БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 18-ны өдөр Шэньжэнь хотноо АПЕК-ийн (APEC) бизнесийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил бол БНХАУ ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, мөн "Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улс хоорондын сайн хөршийн харилцаа, найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. БНХАУ ОХУ-ын харилцаа нь ямар ч салхи шуурга, сорилтыг үл харгалзан "уул мэт бат бөх" хэвээр байж, бүх зүйлд "алсын хараатай, урт хугацааны өнцгөөс" хандаж ирсэн юм. Энэхүү харилцаа нь тогтворгүй байдал, өөрчлөлтөөр дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд илүү их тогтвортой, тодорхой хүчин зүйл авчирч, тэгш байдал, харилцан хүндэтгэл, шударга ёс, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, их гүрнүүдийн харилцааны шинэ хэлбэрийн үлгэр жишээг буй болгож байна. Ирээдүйг харвал, хоёр тал шинийг эрэлхийлэх, санаачилгатай байх сэтгэлгээгээ хадгалж, шинэ эрин үед БНХАУ ОХУ- ын харилцааны нөөц бололцоо, гүн гүнзгий талуудыг тасралтгүй нээж, хөгжүүлэх шаардлагатай. Мөн бодит байдалд тулгуурлан, иж бүрэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, их гүрний хувьд хүлээх үүрэг хариуцлагаа тууштай үүрч, олон туйлт дэлхий ертөнц болон олон улсын харилцааны ардчиллыг чиглүүлэн, дэмжих учиртай гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, хоёр улсын төрийн тэргүүний хүрсэн тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хоёр тал засгийн газар, хууль тогтоох байгууллага, цэрэг арми, улс төрийн намуудын хоорондох харилцааны механизмуудыг бүрэн ашиглах ёстой. БНХАУ ОХУ-ын бодит хамтын ажиллагаа нь харилцан итгэлцэл гэх улс төрийн давуу тал, хөгжил дэвшил, сэргэн мандалтын төлөөх нийтлэг зорилго, мөн харилцан ашигтай байх үндсэн зарчимд тулгуурладаг. Хоёр улс одоо байгаа хамтын ажиллагаагаа сайжруулж, бэхжүүлэхийн зэрэгцээ, өмнө нь олсон ололтоо бататгаж, шинэ салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Хөрөнгө оруулалт, бизнесийн илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц орчныг бүрдүүлж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь нэн чухал юм. БНХАУ ОХУ-ын хөгжил нь Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжилтэй нягт уялдаатай. Ази-Номхон далайн бизнесийн хамтын ажиллагааны байгууллага (APEC) нь хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал индэр болдог. БНХАУ нь ОХУ зэрэг Ази-Номхон далайн өргөн хүрээний гэр бүлийн гишүүдтэй хамтран тус бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг төлөвлөж, Ази-Номхон далайн бүс нутгийн цогц нэгдлийг цогцлон бүтээхийн төлөө гар нийлэн ажиллахад бэлэн байна гэжээ.
Владимир Путин Хятадын Коммунист Намын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурал амжилттай болж өндөрлөсөнд халуун баяр хүргэв. Тэрээр энэ онд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дөрвөн удаа маш үр дүнтэй уулзалт хийснээ онцлон тэмдэглээд, эдгээр уулзалт нь ОХУ БНХАУ-ын харилцааг тогтвортой, өсөлттэй хэвээр байлгахад чухал нөлөө үзүүлснийг дурдлаа. Тэрээр хэлэхдээ, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд тогтмол үргэлжилж, хоёр талын худалдааны эргэлт шинэ дээд түвшинд хүрч, олон салбарт бодит хамтын ажиллагаа томоохон ахиц дэвшил гаргалаа. Түүнчлэн, хоёр улсын хооронд "Боловсролын жил"-ийн санаачилгууд өргөн хүрээнд хэрэгжиж, визгүй зорчих журам нь иргэд хоорондын харилцааг ихээхэн хөнгөвчилж өгөв. ОХУ нь БНХАУ-тай "мөр зэрэгцсэн" стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна. Үүнд өнгөрсөн хугацааны туршлагад тулгуурлан ирээдүйгээ төлөвлөх, худалдаа, эрчим хүч, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, мөн хоёр ард түмэнд илүү их үр өгөөж хүртээх үүднээс иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна. ОХУ Шэньжэнь хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд БНХАУ-д баяр хүргэж байна. ОХУ нь БНХАУ-тай хамтран Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих, олон туйлт дэлхий ертөнцийг цогцлох үйл явцыг хамтдаа урагшлуулах, илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, мөн олон улсын харилцаан дахь тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
