэд байвал тэр талаараа цагдаа, хуулийн байгууллагад ханддаг, нийгмийн ажилтнууд тэр тал дээр анхаарч, тухайн хүүхдийг хүчирхийлэгчийг илрүүлдэг баймаар байна.
Ер нь өнөөдрийн байдалд гэр бүлийн хүчирхийллийг дан ганц нэг хуулиар зохицуулж, хазаарлах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл үйлдэгчид ямар ял шийтгэл оноох нь хүртэл ондоо аж. Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж оруулж өөрчилснөөр ял шийтгэл нь ч онцгой тавигдах ёстой. Энэ тохиолдолд хохирогч ч аюулгүй байдлаа хамгаалуулах боломж нэмэгдэх аж. Хамгийн гол энэ хуулийн өөрчлөлт нь хэрэг гарсны дараа ял шийтгэл ярих биш харин гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол ээж бүхний, аав бүхний хүлээлт юм шүү.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
