solongonews
Бизнесийн амьд домог Ма Юнь
2015-02-05 20:18
Азийн хамгийн чинээлэг эрхэм, Дундадын хамгийн өгөөмөр ивээгч, англи хэлний багш Ма Юний (Жак Ма) үүсгэн байгуулсан Алибаба групп Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ил гарч дэлхий дахиныг донсолголоо.

        Өнгөрөгч зууны 90-ээд оны дунд үеэс интернетийн урсгал Дундад улсад гараагаа эхлүүлэн эрч хүчээ авснаас хойш даруй маш богино хугацаанд хурдацтай хөгжиж, вебсайт ажиллуулан нэрд гарсан олон арван бизнесмэн төрөн гарсан билээ.Тэдний дундаас Дундад улсын технологийн салбарт томоохон орон зай эзэлж яваа “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Ма-Юнь эрхэмийг онцолж байна. Өдгөө тэрээр дэлхийн цахим худалдааны хамгийн том вебсайт "Алибаба" группийг ажиллуулж байгаа юм. Урьд нь хүмүүс түүнийг мэддэггүй, таньдаггүй байсан бол өнөөдөр түүний нэр алдар ертөнцийн чихнээ дуурсаж байна. 


        Азийн хамгийн чинээлэг эрхэм, Дундадын хамгийн өгөөмөр ивээгч, англи хэлний багш Ма Юний (Жак Ма) үүсгэн байгуулсан Алибаба групп 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ил гарч дэлхий дахиныг донсолголоо. Алибаба групп Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаагаа 68 ам.доллараар үнэлэн гаргасан боловч хувьцааны үнэ нь 89.70 ам.доллар хүрсэн өндөр амжилт үзүүлэв. Хөрөнгийн бирж хаах үед 89.93 ам.долларт хүрч, дунджаар 38.07 хувь өсөж, Алибабагийн зах зээлийн үнэлгээ 231.4 тэрбум ам.долларын үнэтэй компани болсон байна. 
        Жак Ма “Alibaba” группийг үүсгэн байгуулагчийн хувьд 6.3 хувийн хувьцааг эзэмшсэн ба бусад хувьцаагаараа 28.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, Азийн тэргүүн баян болов. “2014 оны Хү Рүнь хандивын жагсаалт”-д Ма Юнь 14.5 тэрбум юань хандивлаж, хандивын мөнгөний тоо Дундад улсын хандивын шинэ амжилт тогтоож, нэгэн шинэ ээлжийн “Дундадын хамгийн өгөөмөр ивээгч” ба “2014 оны БНДАУ-ын хамгийн өгөөмөр ивээгч” болсон гэж тэмдэглэж байлаа. 

 


Англи хэлний багшаас ажлын гараагаа эхэлсэн нь
        Жак Ма 1964 онд төрсөн. Балчир багаасаа сэргэлэн цовоо, ухаалаг, аливааг урамтай сурдаг, ажилсаг хөдөлмөрч хүүхэд байлаа. Тэрээр 1984 онд Хан Жөүгийн Багшийн дээд сургуулийн англи хэлний ангид элсэн орж, 1988 онд сургуулиа дүүргээд Хан Жөү хотын цахим шинжлэх ухааны дээд сургуулийн англи хэлний анги, мөн олон улсын худалдааны ангид багшлав. Ийнхүү богино хугацаанд Хан Жөүгийн шилдэг залуухан багшаар үнэлэгдэж, Хан Жөүгийн орчуулгын салбарт нэлээд нэр хүндтэй хүн болсон юм. Хожим нь 1992 он гэхэд Жак Ма өөрийн анхны арилжааны аж ахуйн нэгж болох “Хай Бө орчуулгын товчоо”-гоо үүсгэн байгуулж, зах зээлийн ертөнцөд анх хөл тавьсан байна. Тэрхүү товчоо нь үүсгэн байгуулагдсан анхны үедээ алдагдалтай байсан бол хожим нь ашиг орлого ихтэй болж, компаниа үргэлжлүүлэн хоёр жил ажиллуулсан Жак Ма 1994 онд гэнэтийн тохиолдлоор анх удаа Америкт очиж, найзынхаа гэрт буудаллан интернэттэй анх танилцав. Интернэт түүний анхаарал сонирхлыг ихэд татаж, шинэ бизнесийн салбар гарч ирж байгааг ажиглан мэдсэн гэх. Дараа нь улсдаа эргэж ирээд хамтран ажиллагчид болон гэргийнхээ хамт 20 мянган юань цуглуулж, худалдааны холбогдолтой мэдээ мэдээлэл нийтэлдэг Дундадын хамгийн анхны сүлжээ болох “Дундад улсын шар хуудас” (Yellow Page) нэртэй вэбсайт хийдэг компани байгуулав. Тусгайлан аж ахуйн нэгжүүдэд нүүр хуудас хийж өгдөг ба уг сайт нь ердөө гурван жилийн хугацаанд 5 сая юаний орлого олсон байна. 1997 онд Жак Ма хамтрагчдынхаа хамт Бээжинд ирж, БНДАУ-ын Гадаад худалдааны яамтай хамтарч засгийн газрын вебсайт, Дундадын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах вебсайт, Дундад улсын арилжаа худалдааны онлайн зах зээл, Дундад улсын технологи, экспортын вебсайтын яармаг болон Дундад улсын гадаад эдийн засаг, худалдаа зэрэг улсын зэрэглэлийн вебсайтуудыг нээн ажиллуулсан байна. 


        1999 он гэхэд Жак Ма Бээжин дэх худалдаа арилжаагаа орхин, гадаад худалдааны яамны ажлаасаа гарч, Хан Жөү-д буцаж харихаар шийдэв. Хан Жөү-д харьсны дараа тэрээр гэргийнхээ хамт найз нөхөд, багшилж байх үеийнхээ хамт ажиллагсдаасаа 500 мянган юань зээлж, Алибаба нэртэй компани байгуулан электрон худалдааны үйлчилгээ явуулж эхлэв. 
        Жак Магийн хүүхэд насандаа хүлээсэн ялагдал болгон түүнийг хатуужуулжээ. 2000 онд интернэтийн эдийн засаг буурахын хирээр, интернэтийн ажил нь уналтын үедээ орсон байлаа. Алибаба ч энэхүү эрсдэлийн эргүүлгээс мултарч чадсангүй. Хүмүүс итгэл алдарч, чадвартай нь өөр ажилд шилжин, Алибабагийн дотоодын зарим газрууд дахь хэрэг эрхлэх газрууд ар араасаа үүдээ хаасан байлаа. Гэвч Жак Ма ер бусын халуун сэтгэл, итгэлийн хүчнээр Алибабагаа ажиллуулсаар ирэв. Удирдагч хүн ямар ч хүнд цохилтыг дааж чаддагаараа ажилтнуудаасаа ялгардаг байна. 
        Жак Ма 2003 оноос эхлэн урьд хожид Алибаба, Таобао, Жы Фү Бао, Алимама, Тяньмао, Итаован, Алиюнь зэрэг дотоодын цахим худалдааны алдартай брэндүүдийг үүсгэн байгуулсан юм. Тэр анхнаасаа л олон улсын цахим худалдааны сүлжээ байгуулах хүсэлтэй байлаа. Алибаба групп Alibaba.com, taobao.com зэрэг цахим хуудасны сайтаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, өдгөө Дундад улсын интернэт худалдааны 80 хувийг эзэлсэн байна. 


        Жак Ма 2005 оны 8 дугаар сард Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Алибаба компани нь Yahoo-гийн Дундад улс дахь бүх хөрөнгийг худалдан авснаа зарласан бөгөөд Yahoo-гийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хүлээн авснаа мэдэгджээ. Энэ бол Дундад улсын интернэт сүлжээний түүхэн дэх хамгийн том хавсарган нэгтгэлт юм. Мэдээж хэрэг, Yahoo бол интернэт сүлжээний салбарын аварга гэдэгтэй хэн ч маргахгүй. Yahoo компани дэлхийн олон газарт 25 компани худалдан авсан боловч үүнээс өмнө нь өөрийн хөрөнгөө ерөөс бусдад худалдаж байгаагүй. Гэтэл Жак Ма ямар аргаар Yahoo-гийн хөрөнгийг худалдан авсныг хүмүүс одоо хүртэл сонирхсоор.
        Alibaba.com бол 6 сая гаруй үйлчлүүлэгчтэй. Жак Ма энэ сайтыг анх нээхдээ 240 гаруй улсын импортлогч, экспортлогчдын дунд гүүр болж, ялангуяа Дундад улсын жижиг дунд үйлдвэрийг гадаадын зах зээлд гаргах зорилготой байсан ба Taobao.com-ийг 2003 онд олон төрлийн жижиглэнгийн бараа худалдаалахаар ажиллуулсан нь удалгүй Дундадын хамгийн их хандлагатай сайтуудын гуравдугаарт бичигдэх болсон байна. Таобао-д үнэгүй бүртгүүлж, төлбөрийн системийг үнэгүй ашиглан, захиалгын хөлс төлөх шаардлагагүй учраас хэрэглэгчдийн тоо ийнхүү хурдтай өссөн байна. Үүнээс гадна Америкийн Paypal-тай эн зэрэгцэхүйц Alipay системийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. 2012 онд Алибаба нь Оросын хамгийн том зах зээл болох Qiwi онлайн төлбөр тооцооны системтэй стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр хийснээс Оросын зах зээл Дундад улсад нээлттэй болсон ба Оросын хэрэглэгчид энэхүү төлбөр тооцооны системийг ашиглан Алибаба тавцан дахь Дундадын бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болсон байна. 


        2014 оны 4 дүгээр сард Дундадын хамгийн том Youku, Tuudou видеохостингийн хувьцааны 16.5 хувийг худалдан авсан ба мөн оны 6 дугаар сард Хонконгийн “China Vision Media Group Limited” компанийг 804 сая ам.доллараар худалдан авч, “Alibaba Pictures Group Limited” хэмээн нэрлэв. Мөн 2014 онд эхлэн ажиллуулсан Тянь Мао олон улсын Лидо /Lidu/ улам хөгжиж байлаа. Өнгөрөгч онд Алибаба групп Франц, Австрали, Итали зэрэг орнуудын засгийн газартай гэрээ хэлэлцээр байгуулж, эдгээр улс орнуудын аж ахуйн нэгжүүд Тянь Мао олон улсын Лидо-гоор дамжин бараа бүтээгдэхүүнээ борлуулж болно гэж тогтжээ. Мөн тухайн жилийн 8 дугаар сард Жак Ма Солонгос улсад айлчилсан ба тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе түүнийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талаараа Солонгосын аж ахуйн нэгжүүд Дундад улсын цахим вебсайтын зах зээлд орох талаар ярилцсан байна. 


Бизнесийн домог Жак Ма-гийн хүсэл мөрөөдөл  
        Alibaba-гийн порталаар гүйлгээ хийдэг хүмүүсийн тоо 300 саяыг давж байна. Тэгэхээр Жак Ма 10 саяас багагүй тооны гадаадын жижиг дунд үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнийг интернэтээр борлуулах боломжийг бүрдүүлж, Алибаба-г дэлхийн жижиг дунд үйлдвэрийн талбар болгох хүсэлтэй аж. 
        Зөвхөн цахим худалдаа л интернэтийн сүлжээний алтны уурхайг олборлож чадна гэж Жак Ма үздэг. Бусад хүн түүнийг яаж үнэлж байсан ч Жак Ма өөрийн зорьсон замаараа замнасаар байна. Хэрвээ миний тавьсан хүсэлт, саналд нийт хүмүүсийн ерээс дээш хувь нь “тийм” гэж хариулбал би энэ саналыг шууд хүчингүй болгоно. Шалтгаан нь их энгийн, хэрвээ тухайн саналыг дэмжиж, сайн гэж үзэж байгаа тийм олон хүн байвал энэ санаан дээр ажиллаж байгаа зөндөө хүн байна гэсэн үг гэж тэр өмнө нь хэлж байжээ. 
        Тэрээр Дундадын бизнесмэнүүд дундаас Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны эрхэм хүнээр шалгарсан юм. 
        “Би гэргийтэйгээ хамт анх үйл ажиллагаа эрхлэх үед 50 наснаас өмнө мөнгө цуглуулж, 50 наснаас хойно хандивын болон олон нийтийн халамжийн ажилд илүү оролцоно гэж хэлэлцэж тохирсон” гэж Жак Ма хэлж байлаа. 
        Бизнесийн домог болсон Жак Ма энэ их амжилт, хөрөнгөөрөө цаашид юу хийдэг бол? Хамтдаа хүлээх л үлдлээ.

 

Зохиогч: Шинэцэцэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл