solongonews
Сувдан хэлхээтэй үзэсгэлэнт эдийн засаг
2023-11-30 11:37
Жэжян мужийн Шаошин хотын төвөөс баруун урд зүгт 40 орчим километр явбал Жүжи хотын зүүн хойд хэсэгт орших Шан Шя Хү сууринд хүрдэг. Энэ газарт сувд борлуулдаг маш олон дэлгүүр эгнэж, сувдан ээмэг, сувдан зүүлт зүүсэн зорчигчид гудамжаар сүлжилдэн, хотын дундах ногоон мододтой өнгө ялгаран үзэмж нэмнэ.

   Дэлхийн хамгийн том цэнгэг усны сувдны үйлдвэрлэл ба худалдааны төв энэ жижигхэн хотод байрладаг. 50 хүрэхгүй квадрат километр газар нутгийг эзлэх энэхүү жижигхэн суурин Хятад улсын 80 хувь, дэлхийн 70 хувийн цэнгэг усны сувдыг үйлдвэрлэдэг ба өнгөрсөн онд 40 гаруй тэрбум юаний сувдан бүтээгдэхүүн борлуулсан байна.

   Сувдан борлуулалт онлайнд гарлаа

   Том том чемодан чирсэн хүмүүс хаана очих нь вэ? Тэд бүгд л Хуа Дүн олон улсын үнэт эдлэлийн төвийг чиглэж байна. 2008 онд байгуулагдаж, сувдны худалдаа, брэндийн үзүүлэлт, брэндийн хяналт шалгалтын үйлчилгээг нэгтгэсэн энэхүү үнэт эдлэлийн хот одоогоор дэлхийн хамгийн том цэнгэг усны сувд худалдаалах төв болжээ.

   Энэ оны 08 дугаар сарын эхээр тус хотын 1000 гаруй дэлгүүрийн урдуур үнэ асуусан худалдаачид сүлжилдсээр байлаа.

   - Зарим борлуулалт сайтай бүтээгдэхүүнийг булаацалдан байж л олсон гэж Чиндао хотоос ирсэн Ли Жин бидэнд ярьлаа. Тэрээр сувдны бизнест бараг 10 жил ажиллаж байгаа гэдгээ танилцуулсан бөгөөд энэ жил зах зээл онцгой сайн байгаа, хурдан ажиллахгүй бол бараа олдохгүй төдийгүй буудал захиалахад ч хүндрэлтэй байгаа гэдгийг ярьсан юм.

   Үдшийн бүрий болж, олны хөл хураагдах цагаар шууд нэвтрүүлгийн гэрлүүд асаж, “шөнийн борлуулалт” эхэлдэг байна. Оройн 19:00 цагт “Дайсү Сувд” цахим худалдааны тавцангийн шууд нэвтрүүлэг эхэлсэн. Хагас цаг хүрэхгүй хугацааны дараа шууд нэвтрүүлгийн өрөөнд хэдэн арван мянган үзэгч орж ирсэн байлаа.

   - Энэхүү борлуулалтын арга хэлбэрийг дээр үеийнхэн төсөөлөх ч аргагүй байсан гэж “Дайсү Сувд”-ын ерөнхий менежер Жань Чаочи ярив. Түүний аав сувд тариалаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд Шан Шя Хү суурингийн эхний үеийн сувдны тариаланчдын нэг байлаа. Өнгөрсөн зууны 70-аад онд сувд тариалагчид сувдаа лангуунд дэлгэн зарж, худалдан авагчид хаа холоос машинаар ирж бараа авдаг байсан бол одоо зөвхөн гар утастай байхад л Шан Шя Хү суурингийн сувд дэлхий даяар “цацагдаж” байна. 2018 оноос хойш “Дайсү Сувд” шууд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн бөгөөд түүхий сувд болон сувдан бүтээгдэхүүн зэрэг борлуулдаг болсноор орлого нь хэд дахин нэмэгдсэн байна.

   Шан Шя Хү суурингийн сувдыг тэнгис дамнан экспортолдог. Энэ тухай мэдээлэл авахаар сэтгүүлч “Шы Ли Шянь” зүүлт чимэглэлийн компаний хил дамнасан шууд нэвтрүүлгийг биеэрээ үзсэн юм. Шууд нэвтрүүлгийн дэлгэцийн өмнө хөтлөгч Жаү Шы-И сувдыг хясаа дотроос сурамгай гарган авч, нэвтрүүлгийг үзэж байгаа Америкийн үзэгчдэд англиар чөлөөтэй танилцуулж байлаа. Жөү Шы-И энэ жил дөнгөж их сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажилд орсон байна. Сувд гаргаж авах шууд нэвтрүүлгийн хэлбэр нь Tik Tok платформ дээр нэлээд түгээмэл байдаг бол түүний шууд нэвтрүүлгийг 20 мянга гаруй хүн нэгэн зэрэг онлайнаар үзэж байсан удаатай.

   Одоогийн байдлаар Шан Шя Хү суурин нь хил дамнасан цахим худалдааны цогц үйлчилгээний сууринг бэлтгэх ажлыг эрчимжүүлж, Tik Tok, Amazon зэрэг хил дамнасан цахим худалдааны платформууд болон хилийн чанад дахь логистикийн тэргүүлэгч компани болох DHL зэрэг компанийг татан, хил дамнасан платформын хилийн чанад дахь агуулахуудыг байгуулж, бизнесийн “гадагшаа явах”-ыг дэмжин, олон улсын үнэт эдлэлийн зах зээлийн загварыг хурдасгах зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлж байна.

   - Олны анхааралд хүрэхийг хүсвэл жижиг сувдаа том үйлдвэрлэл болгох хэрэгтэй. Чадварлаг боловсон хүчнийг өргөмжлөх, өндөр зэрэглэлийн техникээр хангах, олон нийтийн үйлчилгээг бэхжүүлэх зэрэг замаар Шан Шя Хү суурин илүү олон хүнд танигдаж байна. 2022 оны эцсийн байдлаар манай энд нийт 25 мянга гаруй бизнес эрхлэгч ирж бүртгүүлсэн бол тэдний дотроос 3000 гаруй шууд нэвтрүүлгийн хөтлөгчид энд байнга суун ажиллах болсон гэж Шан Шя Хү суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Юй Линжюнь танилцууллаа.

   Сувдан тариалалт “эко”-д шилжлээ

   Сувдан тариалалт ямар байдаг вэ? Шан Шя Хү суурингийн нэгэн цөөрмийн захад сэтгүүлч усны гадаргуу гялалзаж байгааг харсан юм. Сувд тариалахад зориулсан автоматаар өргөж, буулгах төхөөрөмжид сувд эгнэн байгаа нь “Сувдны орд” гэгдсэн энэ суурингийн нэгэн өвөрмөц дүр зураг болж байлаа.

  10 гаруй жилийн өмнө эндэх сувдны тариалалт маш хоцрогдмол байсан гэж төсөөлөхөд бэрх. Сувдны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үржлийн хугацааг богиносгохын тулд сувдан тариаланчид тахиа, нугасны ялгадсыг шууд нууранд цутгадаг ба үүний үр дүнд цөөрмийн ус хар, муухай үнэртэй болдог. Сувдыг авсны дараа хаягдсан хясааны мах, хальс нь уул мэт овоорч, хамар хатам муухай үнэр нь нутгийн иргэдийн хувьд “хар дарсан зүүд” мэт болдог байв.

   Усны эх үүсвэрийг хамгаалахын тулд 2017 оны 02-р сард Жүжи хот цэнгэг усны сувд тариалах хатуу “хориг” тавьж, усны чанарын стандартыг хангаагүй бүх тариаланчдыг зогсоосноор Шан Шя Хү суурингийн сувдны тариалалтын нийт талбай 530 гаруй га байснаасаа 280 га болж багассан байна.

   - Тосгоны бүх иргэдийн амьжиргаа сувдан дээр тулгуурладаг учраас хүнд хохирол учирсан. Улмаар шинэ арга зам хайх шаардлага тулгарсан юм. Ашигласан усыг экологид ээлтэй аргаар шийдвэрлэх, сувд үржүүлэх цөөрөмд ус цэвэршүүлэгч ургамал тарих, “хясаа + загас”, “хясаа + бадамлянхуаны иш” зэрэг усны бүтээгдэхүүн хамтатган тариалах мэргэжлийг суралцах зэрэг арга замаар сувд тариалах аж ахуй маань аажмаар ногоон өөрчлөлтөө биелүүлсэн юм гэж Вэй Гүөсүн эргэцүүллээ.

   Шан Шя Хү суурингийн сувд үржүүлгийн нэгэн сууринд сэтгүүлч бас шинэ төрлийн үржүүлэх технологитой танилцсан юм. Техникч үржлийн автоматжуулсан системийг нээсэнд урьдчилан боловсруулсан замаг нь зааврын дагуу голын хясааны биед маш оновчтойгоор зөөвөрлөгдөн орж байлаа.

   - 2018 онд энэхүү технологи Жэжян мужийн хэмжээнд ашиглагдаж эхэлсэн бөгөөд улмаар урт хугацааны турших сувдан тариалалт болон ус хамгаалах ажил хооронд оршиж байсан зөрчил шийдэгдсэн. Үүнээс гадна, сувдан тариалалтын үр ашиг ч ихээхэн сайжирсан юм. Уламжлалт тариалалтын арга нь га бүрд зөвхөн 15 мянган ширхэг сувдыг үйлдвэрлэдэг байсан бол одоо 150 мянгад хүрч, га бүрээс 3 сая юаний ашиг хүртэх болсон гэж Жэжян мужийн Чин Хү группын захирал Рэнь Кэжюань ярьлаа.

   Экологийн өөрчлөлт хийсний ачаар Шан Шя Хү суурингийн усны чанар ч сайжирч, чанар сайтай усанд тариалсан сувдны өнгө, хэмжээ, чанар нь ч сайжирсан байна.

  Голын хясаа үржүүлэн тэжээх хэмжээ багассан хэдий ч Шан Шя Хү суурингийн сувдны чанар, үнэ өртөг нь жилээс жилд нэмэгдсэн,         2017-2022 онууд дахь сувдны борлуулалт 10 тэрбум юаниас 40 тэрбум юаньд хүрсэн байна.

   Сувдны үнэ цэн нэмэгдлээ

   Жүжи хотын засгийн газрын удирдагчид түрүүхэн нисэх онгоц түрээслэн Хонгконг руу нисээд ирсэн сурагтай. Онгоцонд 300 гаруй аж ахуйн нэгж /худалдаачид/-ийн 800 орчим сувдан худалдаачид сууж явсан байна. Тэд энэ удаад 39 дэх удаагийн Хонгконгийн олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнд оролцсон төдийгүй үзэсгэлэнгийн зохион байгуулагч талаас тусгайлан “Жүжи ордон”-г зохицуулсан байна.

  “Руань Шы сувд”-ны лангууны өмнө маш олон үйлчлүүлэгч бөөгнөрөн, тус брэндийн оффлайн худалдааны хэлтсийн ерөнхий менежер Ван Фан ачаалал ихтэй ажиллаж байлаа.

   - Энэ жилийн үзэсгэлэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь хамгийн нөлөө ихтэй нэг удаа болж, худалдааны хэмжээ шинэ дээд хэмжээнд хүрсэн.

   2013 оны эхээр “Руань Шы сувд”-ыг төрийн бэлэг болгон гадаадын зочдод бэлэглэж байсан түүхтэй. 1988 оноос сувдны дунд, өндөр зэрэглэлийн түүхий эдийг бөөнөөр худалдаалж эхэлсэн тус брэнд нь олон жилийн турш бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, үнэт эдлэлийн дизайн, брэндийн бүтээн байгуулалтаараа Хятадын сувдны салбарын ноён байрыг эзэлсэн.

   - Хятадын өндөр чанартай сувдыг олон улсын зах зээлд нийлүүлэхийг бид хүсэж байна гэж Ван Фан хэлсэн юм.

  Хятадын тариалж боловсруулсан цэнгэг усны сувд нь дээр үед ерөнхийдөө жижиг, галбир тааруу, өнгө багатай зэрэг асуудалтай байсан бөгөөд үнэ нь ч далайн сувднаас хамаагүй бага байжээ. Цэнгэг усны сувд борлуулагч тэргүүлэх аж ахуйн нэгжүүд технологийн судалгааг хошуучлан хийж, тасралтгүй хүчин зүтгэсний улмаас технологийн эдгээр саад бэрхшээлийг даван туулж чадсан юм. Үүний үр дүнд Шан Шя Хү суурингийн “Эдисон” зэрэг брэндүүд олон улсын нэрд гарсан далайн сувдан төрлийн “Australian White”, “AKOYA” зэрэг брэндтэй чанараараа мөр зэрэгцэх хэмжээнд хүрсэн байна.

  - Түүхий сувдны жижиглэн худалдаанаас боловсруулсан бүтээгдэхүүний жижиглэн худалдаа хүртэлх өөрчлөлт нь брэндийн бүтээн байгуулалтаас үүдэлтэй. Бид олон улсын нэр хүндтэй үнэт эдлэлийн дизайнеруудыг урьж, хятадын уламжлалт соёлтой хослуулан олон цуврал сувдан эдлэлийн бүтээгдэхүүн хийсэн нь улсын дотоод, гадаадын маш олон хэрэглэгчийн таашаалд хүрсэн гэж Жүжи хотын И Чэн компаний ерөнхий менежер Чэнь Хунжян ярьлаа.

  Хагас зууны хугацаанд Шан Шя Хү суурин нь түүхий эдийн хангамжаас брэндийн удирдлагад шилжин, орон нутгийн сувдны үйлдвэрийн       “хошууч”-аас олон улсын зах зээлд бат бөх байр суурь эзлэх болсон. Жижигхэн хотынхоо лут өөрчлөлтийг хараад Жүжи хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Шэнь Жыжян:

   - Жүжи хотын сувд нь “Хөдөөгийн жижиг   нуур”-аасаа дэлхийн тавцанд хөл тавьлаа. Ирээдүйд “100 тэрбумын түвшний гоо сайхны үйлдвэр” байгуулах зорилтын эргэн тойронд өндөр чанартай сувдны үйлдвэр болох үсрэлтийг түргэсгэх болно гэж итгэл төгөлдөр ярьсан юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл