Д.БОЛДБААТАР: - МИНИЙ БИЕ БНДАУ-Д СУРАЛЦАХ ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛАН "ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХУЙН" НУУЦ ЛЕКЦЭЭ УНШИХ ГЭЖ БАЙНА. МАНАЙ ФЭЙСБҮҮК АНДУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ. ХӨӨРХӨН БЯЦХАН ШАВЬ НАР МААНЬ БАГШТАЙГАА ХҮРЭЛЦЭН ОЧИЖ СУРЧ МЭДСЭН ЗҮЙЛСЭЭ ХҮРЭЛЦЭН ИРСЭН ХҮМҮҮСТ СОНИРХУУЛАХ БОЛНО. МИНИЙ ЗОХИОЖ, ОРЧУУЛЖ ХЭВЛҮҮЛСЭН ТОЛЬ БИЧИГ, СУРАХ БИЧИГ БОЛОН УРАН ЗОХИОЛЫН НОМНУУД ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАН МАНАЙ "ГЭГЭЭ" КОЛЛЕЖИЙН ҮЕ ҮЕИЙН ОЮУТНУУДЫН ШИРЭЭНИЙ НОМ ШАХАМ БОЛОН ХУВИРСАН "ХӨХӨМДӨГ ҮҮЛТ ТЭНГЭР" РОМАН БҮРЭН ЭХЭЭРЭЭ МОНГОЛ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДААД УДАХГҮЙ УНШИГЧ ТА БҮХНИЙ ХҮРТЭЭЛ БОЛОХ ГЭЖ БАЙГАА БИЛЭЭ. ТҮҮНИЙ ӨМНӨТГӨЛИЙГ ТА БҮХНИЙ ТААЛАЛД СОНИРХУУЛЖ БАЙНА.

ӨМНӨТГӨЛ
Тайваний хамгийн алдартай эмэгтэй зохиолч Чюн Яогийн монгол хэл дээр орчуулагдсан хоёр дахь роман болох «Хөхөмдөг үүлт тэнгэр» уншигч та бүхний гар дээр очиж байна. Чюн Яогийн монгол хэл дээр хэвлэгдсэн анхны роман буюу «Сюэкө бүсгүйг» манай уншигчид сайн мэдэх билээ. Уг бүтээлээс сэдэвлэн бүтээсэн «Сюэкө бүсгүйн хувь заяа» нэрт олон ангит кино ерээд оны дундуур Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болж байсан бол хоёр гурван жилийн өмнө «Х ТҮЦ» хамтлагийнхан уг бүтээлээс сэдэвлэн «Сэрүүн хасын нууц» драмын жүжигийг найруулан тоглож чамгүй амжилт олж байсныг та бүхэн санаж байгаа буй за. «Хуаньжу гэг», «Хурмастын нулимс», «Утаан хөшигт давхарлиг асар», «Шиврээ бороо шимшрэх сэтгэл», «Шинэ саран авхай», «Тэргүүлэгч цэцгэн тамга» зэрэг Чюн Яогийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүдийг манай цөөнгүй үзэгчид өнөө хэр тодхон санаж байгаа гэдэгт итгэж байна. Тэр болгоны дийлэнхийг миний бие цаг заваа гарган орчуулж үзэгч түмнийхээ хүртээл болгож чадсандаа өнөө хэр сэтгэл өег явдгийг энд тоочин өгүүлэх нь бараг илүүц хэрэг буй за.
Зөвхөн эх газрын хятад, Тайвань гэлтгүй Гонконг, Макао, Сингапур, Вьетнам, Солонгос, Япон зэрэг азийн улс орнуудад Чюн Яогийн бүтээлүүд маш их нэр хүндтэй байдаг. Өмнөд Солонгост л гэхэд Чюн Яогийн жар гаруй роман бүгд орчуулагдсан байдгаас түүний бүтээлийн нөлөө ямархуу цар хүрээтэй дэлгэрснийг төвөггүй мэдэж болно. Хятад хүн амьдарч байгаа газар орон бүхэнд хоёр зохиолчийн бүтээлийг төвөггүй уншиж болмуй» гэсэн үг байдгийн нэгэнд Чюн Яо багтдаг билээ. Харин нөгөө нь «Цас уулын нисдэг үнэг», «Бугын тэмдэгт тулга», «Тэнгэрийн луугийн найман аймаг» зэрэг бүтээлээр нь манай үзэгчдийн сайтар мэдэх болсон Гонконгийн алдарт зохиолч Жинь Юн юм.
Нэрт зохиолч Чюн Яо 1938 онд Хятадын Чэндү хотод төрөөд 1949 онд эцэг эхийн хамт Тайвань аралд шилжин суурьших болжээ. Түүний анхны томоохон бүтээл болох «Цонхны цаана» нэрт роман залуу уран бүтээлчид ихээхэн нэр хүндийг авчирсан гэдэг. Тэр цагаас хойш өдий болтол туурвисан түүний жаран дөрвөн романы дийлэнх нь кино болон телевизийн олон ангит кино болон найруулагдаж үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
Хүний сэтгэл хөдлөм, хурц нарийн дүрслэлтэй Чюн Яогийн зохиолууд амьдралын баяр жаргал, зовлон гуниг, цэвэр ариун хайр сэтгэлийг сонирхолтой хэлбэрээр илэрхийлэн гаргасан байдаг болохоор бүх насны уншигчдын зүрх сэтгэлийг ховсдон татах шидтэй юм. Тэр дундаас цэвэр ариун сэтгэлтэй, чин хайрынхаа төлөө амь насаа ч гаргуунд нь гаргахаас буцахгүй чин зоригт эмэгтэйчүүдийн дүр түүний бүтээлд тод томруун байр суурийг эзлэдэг.
Учир нь зохиолч өөрөө эмэгтэй хүн болохоороо эмэгтэй хүний дотоод ертөнц торгон зөөлөн мэдрэмжийг илүү тод томруун дүрслэн бичдэг ч байж мэдэх юм.
Зохиолч Чюн Яогийн Монгол улсад хэвлэгдэж байгаа хоёрдахь роман болох «Хөхөмдөг үүлт тэнгэр» булган сүүлтэй байж түүний гадаад дотоодод нэр алдар нь дуурссан жаран дөрвөн роман ар араасаа Монгол хэл дээр орчуулагдан уншигч олны маань мэлмийг мялаах болтугай хэмээх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

