Өрнө зүгийн “Шар Тогоруут”-аас хуучин танил аяарлаад
Үзэсгэлэнт хаврын гурван сард Янжөү хотыг чиглэмой!
Өнчин дарвуулын алсын бараа хөхөмдөг огторгуйд шингэж
Өргөн тэнэгэр Хөхмөрөн тэнгэрийн хаяанаас буумой!
- Ли Бай

Жуулчид очсон газраасаа заавал сонирхдог нэг зүйл байдаг нь тухайн улс, хотын уран барилга юм. Жишээлэхэд Хятад улсын Хубэй мужийн Үхань хотноо ирсэн жуулчид Шэшань уулын оройд харагдах Хуан Хэ Лөү барилгыг (Шар Тогоруун барилга гэсэн утгагай) үзэхгүй явна гэж үгүй. 223 онд баригдаж байсан гэгдэх Хуан Хэ Лөү барилгын тухай домог, хууч яриа, үлгэр олон янз. Анх 9 давхар бүхий архи ууж байгалийн үзэмжийг сонирхох газар болгон ашиглаж байсан бол Гурван улсын үеэс эзэн хаан, эрдэмтэн мэргэд, эгэл ардын зочлон саатах, шүтэн бишрэх алдартай газар болсон гэдэг.
Ямар ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авьяас, ур ухааныг шингээсэн гайхамшигт дурсгалуудыг туурвин үлдээдэг. Он цагийн урсгалд Хуан Хэ Лөү барилга нь харь гүрнүүдийн халдлага дайралт, байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс шалтааган олон удаа устаж, үрэгдэн үгүй болсон хэдий ч хойч үеийнхний хүчин зүтгэлээр мөн олон удаа сэргээгдэн засварлагдсаар өнөөг хүрчээ.
Одоогийн Хуан Хэ Лөү барилгыг өмнөх зураг төслийг үндэслэн 1985 онд сэргээн засварлажээ Гол барилга нь 8 талт таван давхар, давхар бүр мод мэт харагдах бетон хашлагатай. Өндөр нь 51.4 метр, дээвэр нь гялалзсан алтан шаргал хавтангаар хучигдсан нийт 72 баганаар тулсан бол 60 эртгэр өнцөг нь гадагш сунаж Хятадын хүн ардын уламжлалт соёл иргэншил, ёс заншил, архитектурын хэв маягийг гайхуулан сүндэрлэнэ.
Эрт дээр үеэс "Тэнгэрийн доорх гайхамшигт газар" хэмээн нэр алдар нь түгэсэн Хуан Хэ Лөү барилга орчин үед "Хятадын эртний дөрвөн алдарт барилга”-ын нэг, “Хятадын шилдэг арван түүх, соёлын барилга"-ын нэг, Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газар болж, хол ойрын зочид гийчдэд Хятад соёлыг харуулна.
