solongonews
Нэрт шог зураач Б.Билигийн шилдэг бүтээлээс
2016-07-07 15:37
Нэрт шог зураач Б.Билигийн шилдэг бүтээлээс

   Монгол нутгаасаа дэлхийн хараанд хүртэл тэмүүлж яваа нэрт шог зураач Б.Билиг дундаршгүй авьяас, давтагдашгүй онгодтой гэдгээ дахин дахин харуулсаар иржээ. Тэрээр дэлхийн 48 улс оронд явагдсан олон улсын шог  зургийн уралдаанд олон удаа оролцож зуу гаруй удаа шагнал хүртэж, 6 удаа тэргүүн шагналаар мялаалгаж, дэлхий нийтэд өөрийн нутаг ус, алдар нэрээ дуурсгаж явна. Тэгвэл түүний эдгээр шагнал хүртсэн содон бүтээлийн дундаас дэлхийн шог зургийн тэмцээнд хамгийн анх тэргүүн байрын шагнал хүртсэн бүтээлийг та бүхэнд толилуулъя!


Шог зураг "Сэдэвгүй"


        Нэрт шог зураач Б.Билигийн "Сэдэвгүй" гэх бүтээл нь 2009 онд  Бельги улсад болсон дэлхийн XXI удаагийн Бельги олон улсын шог зургийн үзэсгэлэнд тэргүүн байр эзэлжээ. Энэхүү шагнал бол түүний дэлхийн шог зургийн уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн хамгийн анхны шагнал болно. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн хууч судлалын хамаатай сэдвээр гол агуулгаа болгожээ.
        Б.Билиг энэ удаагийн гол сэдэвт зориулж таван зураг явуулж, "Сэдэвгүй" гэх бүтээл нь шүүгчдийн өндөр үнэлгээг хүртэж тэргүүн байранд тодорсон байв. Тус зургийн хувьд, хууч судлалын хоёр хүн газар доорх агуйд ороод, авсыг нээхэд дотор нь амар тайван нойрсож хүн гарах дургүй авсны тагийг амь тэмцэн татаж байгаа байдлыг зураглажээ. Энэхүү байдал нь бодит амьдралд байж болшгүй. Гэхдээ шог зургаар ийм утга санааг амьд дүрслэг  илтгэж чадсан нь зураачийн авьяас билиг, мөн шог зургийн ид шид байх учиртай. Тус зураг нь нэг талаар шог зургийн дүрийг бүтээж, нөгөө талаар эртний зүйлийг дур таваараа эвдлэн сүйтгэж байгаа байдлыг хошигнохоор дамжуулж, үнэ цэнэтэй түүхийн дурсгалт зүйлсийг хайрлан хамгаалах үзэл ухамсрыг бий болгох хэрэгтэй гэх далд санааг гаргажээ.


Шог зураг "Цорын ганц ундаа”


        Нэрт шог зураач Б.Билиг 1993 оноос эхэлж шог зургийн анхны аянаа эхлүүлсэн юм. Тэрээр шог зургийн бүтээлүүдээ сонин сэтгүүлд нийтлүүлж их л баярлаж явдаг. Эргэцүүлж бодоход 1995 он бол Б.Билигт маш их эрч хүчийг өгч, урам хайрыг нь хөвчилсөн жил байсан байж таарна. Даруй дэлхийн олон улсын үзэсгэлэнд "Цорын ганц ундаа" гэх бүтээлээ дэвшүүлж шилдэг шагнал хүртэв. Энэ нь түүний дэлхийн шагналыг хамгийн анх удаа хүртсэн мартагдашгүй цаг мөч байлаа. Энэ удаагийн тэмцээн нь Солонгос улсад зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн II дайны ялалтын 50 жилд зориулж дэлхийгээ хайрлах сэдвээр гол агуулгаа болгожээ.
        “Цорын ганц ундаа" гэх бүтээл бол дэлхийн бөмбөрцгөөр сэдэвлэсэн зураг болно. Дэлхийн бөмбөрцгийн хэв загвараар нэг лонх ундааг төлөөлүүлж, тус ундааг нэг хүн амтархан ууж байгаа байдлыг илтгэсэн маш хялбар зураг. Хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцгийн шим хөрсөөр оршин амьдарч байдаг ч үүнийгээ хайрлаж хамгаалахгүй, шимийг нь сороод л барчихвал хүн төрөлхтөн оршин тогтнохгүй гэдэг далд санааг харуулжээ. Өмнөх зууны 90-ээд оны бүтээл болохоор тухайн үед байгаль орчин хараахан эвдэгдээгүй, байгаль орчин сайхнаараа байсан цаг үе. Гэхдээ Б.Билигийн тус бүтээл үзэл ухамсрын талаар урьдчилан мэдэж зурсан бүтээл гэж ойлгож болно. Байгаль орчин ахуйгаа хайрлаж хамгаалахгүй бол дэлхийн бөмбөрцөг шим хөрсөө алдаж, хүн төрөлхтөнд олон төрлийн гай гамшиг учруулах аюултай гэдгийг харуулсан содон бүтээл болно.
       Б.Билиг: "Шог зураг бол ганц хүмүүсийг инээлгэж баясгах төдийгүй, хүмүүст зөв санааг олгохоор гол зорилгоо болгодог. Миний зурсан шог зураг бүр монгол нутгийн энерги шингэж байдгаас хүмүүсийн хараанд өгөх сэтгэгдэл нь өөр байдаг. Энэ нь мөн миний шог зургийн давуу тал хэмээн хэлж болно. Тэгвэл "Сэдэвгүй" гэх бүтээл бол сөрөг талаас нь бодож зурагдсан. Түүхийн зүйлийг үнэн мөнөөр нь үеийн үед уламжлан хадгалах нь чухал. Харин эвдэж сүйтгэвэл үнэ өртөг нь алдагддаг гэсэн санааг агуулсан. 'Цорын ганц ундаа' гэх бүтээл бол урьдчилсан сэтгэмжтэй шог зураг. Хүмүүст олон зүйлийг таамаглуулж, олон юмыг бодогдуулах талаар нэлээд давуу байрыг эзэлнэ. Энэ шог зураг маань мартаж болшгүй хамгийн дуртгалд эргэцүүлэлтэй. Тухайн үед манай хошууны шуудангийн хүн надад гадаадын үсэгтэй нэг юм ирсэн гээд л аваад ирсэн. Учир ухааныг нь олсонгүй нээгээд үзэхэд харин дэлхийн шагналыг хүртсэн өргөмжлөл байлаа. Би ч энэхүү шагналыг хүртэнэ гэж огт санаагүй. Зүгээр оролцож үзье гэж бодож бүтээлээ явуулсан. Харин санаанаас давж дэлхийн шагналыг хүртсэн. Тэгээд л хэдэн найзтай баярлан тэмдэглэж байсныг одоо эргээд бодоход нүдэнд тодхон харагдана хэмээн ярив.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл