solongonews
12.89 микрон! Ордосын ноолуур олон улсын нэр хүндтэй шагнал хүртлээ
2026-11-16 16:42

11 дэх удаагийн "Loro Piana" шилдэг ноолуурын шагнал гардуулах ёслол саяхан Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Ийст Виллиж дэх Брант санд (Brant Foundation) болж өндөрлөлөө. Энэхүү ёслолоор ӨМӨЗО-ны Ордос хотын Отог хошууны гурван малчин өрх шилдгээр шалгарсан бөгөөд тэдний дундаас Цэцэнбилэг, Хасцэцэг нар 12.89 микрон ширхэгийн нарийвчлалтай ноолуураараа тэргүүн байрын шагнал хүртжээ.

Хятадын бэлтгэн нийлүүлэгч болох Отог хошууны "Эзэн Хаан" ноолуурын бүтээгдэхүүний ХХК-ийн төлөөлөгч малчдын өмнөөс шагналыг гардан авлаа

 
Энэ жилийн шагналыг Отог хошууны гурван малчин өрх хүртжээ. Тодруулбал, Цэцэнбилэг, Хасцэцэг нар 135.8 кг түүхий ноолуур бэлтгэж, ердөө 12.89 микрон ширхэгийн нарийвчлалтайгаар тэргүүн байр эзэлсэн бол Заяат, Гэгээнтуяа нар 13.01 микроноор хоёрдугаар байр, Ли Фүчян, Чичи нар 13.04 микроноор гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

"Loro Piana" нь LVMH группийн харьяа, зуун жилийн түүхтэй Италийн тансаг зэрэглэлийн брэнд бөгөөд дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхий даяар алдартай. Тус брэндээс 2015 онд санаачилсан "Оны шилдэг ноолуур" (Cashmere of the Year) шагнал нь дэлхийн ноолуурын түүхий эдийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шагнал юм. Жил бүр дэлхийн ноолуурын томоохон бэлтгэн нийлүүлэгч бүс нутгуудаас хамгийн сайн түүхий эдийг сонгож, мэргэжлийн байгууллагууд ширхэгийн нарийвчлал, урт болон чанар гэсэн гурван үзүүлэлтээр нарийн шалгаруулдаг. Ингэхдээ ширхэгийн нарийвчлалыг микроны аравны нэг хүртэлх нарийвчлалтайгаар хэмждэг байна. Энэхүү шагналыг хүртсэнээр тухайн малчдын бэлтгэсэн ноолуур дэлхийн шилдэг түүхий эдээр хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ олон улсын тансаг зэрэглэлийн ноолуурын зах зээлд тус бүс нутгийн эзлэх байр суурь, үнэ цэнийг илтгэн харуулдаг.

Отог хошуу нь Хятадын Арбас үүлдрийн цагаан ямааны гол өлгий нутаг бөгөөд 1.65 сая толгой ноолуурын ямааны тогтвортой сүрэгтэй, жилд 1,200 тонн дээд зэргийн түүхий ноолуур бэлтгэн нийлүүлдэг. "Зөөлөн алт", "ширхэгийн эрдэнэ" хэмээн өргөмжлөгддөг Арбас ноолуур нь Hermès, Louis Vuitton зэрэг олон улсын тэргүүлэгч брэндүүдийн ашигладаг дээд зэрэглэлийн түүхий эд юм. Түүнчлэн "Арбас ноолуур" нь 2024 онд газарзүйн заалтын барааны тэмдгээр амжилттай бүртгэгдсэн байна.
 
1985–1987 онуудад Арбас ноолуур нь Италийн "Zegna" олон улсын ноолуурын алтан медалийг гурван жил дараалан хүртэж байжээ. Харин өнөөдөр гурван малчин өрхийн бэлтгэсэн ноолуур 13 микроны нарийвчлалын түвшинд хүрээд байна. Дөч гаруй жилийн турш Арбас ноолуур дэлхий нийтийн таашаалыг хүртсээр байгаа нь Ордосын ноолуурын салбарын чанарын шинэчлэлийн тод нотолгоо болжээ.


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл