solongonews
ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Цао Ли:ХКН-ын засаглалаар Хятадын засаглалын шинэ цар хүрээг нээхүй
2026-11-24 16:45
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли 11 дүгээр сарын 23-нд Монгол Улсын “Өдрийн сонин”-ы “Хятадын элчин сайд Хятад улсын засаглалын талаар өгүүлэв” булан болон news.mn мэдээллийн сайтад “ХКН-ын засаглалаар Хятадын засаглалын шинэ цар хүрээг нээхүй” гарчигтай нийтлэл хэвлүүлэв.

 
Өнгөрсөн сард Хятадын Коммунист Намын XX удаагийн Төв Хорооны тавдугаар бүгд хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлаар Хятадын Коммунист Нам шинэ эрин үед намыг бүх талаар хатуу засах чиглэлээр гаргасан агуу амжилтууд, үнэт туршлагыг системтэйгээр дүгнэж, намын байгуулалтад тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг, шинэ сорилтуудад гүнзгий дүн шинжилгээ хийж, намыг бүх талаар хатуу засах ажлыг тууштай дэмжих стратегийн төлөвлөгөөг гаргасан бөгөөд Хятадын Коммунист нам цаашид улс орны бүх үндэстний ард түмнээ илүү нягт нэгтгэн удирдаж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын их үйл хэргийг бүх талаар урагшлуулахад энэхүү чуулган чухал бодит ач холбогдолтой. Түүнчлэн тус чуулган нь дэлхий нийтэд “Хятадын Коммунист намын засаглал” болон “Хятадын засаглал”-ын амжилтын нууцыг танин мэдэх чухал цонхыг нээж өглөө. Энэхүү нууцыг тайлах гурван гогцоог би та бүхэнтэй хуваалцъя.
 
Нэг. Улс орныг засаглахын тулд юуны өмнө намыг засах ёстой. Хятадын хөгжлийн гол зангилаа нь Хятадын Коммунист Нам юм. “Хятадын засаглал”-ыг ойлгохын тулд юуны өмнө “Хятадын Коммунист Намын засаглал”-ыг ойлгох шаардлагатай. Хятадын Коммунист Нам бол Хятадын онцлогтой социалист үйл хэргийн бат бөх удирдан чиглүүлэгч цөм бөгөөд энэ нь түүх болон ард түмний сонголт юм. Хятадын Коммунист Нам байгуулагдсанаасаа хойш 105 жилийн хугацаанд ард түмнээ удирдан Шинэ Хятад улсыг байгуулж, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдал хэмээх хоёр гайхамшгийг бүтээсэн юм. Мөн чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулах эхний зуун жилийн зорилтоо биелүүлж, орчин үеийн социалист хүчирхэг улсыг бүх талаар байгуулах хоёр дахь зуун жилийн зорилгынхоо төлөө эрч хүчтэйгээр урагшилж байна.
 
Өнөөгийн Хятад улс эдийн засгийн нийт хэмжээ 140 их наяд юань давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн байр сууриа тогтвортой хадгалж байна. Хиймэл оюун ухаан, робот, био-анагаах ухаан зэрэг технологийн дэвшилтэт салбаруудад инновацын шинэ ололт амжилтууд хурдацтай гарсаар байна. Шинэ бүтээлийн патент мэдүүлгийн тоо болон дэлхийн шилдэг 100 инновацын кластерын тоогоор дэлхийд тэргүүлж байна. 100 сая орчим хүн туйлын ядуурлаас ангижирч, нэг хүн тутмын дундаж наслалт 79 давж, заавал эзэмших боловсролын сургалтад хамрагдалт 100 хувьд хүрсэн байна. Улсын хэмжээнд ойн бүрхэлтийн хэмжээ 25 хувиас давсан бөгөөд дэлхийн хэмжээнд нэмэгдсэн ногоон байгууламжийн талбайн дөрөвний нэгийг бүрдүүлж, нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаараа нүүрсний цахилгаан станцыг давж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн дунд нэгдүгээрт жагслаа. Намын бүх талын удирдлагыг баримталж, бэхжүүлэх нь өнгөрсөн хугацаанд бидний гаргасан амжилтын гол нууц төдийгүй цаашид илүү их амжилтад хүрэх үндсэн баталгаа юм.  
 
Хоёр. Намыг бүх талаар хатуу засах нь Хятадын Коммунист Намын амьд эрч хүчээ мөнхөд хадгалах зайлшгүй зам мөн. Хятадын Коммунист Нам анх байгуулагдахдаа 50 орчим гишүүнтэй байсан бол өнөөдөр 100 сая гаруй намын гишүүн, 5 сая 400 мянга гаруй анхан шатны намын байгууллагатай, дэлхийн хамгийн том улс төрийн нам болон өргөжин бэхэжжээ. Том байх нь том давуу талтай ч тэр хэрээр бэрхшээл ч мөн бий. Эмх замбараагүй байдал, хөгжил доройтол ээлжлэн солигддог түүхэн мөчлөгөөс хэрхэн гарах вэ гэдэг нь Хятадын Коммунист Нам урт хугацаанд засгийн эрх барихдаа зайлшгүй хариулах ёстой үндсэн асуудал юм.
 
Ши Жиньпин дарга “Өөртөө хяналт тавих нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд төрийн засаглал дахь Голдбахийн таамаглал юм” хэмээн онцолсон байдаг. Энэхүү ээдрээтэй асуудалтай тулгарахдаа Хятадын Коммунист Нам ард түмний байр суурийг тууштай баримталж, өөрийгөө хувьсгалжуулах зарчмыг баримтлан, намыг бүх талаар хатуу засаж, намын эрүүл тогтолцоог дотроос нь доройтуулж буй сөрөг хүчин зүйлсийг тасралтгүй арилгаж ирсэн юм. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд, Хятадын ард иргэд нам болон Засгийн газарт итгэх сэтгэл ханамжийн түвшин удаан хугацааны турш 90 хувиас дээш үзүүлэлттэй гарчээ. Хятадын Коммунист Нам нь намыг бүх талаар хатуу засахаар зуун жилийн түүхтэй намын өөрийгөө хувьсгалжуулах шинэ цар хүрээг нээж, улмаар Хятадын засаглалын шинэ түвшнийг тасралтгүй бий болгож байна.
 
Гурав. Хятадын Коммунист Намын засаглал нь дэлхийн засаглалд эерэг хувь нэмэр оруулж байна. Улс төрийн намууд нь улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэгч хүч юм. Ямар намыг хэрхэн байгуулах вэ гэдэг нь улс орнуудын улс төрд тулгардаг нийтлэг асуудал юм. Хятадын Коммунист Намын засаглалын бодит туршлага нь зөвхөн барууны улс төрийн намын загвар зөв гэх ташаа ойлголтыг няцааж, улс орнуудын улс төрийн намын байгуулалт болон төрийн засаглалд ашигтай туршлага болж байна.
 
Хятадын Коммунист нам нь зөвхөн Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтын төлөө ажиллааад зогсохгүй, хүн төрөлхтний ахиц дэвшлийн төлөө, дэлхий дахины их эв нэгдлийн төлөө ажиллаж байна. Ши Жиньпин дарга хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншил болон засаглалын талаарх даян дэлхийн дөрвөн том санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь Монгол Улс зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг хүлээсэн юм. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үзэл баримтлалыг баримталж, НҮБ-ыг гол цөмөө болгосон олон улсын тогтолцоог тууштай хамгаалан, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудалд шударга ёсыг баримталж, өндөр чанартай гадаадад нээлттэй байдлаар Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн үр өгөөжийг дэлхий нийттэй хуваалцаж байна. Мөн Олон улсын эвлэрүүлэн зуучлах байгууллага, Дэлхийн дата байгууллага, Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага зэргийг санаачлан үүсгэн байгуулаад буй нь өргөн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийтийн бүтээгдэхүүн болж байна.
 
Хятадын Коммунист Намын удирдлага дор хэрэгжүүлж буй Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл нь зөвхөн өөрийн хөгжлийг эрхэмлэсэн шинэчлэл бус, харин өөрийн орны тогтвортой хөгжил цэцэглэлтээр дамжуулан дэлхий нийтэд тогтвортой байдал, тодорхой байдлыг оруулж, дэлхийн улс орнуудад ялангуяа Монгол Улс зэрэг хөрш орнууддаа “Хятадын боломж 2.0”-ийг нээж байна. Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бид элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай баримталж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжиж байна. Хятадын тал Монголын талтай улс төрийн намыг удирдах, улс орныг засаглах туршлагаа цаашид улам гүнзгийрүүлэн солилцож, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэн, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, улс орны орчин үеийн шинэчлэлийн замд мөр зэрэгцэн урагшилж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ үр дүнг тасралтгүй бий болгоход бэлэн байна.
 (Цао Ли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч)


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих