Манай монгол үндэстэн бол өнө удаан соёл түүхтэй юм. Монголчуудын урт удаан түүхэн аялалд бүрэлдүүлсэн соёл түүхийн өв бол үеийн үедээ уламжлах үнэ өртөгтэй эрхэм нандин хөрөнгө билээ. Монголчуудын өвлөн уламжилж ирсэн зан мурал, ур ухаан бол бусад ямарваа үндэстэнд үл харагдах ховор чухаг өв соёл бөгөөд бусдаас ялгарах нандин сайхан үйл ажиллагааны бодит илрэл юм.
Ийнхүү өвөг дээдсээс өвлөсөн эрхэм дээд ёс заншлаа үр хүүхэддээ уламжилж, эх соёлдоо өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор зурагт “Багачууд хүүхдэд зориулсан монгол үндэстний уламжлалт соёлын унших бичиг”-ийг багачууд хүүхдийн хэвлэлийн хорооноос голлон найруулан хэвлүүлэв. Үүнд, “Монгол гэр”, “Монгол морь”, “Таван хошуу мал”, “Казах тэрэг”, “Монгол хувцас засал”, “Монгол идээ ундаа”, “Монголчуудын гэрийн сургаал”, “Монгол зан соёл”, “Монгол хээ угалз”, “Монгол уран тоглоом” зэрэг арван дэвтрийг багтаажээ.
Тус номд энгийн мэдлэгийг товойлгож, бага сургууль болон ахлах ангийн сурагчдад уншуулахаар зорилго болгож, товч авсаархан тайлбар ба зургийг хавсаргаж, мэдэж ойлгоход амар, цээжлэхэд хялбар, уншихад ялгуун зэргийг анхаарснаас барахгүй, сурах наснаас өмнөх хүүхдийг ч бодож онцлогт нь нийцүүлэхийг хичээжээ.
Тус номын зохиогч Н.Жаргал гуай хэдэн жил зарцуулан аль олон эрт дээрийн ном бичиг, улсын дотоод гадаадын монгол үндэстний уламжлалт соёлын тухай ном дэвтрээс сэдэв материал хайж, ахмад настан, эрдэмтэн мэргэдээс асуун сураглаж, малчин айлаар явж ярилцаж зураг, эдлэл хэрэгслийг эмхлэн тус номыг туурвив.
Энэхүү ном манай өргөн олон багачууд хүүхдүүдээ багаасаа монгол соёлоо хайрлаж, хамгаалж, уламжилж, бадруулж, хүндэлж явахад нь өчүүхэн ч гэсэн тус дэм болж сэтгэл зүрхийг нь хөдөлгөж чадвал манай хүсэл биелэгдэх нь тэр ээ.




