solongonews
Их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан
2015-02-07 20:59
17-хон наснаасаа эхлэн сурч боловсрон, ажиллаж, амьдарсан монгол оюутан Оюунгэрэл маань Хөххотод ирээд нүд ирмэхийн хооронд л найман жилийг ардаа орхижээ.

        Өсөж төрсөн гэр орон, нутаг ус гэдэг юутай ч зүйрлэшгүй халуун дотно байдгийг бид бүхэн амьдрахын эрхэнд ч юм уу, аливаа нэгэн зүйлийн шалтгаанаас улбаалж,  гэр нутгаасаа алсалж явсан үед л сэтгэлээрээ мэдрэх ёстой мэт. Ёстой л "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ" гэдэгчлэн эрдмийн аянд дөрөөлж, эх орондоо, ижий, аавынхаа дэргэд биш харин хүний нутагт, хэнийг ч гэх аргагүй тийм л орчинд 17-хон наснаасаа эхлэн сурч боловсрон, ажиллаж, амьдарсан монгол оюутан Оюунгэрэл маань Хөххотод ирээд нүд ирмэхийн хооронд л найман  жилийг ардаа орхижээ.
        Оюунгэрэл: -2007 онд Хөххотод анх ирэхэд хэл мэдэхгүй, таних хүнгүй ямар ч байсан анагаахын чиглэлээр сурна гээд нэг л сэтгэлээр бодож ирсэн. Эхэндээ хэцүү үе их тохиолддог байсан ч одоо тэр үеэ бодохоор их дурсамжтай санагдах юм. Хичээлээс гадна бие даах чадвар хүмүүстэй яаж харилцах гээд маш олон зүйл сурсан. 
        Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн хөөрхөн охин Борхүүгийн Оюунгэрэл 2007 онд сурч боловсрохын эрхээр элгэн нутаг ээж ааваасаа холдон алс хол Өвөр Монголыг зорьж ирээд нэгэнтээ найман жилийн нүүр үзэж байна. Тэрбээр Өвөр Монголын Анагаах ухааны  их сургуульд мэс заслын чиглэлээр магистр цол хамгаалж байгаа хамгийн анхны магистр юм. 
        Оюунгэрэл: -Манай сургуульд одоогоор 70 гаруй оюутан монгол уламжлалт анагаахын чиглэлээр баклавар зэрэг горилон сурч байгаа. Мөн надаас гадна эмэгтэйчүүдийн эмчээр нэг оюутан магистр цолоо хамгаалж байна. Манай сургууль 2012 оноос эхлэн европ монгол анагаахын чиглэлээр гадаад оюутныг магистрантад элсүүлж эхэлсэн. Тэгэхэд тэр үед би яг бакалав зэргээ хамгаалаад байсан ба мөн залгаад магистрантад суралцсан. Үүндээ би өөрийгөө маш азтай гэж боддог. 


        Хөххотод байсан найман жилийн амьдрал дунд өөрийн залуу нас, оюутан цагаа өнгөрүүлсэн тэрбээр Өвөр Монголтой, Хөх хоттой яахын аргагүй дотно сэтгэлийн холбоотой болжээ. Энэ тухайгаа дурсахдаа: -Анх Хөххотод ирэхэд хоол байр гээд  их олон зүйлд дасахгүй хэцүү байсан ч одоо хоёр дахь гэр шиг минӨвөр Монголын Анагаахын их сургуульь санагддаг болсон. Амралтаараа Монголд гэртээ хариад хоол идэхэд хүйтэн зууш ховор учир Хөх хотын хоолыг их санадаг байсан. Эндэхийн хүмүүстэй нь харилцаад ирэхээр Өвөрмонголын талаарх анхны бодол эрс өөрчлөгдсөн, бас олон ч найзуудтай болсон, Өвөр Монгол найзууд маань бүгд их тусархаг эх оронч хөдөлмөрч хүмүүс юм гэдийг мэдэрсэн.
        Шинэ орчин, шинэ байр, шинэ хүн гээд энэ хотын юу бүхэнтэй нь аажмаар дасах үйл явцад Оюунгэрэл маань хичнээн ч бэрх зовлонг туулсныг тэр өөрөө л мэднэ. Тийнхүү хичээн зүтгэсний эцэст бэрх бүхэн эцэслэж, ажил амьдрал нь сайжирсан ба энэхүү мөрөөдөл бялхсан залуусын хотод “Хөлөө олж” өнгөтэй өөдтэй явна. Тэрбээр Хятадын Ши Ань, Да Лянь, Бугат, Линь Хэ зэрэг газруудаар хүрч мэргэжилтэйгээ холбогдох хуралд оролцож оюун мэдлэгээ зузааруулахыг хичээж явна.
        Оюунгэрэл: -Би өөрийгөө их азтай гэж боддог. Хүн амьдралдаа нэг сайн багштай таарсан байхад амьдралыг нь эрс өөрчилж чадна гэж боддог. Тийм ч учраас миний магистр удирдагч Жинь Шань багш, мөн сургуулийн маань гадаад оюутныг хариуцаж ажиллаж байгаа Цэнгэл, Үнэнч багш нартаа их баярладаг. –Ѳвѳр Монголын хүн ард, нийгмийн амьдрал, соёл, зан заншил, боловсролын тухай  магистр удирдагч багшаасаа мэдэж суралцдаг. Багш маань хичээлээс гадна ахуй амьдрал, хүний ёс,  бас эндхийн ёс заншил гээд олон зүйлийг харамгүй тайлбарлаж өгдөг. Одоогоор би ерөнхий мэс засал, бамбай булчирхай, хөхний мэс заслаар мэргэшиж байгаа. Хэцүү зүйл гэвэл бас их олон байдаг. Тэгэхдээ хэцүү чадахгүй гээд байвал бүх зүйл хэцүү чадахгүй санагдана. Тийм болохоор чадахгүй байсан ч чадлаараа илүү хичээж тасралтгүй хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж боддог.


        Хүний мөрөөдөл их олон янз байдаг. Мөрөөдөл таныг хааш нь хөтөлдөг бол? Ухаалаг, бас хөөрхөн төрсөн Оюунгэрэлийн маань мөрөөдлийг сонсоход: -Сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн 2 жил багштайгаа судалгааны ажлуудын номыг англи хятад хэл дээр бичнэ. Тэгээд европ руу дахиж дадлага туршлагаа солилцохоор илүү ихийг суралцахаар явах төлөвлөгөөтэй байна. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн эхлээд мэдлэг боловсролтой болчихоод улсдаа харьж мэргэжлийнхээ дагуу стандартад нийцсэн олон улсад зөвшөөрөгдсөн эмчилгээг Монголдоо нэвтрүүлж олон хүмүүст тусалж гэр бүлийнхээ ачийг хариулна. Энэ бүх зүйл миний мөрөөдлийн багахан хэсэг.
         “Эрхэм баян эрдэм ном” гэдэгчлэн биеэ эдээр биш эрдмээр чимж, ургах нартай уралдан жаргах нарыг завдан чармайн сурч яваа хөөрхөн авьяаслаг монгол охин Оюунгэрэлийнхээ их холын аянд нь амжилт хүсэж, эрдмийн мөнгөн дөрөөг нь ерөөлийн сүүн цацлаар мялаая. 

 

Зохиогч: Шинэцэцэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл