
Энэхүү танилцуулгыг хараад өөрийн эрхгүй сониуч зан хөдөлж, түүний тухай сурвалжилъя гэж бодсон юм. Аз таарч нэг найз маань түүний эгчтэй танил байснаар харилцах утасны дугаарыг нь олж өглөө. Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын эхээр Хөххотод ирэх үеэр нь уулзаж ярилцах боломж гарсан билээ.
Хөххотдоо буцсан өдрүүд
Үүрийнгоо сургуульд орохоос өмнөхөн аав ээж эгчтэйгээ Нанжин хотын цэргийн их хүрээнээс Хөххотод нүүн иржээ. Аав нь Шаньдунд нутагтай цэрэг хүн, ээж нь утга урлагийн ажил хийдэг Түмэдийн монгол үндэстэн, эгч нь түүнээс 12 насаар эгч. “Хоёр охиноо ядаж нэгийг нь монгол хэлтэй болгоно” хэмээн зүтгэж, бага охиноо Хөххотын Монгол Үндэстний Сургуульд оруулсан байна.
Эрдэм хайсан харийн аян
Санасан хүсэл тань биелээд их баярласан байх даа?
- Хүсэж санасан сургуулийнхаа мэдэгдлийн бичгийг аваад сэтгэл тайван байсан, баярлана гэдэг яриангүй. Гурван сар дараалан нойр хоолгүй сурсны минь ач хариу намайг гомдоогоогүй гэж би өөртөө хэлсэн юм. Ээж минь надад 400 юань өгч найз нартайгаа сайхан тэмдэглээрэй гэсэн боловч би гадуур нэг эргэцэн байж ирэхдээ аав ээждээ бэлэг авчирч өгчихөөд нэг сайн унтаж амарсан.
Их сургууль гэгч оюутнуудын биеэ даахад түшиглэдэг бөгөөд мэдлэг сурахаас гадна нийгэмтэй харилцахад сургадаг. Оюутны хоёр дахь жилээс эхлэн оюутнууд суралцахын хажуугаар давхар ажил хийж эхэлдэг. “Урлагийн Их Сургуулийн төлбөр маш өндөр. Гэрээс ирэх мөнгө хэрэглээнд хүрэлцэхгүй. Ихэнх оюутнууд өөрийн сурсан мэргэжлээ ашиглан гадуур зураг төслийн ажил хийж мөнгө олдог, орлого нь ч гайгүй. 1998 онд хүмүүс гар утсыг хэрэглэж эхэлж байсан үе. Манай байрны 8 эмэгтэй оюутнаас 4 нь гар утастай болчихоод байсан шүү” гэж Үүрийнгоо оюутан ахуйн амьдралаа дурсана. Ийнхүү тэрээр их сургуулийн хоёр дахь жилээсээ эхлээд бие даан ажил хийж, хичээлгүй үедээ сургуульдаа ирэхээ болив. 1998 оны зуны нэгэн орой, хагас сар шахам сургуульдаа очоогүй Үүрийнгоо гэнэт сургуульдаа очиж үзэх юмсан гэж бодогдсон гэнэ. Сургуулийн хашаанд орвол хичээлийн танхимуудын цонх гэрэлтэн, олон оюутан ангидаа байв. Оройн 22 цагт гэрэл унтраадаг биш билүү, яасан олон хүн бэ” хэмээн гайхлаа. Ханаар дүүрэн өлгөж наасан машины зураг төлөвлөгөө. Нэгэн найз нь түүнд: -Энэ бол Германы Веnz компаниас зохион байгуулж байгаа машины зураг төсөв шалгаруулах уралдаан гэж хэлэв. - Маргааш эцсийн өдөр шүү! хэмээн нөхөж хэлсэн найзынх нь үг Үүрийнгоог багахан цөхрүүлээд авсан боловч юутай ч оройн цагаар туршиж үзье гэж шийдэв. Тэгээд бүтэн нэг шөнийн туршид байрны гудамжиндаа сууж төлөвлөгөөний зургаа зураад, маргааш нь өгч амжив. Веnz компаниас эдгээр зургуудыг Германд аваачиж хянах учир Үүрийнгоо өөрийн ажилдаа анхаарч эхэлжээ.
Нэг сарын дараа сургуулийн лифтэнд багштайгаа тааралдав.

-Үүрийнгоо, чи чинь болж байна шүү! чиний төсөв төлөвлөгөө Германы компанид сонгогдсон гэх нь тэр. Энэхүү гэнэтийн мэдээг сонсоод хязгааргүй баярласан гэдэг. Ийнхүү тэр жил тэдний багийнхан 1998 оны Бээжингийн олон улсын машины үзэсгэлэнд сонгогдон оролцсон бөгөөд Германы Веnz компаний зураг төлөвлөгөөний ерөнхий шүүгчтэй танилцсан байна.
Сургууль төгсөх тэр жилдээ би Япон руу явна гэж төлөвлөж байлаа. Учир нь миний эгч тэнд байсан. Эгчийгээ түшиж машины зураг, төсөв төлөвлөгөө хийж сурна гэж бодсон. Тэгтэл нэг л өдөр багш минь:
- Машины төлөвлөгөө сурах гэж Японд очоод яах вэ? Германд очихгүй юу? гэсэнд би: -Герман хэл мэдэхгүй, тэгээд таних хүнгүй яаж очих вэ гэвэл тэрээр: -Нөгөө Германы ерөнхий хянагчтай утсаар холбогдож үзэхгүй юу гэж зоригжуулсан” гэж Үүрийнгоо ярилаа. Тэгээд Германы ерөнхий хянагч мань Бээжин хотод суугаа Германы Элчин сайдын газартай холбож өгсний ачаар Герман улсыг зорьсон хэмээн дурслаа.

Нутгаа чиглэсэн зоримог бодол
Өмнөх зууны 90-ээд оны сүүлээр улсын дотоодод машины зураг төсөл төлөвлөгөөний тусгай мэргэжил байгаагүй. Үүрийнгоо Дундад улсаас гадаадад гарч энэ чиглэлд хөл тавьсан анхны хүн.
Түүний хувьд Германд очиж суралцсан нь Веnz компаний нэгэн төрөл зүйлд оролцсон явдал юм. Тухайн үед түүний өмнө хоёр сонголт байв. Нэг нь шууд энэхүү компанид орж ажиллах, нөгөө нь их сургуульд элсэн суралцаад хоёр жилийн дараа ажиллах. -Үнэнийг хэлэхэд тухайн үед би өөртөө тийм ч итгэлгүй байсан. Тиймээс шууд л үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн юм. Гурван жил суралцаж төгсөөд дахин Веnz компанид ажиллах нь миний хувьд ашигтай л даа хэмээн илэн далангүй ярьж байлаа.
Герман оюутнуудтай харьцуулбал Үүрийнгоо машины тухайд мэдэх зүйл нь хязгаартай. Германд очиж суралцсан нь ачаалал маш их, мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ Герман хэлээ сайн сурах хэрэгтэй. Герман дахь сургалт нь үнэхээр хатуужил шаардана. Харь хэлээр хичээллэж, үл ойлгох хүрээнд бусдаас хоцрохгүйн төлөө өдөр шөнөгүй хичээнэ.
Ингээд Үүрийнгоо Германд 6 жил ажиллаж суралцсан. Сургуулиа төгссөний дараа гэрээний дагуу Веnz компанид ажиллав. Компаниас нь тусгай машин өгч, оршин суух байр түрээсэлж өгсөн тул ажил амьдралын талаар нэн таатай байлаа. Гэвч гэнэт нэгэн зүйл дутагдаад байх шиг сэтгэл таагүй байтал компаниас намайг Италид томилон ажиллуулах болов. Тэнд очих сонирхолгүй тул олон талыг бодож буцаад ирсэн гэдгээ ярилаа.
Үүрийнгоо 2006 онд өөрийн улсдаа буцан ирж машины зураг төсөв төлөвлөгөөний ажил эрхэлж, басхүү Төвийн Уран Зургийн Дээд Сургуульд багшилж байжээ. Ажлын нөхцөл, цалингийн тухайд Германд ажилласнаас их зөрүү гарч байсан тул нэг үе тэрээр өөрийн сонголтоо таагүй байсан гэнэ. Гэвч улсын дотоодод хөгжлийн том орон зай байхын зэрэгцээ түүний сурсан мэдлэг жинхэнэ үнэ өртгөө гаргаж эхлэхэд сэтгэл дүүрэн болж ирсэн гэх. 2010 онд тэрээр Бээжингийн авто машины судалгааны ерөнхий хүрээлэнд ажиллаж, 2011 онд Америк улсад ажиллав.

Машины холбогдолтой ажлыг уг нь эрчүүд эрхшээж байсан гэлтэй. Дундад улсын тухайд гэвэл энэ салбар амьдралын хэрэгцээнээс давж, соёлын хэрэглээ рүү шилжиж байгаа юм. Энэ тухайгаа тэр: -Монгол хүний зоримог зан их нөлөөлсөн. Зорьсондоо заавал хүрэхээр тэмүүлдэг зантайгаа би мэднэ. Энэ бол аав ээжийн минь надад уламжилсан нандин өв. Одоогоор надтай хамт ажиллаж байгаа хүмүүс бүгд эрчүүд шүү, манай энэ ажилд эмэгтэйчүүд үнэхээр цөөн байдаг. Гэвч үнэндээ иймэрхүү тал нь намайг илүү татсан” гэж хэллээ.
Нас нэмэгдэхийг дагаад тэрээр амьдралын утгыг эрэлхийлэх болсон гэх. -Хүний нэгэн насны утга агуулга гэгч том амжилт бүтээлд хүрсэнтэй шууд холбоогүй. Харин аль нэгэн өвдөж зовсон хүнийг дэмжин тэтгэх, эрдэм ном сурах боломжгүй хүүхдэд мэдлэг боловсролтой болох завшаан олгох зэрэг бол хувь заяаг эзэмдэх боломж байдаг тул нэн утга агуулгатай санагддаг юм” гэж тэрээр ярьж байлаа. Одооны зав багатай ч баяр баясгалантай их ажлын завсраараа Үүрийнгоо маш олон буяны ажил хийх хүсэлтэй гэдгээ дэлгэж байсан юм. Орь залуу насандаа байгаа энэхүү монгол бүсгүйн омголон зориг, ухаалаг нинжин сэтгэл нь намуухан инээмсэглэлийнх нь цаанаас тодхон гялалзаж байлаа …
