solongonews
Хятадын “шинэ төрх”
2026-04-28 09:34
Хятадын “шинэ төрх”

Зуу гаруй хуудас, далан мянга гаруй үсгээс бүрдсэн “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний төслийг нээхэд гурван диаграмм онцгойлон анхаарал татна. Үүнд экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийн байршлын диаграмм, Хятадын Дэлхийн өвийн дурсгалт газруудын тархалтын диаграмм, мөн цэвэр эрчим хүчний баазуудын байршлын диаграмм багтжээ. Эдгээр нь ирэх таван жилийн Хятадын хөгжлийн чиг хандлагыг үндсэнд нь илэрхийлж байна.

Хятадын экологийн бүтээн байгуулалтын ерөнхий дүр төрх

“14-р таван жилийн төлөвлөгөө”-нд тодорхойлсон “гурван бүс, дөрвөн бүслүүр”-ийн зохион байгуулалтад “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний төсөл шинэ агуулга нэмсэн байна.

Ирэх таван жилд Хятадын экологийн хамгаалалтын гол ажлууд дараах бүс нутгуудад төвлөрнө.

“Гурван бүс” + 1 —— Хөхнуур-Төвдийн өндөрлөг, Шар мөрний экологийн бүс, Хөх мөрний гол экологийн бүс + “Гурван умард” төсөл

“Дөрвөн бүслүүр” —— Зүүн хойд нутгийн ойн бүс, умард нутгийн цөлжилттэй тэмцэх бүс, өмнөд хэсгийн уулархаг нутгийн бүс, далайн эргийн хамгаалалтын бүс

Эдгээр бүс нутгийг яагаад сонгосон бэ?

Хөхнуур-Төвдийн өндөрлөгийг “Хятадын усны цамхаг” хэмээн нэрлэдэг. Хөх мөрөн, Шар мөрөн нь экологийн болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүс нутаг юм. Эдгээр бүсүүд нь зөвхөн байгалийн нөөцөөр баялаг төдийгүй ховор амьтан, ургамлын төрөл зүйл төвлөрсөн, онцгой экосистем бүхий нутаг дэвсгэр учраас нэгдсэн төлөвлөлт, иж бүрэн хамгаалалт шаарддаг.

Диаграмм дээрх эдгээр “Бүс” болон “бүслүүр” нь үзэсгэлэнт Хятадын бүтээн байгуулалтын “араг яс” болж байна. Бат бөх суурь байж тогтвортой хөгжил хангагдана.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний төслийн тоймд багтсан экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийн байршлын диаграмм.

Хятадын хойд хэсэгт орших найман том цөл, дөрвөн том элсэрхэг бүс, баруун хэсгийн Таримын сав газраас зүүн хэсгийн Сунгар, Онон мөрний сав газар хүртэл үргэлжилсэн өргөн уудам нутгийг “Гурван умард” төсөлд хамруулсан.

Одоогоор бид “Гурван умард” төслийн хамгийн хүнд, шийдвэрлэх үе шатанд байна. Цөлжилтийг дан ногооруулалтаас экологийн иж бүрэн нөхөн сэргээлт рүү шилжүүлж байна гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Шаньши мужийн Олон улсын эрчим хүчний группийн ерөнхий инженер Ли Лили танилцуулав.

Ирэх таван жилд “Гурван умард” бүсийн ой, бэлчээрийн бүрхэвчийг 40.9 хувьд хүргэх, өмнөд бүсийн уулархаг нутгийн 110,000 га талбайг ойжуулах, 400 км далайн эргийг сэргээх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дэлхийн өвийг хамгаалах, өвлүүлэх ажлыг бэхжүүлнэ

Хятадын Дэлхийн өвийн тархалтын диаграмм дахь цэг бүр сувд мэт гялалзан, соёл, байгалийн өвийг тод харуулж байна.

Хятад улс Дэлхийн байгалийн өвийн 15, байгалийн болон соёлын хосолсон өвийн 4 дурсгалт газартай бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг.

Эдгээр өвийн газрууд зүүн өмнөд далайн эргээс Хөхнуур-Төвдийн өндөрлөг, баруун хойд цөл хүртэл тархаж, уул, ой, өвс, нуур, намгархаг газар, цөл, далайн эргийн бүс зэрэг олон төрлийн экосистемийг хамардаг. Мөн байгаль, соёлын өвийн уялдаа, зохицлыг илэрхийлдэг гэж Хятадын Ой, бэлчээрийн аж ахуйн газрын Байгалийн нөөцийн менежментийн газрын дарга Юань Жимин хэлэв.

Байгалийн баялгийг хамгаалах, соёлын өвийг өвлүүлэх нь төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл. Үр дүнтэй хамгаалалт, залгамж чанарыг хангахын зэрэгцээ байгалийн өвийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлал, ойн эдийн засаг зэрэг салбарыг хөгжүүлэх боломжтой” гэж тэрээр онцолсон.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний төсөлд тусгагдсан Хятадын Дэлхийн өвийн дурсгалт газруудын диаграмм.

Мөгао агуйн ханын зургууд, Лянжүгийн соёлын дурсгалууд зэрэг нь цаг хугацааны шалгуурыг даван өнөөг хүрч, Хятадын соёл иргэншлийн гүн гүнзгий түүхийг илтгэнэ. Одоогийн байдлаар Хятадад бүртгэгдсэн 41 Дэлхийн өвийн дурсгалт газар нь өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрлаж, соёл иргэншлийн тод гэрч болсоор байна.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Дүньхуан академийн дэд захирал Ван Ваньфү:

Нэг талаас хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг ашиглан хамгаалалтыг сайжруулах, нөгөө талаас өв соёлыг олон нийтэд хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр түгээх шаардлагатай гэж үзэж байна хэмээн хэлэв.

Цэвэр эрчим хүчний дэд бүтцийг эрчимжүүлнэ

Цэвэр эрчим хүчний баазуудын байршлын диаграммд ерөнхий бүтэц хадгалагдсан ч шинэ дэд бүтцийн тархалт улам өргөжсөн нь харагдана.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-нд нүүрстөрөгчийн ялгарлыг үе шаттай бууруулах, нийт эрчим хүчний хэрэглээнд чулуужсан бус эрчим хүчний эзлэх хувийг 25 хувьд хүргэх зорилтыг тодорхой тусгажээ.

Диаграммаас Хятадын хойд хэсгийн цөлд байрлах томоохон эрчим хүчний баазууд, Ялүн, Жиньша, Ланкан голын дээд урсгал дахь ус-салхи-нарны хосолсон баазууд, Бөхай тэнгисийн салхин эрчим хүч, Өмнөд тэнгисийн эргийн цөмийн эрчим хүчний баазууд тод харагдана.

Ногоон шилжилтийг дэмжихийн тулд эрчим хүчний бүтцийн өөрчлөлт зайлшгүй. Цэвэр эрчим хүчний хөгжил нь үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал үүрэгтэй гэж Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны гишүүн, Читай группийн захирал Нань Цүньхүй онцлов.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний төслийн тоймд багтсан цэвэр эрчим хүчний баазуудын байршлын диаграмм.

Мөн бүс нутгуудыг холбосон цахилгаан сүлжээний төслүүд нэмэгдэж, ухаалаг сүлжээ, хот хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлууд эрчимжиж байна.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Сүнь Чүньмэй:

Хөдөө орон нутагт нарны эрчим хүч хадгалах, цэнэглэх бичил сүлжээг хөгжүүлэх, шинэ эрчим хүчийг хөдөө аж ахуйтай уялдуулах нь ирээдүйн чухал чиглэл гэж онцлов.

Эдгээр диаграммд тусгагдсан зорилтууд нь ойрын жилүүдэд төдийгүй ирэх хэдэн арван жилийн турш хэрэгжих урт хугацааны хөгжлийн чиглэлийг илэрхийлж байна.

Зохиогч: ХУАН ЯО, ФАНЬ ШИ, ЛИ ЗИВЭЙ, ЛИ ЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл