solongonews
Яруу найрагч Б.Тогтомжийн ”Харанхуйд цэнхэртэхүй” номын баяр боллоо
2015-02-11 20:14
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлүүд кирил бичгээр хэвлэгдэж монголын уншигчдад хүртээл болсоор байна. Тэгвэл энэ өдөр Шилийнгол аймгийн Сөнөд баруун гар хошуу нутагтай Өвөр Монголын яруу найрагчдын нэгэн томоохон төлөөлөл болох яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомжийн “Харанхуйд цэнхэртэхүй” нэртэй номын нээлтийн баяр Монгол Улсын Интерном номын дэлгүүрийн танхимд боллоо.

       Нээлтийн ёслолд Болор цомын эзэн яруу найрагч, доктор До.Болдхуяг, Болор цомын эзэн яруу найрагч Б.Галсансүх, Утга зохиол судлаач шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор Т.Батхуяг, доктор Ш.Баттөр болон монголын нэр хүндтэй зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчид оролцсон юм. Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлээс хариуцан зохион байгуулсан энэхүү номын баярын үеэр "Харанхуйд цэнхэртэхүй" номыг монголын бүх сургууль, номын сангуудаар хүртээсэн байна. Энэ үеэр доктор Т.Батхуяг:  -Сүүлийн үед монголд кирил үсгээр Өвөр Монголын яруу найрагчдын бүтээл олноороо гарч байгаа. Түүнчлэн Өвөр Монголын яруу найрагчдын бүтээлийг монгол уншигчид сонирхон унших боломж нээгдэж байгаад олзуурхаж,  Өвөр Монголын яруу найргийн өнөөгийн хөгжлийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.Тэрээр мөн удахгүй Өвөр Монголын залуу яруу найрагчдын бүтээлийг эмхтгэн гаргахаар зэхэж байгаа юм байна. Дашрамд дурдахад, саяхан Болор цомын эзэн яруу найрагч, доктор До. Болдхуяг "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номын нээлтийг Интерном номын дэлгүүрт тэмдэглэсэн нь үүний адил монголын уншигчдад бас нэгэн шинэхэн бэлэг болсон юм.


                                                                               Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл