Монголчууд эрт дээр үеэс жил бүрийн билгийн улирлын арван хоёр дугаар сарын хорин гуравны өдөр галаа тахидаг уламжлалтай. Галын тахилга бол нийт монголын зан заншил, нийгэм цагийн бэлэг зөгнөл гэж хэлдэг.
Жил болгон артан хоёр сарын хорин гуравны өдөр тохиох бүр монгол одон телевиз, радиогоор хөдөө орон нутгийн гал тахих зан заншлыг нэвтрүүлэхэд хүүхэд бага насны тэр л үеийн уламжлалт ёс бүхий гал тахих ёсон өөрийн эрхгүй санагддаг. Харин цаг зав, ажил ихтэйн улмаас тэр бүр жил болгон гэртээ харьж галаа тахиж амжихгүй учир хотын монголчуудын нийтээрээ ёслох гал тахилгад оролцдог болсон юм.
Гал тахих өдрийн өглөө тэнгэр цэлмэж, цас ханзран хайлна. Манайхан өглөө эртлэн гэрийнхээ утаа тоосыг гөвж, тулганы үнсээ гарган, хүн малын хөлд гишгэгдээгүй аргал, хялгана түүж авчрав. Хаврын төл маань өнөр төллөж, сэтэртэй хайнаг ямаа ихэрлэсэн нь гал тахилгын өдрийн өлзий бэлгийг авчирч өглөө.
Сөнидийн заншлаар харц айл шинэ сарын хорин гурванд гал тахиж, тайж язгууртан бол хорин дөрвөнд гал тахидаг. Галыг заавал өвчүүгээр тахиж, галын өргөл болгодог байна. Өвчүү хэрсэн ба хормойг нь шулж аваад сэмжийг дэлгэж, дотор нь өвчүүгээ тавиад хонхорт нь шаант, дөрвөн өндөр, шар тос, өөхөн халим, таван өнгийн торго бөс, түүж авчирсан шар хялгана, улаан чавга зэрэг амттаны дээж хийгээд ноосон утсаар ороож тавина. Түүнчлэн чанасан махныхаа шөлөнд амуу будаа хийж хоолоо болгодог. Энэ бүгдээ бэлтгэж дуусгаад, дараа нь засаж чимсэн өвчүү, архи шар тосоо галдаа өргөж, галын бурхандаа гурвантаа мөргөөд будаа, махаараа хурайлдаг.
