solongonews
Эрдмийн дээж өвөрлөн харьсан эрдэмтэн
2015-02-09 18:52
Соронзон хөргөгчийн материалын судалгааны шинэ цар хүрээг нээгч-Төгс.

        Нүдний шил духдуулан, ажлын цагаан хувцас өмссөн шар царайтай Төгс багшийг хэн ч харсан ажилч гавшгай залуу эрдэмтэн гэж бодно. Харин тавин насны давааг давсан гэж итгэхгүй байх. “Та маш залуу харагдах юм” гэхээр “Цайсан үсээ хар өнгөөр будах юм бол нэн залуу төрхтэй болно шүү” гэж Төгс багш инээмсэглэн хэлнэ. 
        Өнгөрсөн зууны жараад оны үеэр Улаанхад хотын Байрин баруун хошуунд мэндэлсэн тэрбээр балчир бага наснаасаа ном зохиолд дуртай, хичээлдээ сайн, маш ажилсаг хүүхэд байжээ. Өдий насандаа баяр гунигийг туулж мохсон түүний царайнаас олон зүйлийг уншиж болох. 
        Төгс 1977 онд Өвөр Монголын багшийн их сургуулийн физикийн салбарт элсэн оржээ. 
        Төгс: “Би одоо хүртэл сурч судлахаа ер зогсоогүй” гэж өөрийн өнөөг хүртэл явсан зам мөрөө дүгнэнэ. Тэр үеийн Багшийн дээд сургууль гэж хэдхэн байшинтай, хэдэн зуугаад сурагчтай байсан гэнэ. Их сургуульд элсэн орох маш хэцүү байсан учир тухайн үеийн сурагчид бичиг сурах аз тохиолыг маш ихээр нандигнаж, хичээл сурлагадаа хандах нь үнэхээр сайн байлаа. Төгс ч мөн адил чармайн сурдаг байв.  Тухайн үед Өвөр Монголд үндэстний их сургууль байгуулах болж багшлах боловсон хүчин хэрэгтэй болов. Сургуулиас нь Төгсийг цэвэр монгол хэлтэй гэж Физикийн багш болгон бэлтгэхээр Гирин их сургуульд сургалтанд хамруулжээ. Гирин их сургуульд Хятадын бүх газраас ирсэн шилдэг сурагчид цугларч, өрсөлдөөн маш хүчтэй байлаа. Ялангуяа Физик химийн салбар нь улс даяар нэртэй тусгай мэргэжил. Төгс анх Гирин их сургуулийн Физикийн салбарт хятад хэлээр хичээллэхэд тийм ч амаргүй байсан ч аажмаар дасаж, сурлагаараа бүх ангидаа тэргүүнд жагсах болов. Ингээд 1983 онд Гирин их сургуулиа амжилттай дүүргээд Өвөр Монголдоо буцан харьж Багшийн их сургуулийн физикийн ангид багшилсан байна. Тэр жил Төгс 22 настай л байлаа. 


Соронзон материалтай ханилсан нь
        Оюутан цагаа дуусмагц их сургуульд багшлах гэдэг үнэхээр амаргүй. Төгс Багшийн их сургуульд хоёр жил багшилсны дараа Аньхүй мужийн Хэ Фэй хотын Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хатуу биетийн физикийн сурган хүмүүжлийн сургалтын магистрын ангид элсэн орж, жил хагас хугацаатай суралцсан байна. Ийнхүү шаргуу хатуужилтай суралцаж, өөрийгөө эрдэм мэдлэгээр зэвсэглэв. Магистрын сургалтаа дүүргээд мөн Өвөр Монголын Багшийн их сургуульдаа буцан ирж анги удирдан, олон арван шилдэг сурагчид төрүүлсэн байна. 
        1984 онд Төгс Өвөр Монголын Багшийн их сургуулийн физикийн салбарын залуу багш нарыг удирдан соронзон материал судалгаагаа эхлүүлэв. Энэ нь хатуу биеийн физик сурсан Төгсийн сэтгэлд яг нийцсэн байна. 1990 онд тэрээр Бээжинд очиж, Хятадын Шинжлэх Ухаан Академийн хүрээлэнгийн Бээжингийн физикийн судлах газарт ховор шороонд сайн соронзон материалын судалгаа хийж явав. Өвөр Монгол ховор шорооны баялаг нөөцтэй учир энэ талын судалгаа маш бодит ач холбогдолтой гэж үзсэн тэрээр соронзон материал хийх арга мэргэжлийг нарийн нямбай суралцсан байна. Тухайн үед Өвөр Монголын багшийн их сургуульд лаборатор байсангүй тул тэр хэдэн багш нартайгаа соронзон материалын судалгааны тухай өгүүллүүдийг уншин ярилцаж онолын талаарх судалгаагаа үргэлжлүүлэв. 
Нидерландыг зорьсон нь
        Өнгөрсөн зууны ерээд оны үеэр Хятад улс маш олон сурагчдыг гадаадад тэтгэлгээр суралцуулж байлаа. Төгс энэ азтай тохиолыг ашиглан Ши Аны гадаад хэлний дээд сургуульд англи хэлний төвшнөө дээшлүүлэн, мөн англи хэлний төвшин тогтоох шалгалт өгчээ. Ийнхүү бүх талын бэлтгэлээ гүйцэд базаасан тэрээр 1998 онд айлчлагч эрдэмтнээр алс хол Нидерландын Амстердамын их сургуулийг зорив. 
        Түүний судалгаа хийсэн Нидерландын Амстердамын их сургуулийн /Van der Waals-Zeeman/ судалгааны газар бол урьд хожид Нобелийн шагнал хүртсэн /Van der Walz/болон /Zeeman/ гэсэн Нидерландын хоёр эрдэмтний нэрээр нэрийдсэн маш нэртэй соронзон материалын судалгааны газар юм. Уг судалгааны газрын ажилтан багш нарыг дэлхийн хэмжээнд шалган элсүүлдэг. Төгс тус судалгааны газарт анх очоод түүнд зохицуулж хуваарилсан эрдэмтэн багш нарыг даган соронзон материалын болор ургуулах ажлыг хийж, соронзон шинж чанарыг судлан нэлээд хэдэн чанартай өгүүлэл бичсэн байна. 
“Байгаль” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл
        Төгс доктор цол хамгаалахын тулд Амстердамын их сургуулийн соронзон хөргөгч материал судалдаг эрдэмтэнтэй хамтран соронзон хөргөгч материал судалж эхлэв. Уг судалгаа нь тухайн үед маш зугаатай явагдаж байсан судалгаа байж, соронзон материалыг соронзон оронд оруулж гаргах үед дулаан өөрчлөгдөх уг ёсыг ашиглан соронзон хөргөгч хийх судалгаа юм. Энэ талын судалгаа нь анх удаа явагдаж байсан учир бүх зүйлийг эхнээс нь эхлэн хийх хэрэгтэй байлаа. Америкийн нэг эрдэмтэн ховор шороонд соронзон хөргөгчийн материалыг судлан гаргажээ. Төгс энэхүү ховор шороод соронзон материалыг дан болор болгож шинж чанарыг нь хэмжин хэдэн өгүүлэл нийтэлсэн байна. Тэрээр өөрөө соронзон хөргөгчийн материалыг хайн, ахин дахин туршилт хийсний эцэст төмөр болон магныг нэгтгэсэн соронзон хөргөгчийн материал хийж гаргав. Ийнхүү 2002 онд Төгс уг судалгааны үр дүнгээ эмхлэн өгүүлэл бичиж Нидерландын Академч нарын саналаар засвар оруулан Англи улсын “Байгаль” сэтгүүлд нийтлүүлсэн байна. “Байгаль” сэтгүүл дэлхийд маш их нөлөөтэй сэтгүүл бөгөөд Төгс гуайн судалгааны өгүүллийг мянга гаруй удаа ашигласан байна. “New York Times” зэрэг хэвлэл мэдээллийнх нь энэхүү судалгааны үр бүтээлийг эрдэм шинжилгээнийх болон аж ахуйн нэгжийнх нь тус судалгааны үр бүтээлийг соронзон хөргөгчийн материалын судалгааны шинэ цар хүрээг нээж, соронзон хөргөгчийн материалын судалгааны мэргэжлийн хүнд бэрх асуудлыг шийдвэрлэн, соронзон хөргөгчийн материал болон мэргэжлийн судалгааг ихэд ахиулсан хэмээн өндөр үнэлжээ гэж мэдээлсэн байв. Хожим нь маш олон эрдэмтэд Төгсийн гаргасан судалгааны замаар замнах болжээ. 
Улсдаа буцсан эрдэмтэн
        Төгсийн соронзон хөргөгчийн материалын судалгаа амжилтад хүрч, Америкийн “New York Times”, Физикийн сүлжээ, Хятадын Гуан Мин өдрийн сонин зэрэг дэлхийн бүх улс орны хэвлэл мэдээллийнхэн  энэ мэдээг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэв. Тэгэхэд ихэнх хүмүүс түүнийг гадаад хүн гэдэг утгаар нь андуу ойлгож байсан гэнэ. 2000 онд тэрбээр доктор цол хамгаалах өгүүллээ бичиж байхад Колумбын их сургуулийн соронзон хөргөгчийн материалын компаний захирал Төгс гуайг компанидаа ажиллуулахаар урьсанд зөвшөөрсөнгүй. Харин Өвөр Монголын багшийн их сургуулийн захирал Чэнь Жүнюн профессор түүнийг эх сургуульдаа буцаж ирэхийг ятгаж, мөн Төгсийн хүсэлтээр ӨМӨЗО-ны засгийн газраас 4 сая юань гарган соронзон хөргөгчийн материалын туршилтын тасаг байгуулахыг дэмжив. Мөн Төгсийн хичээл зүтгэлээр Өвөр Монголын Багшийн их сургууль болон Нидерландын Амстердамын их сургууль хамтын ажиллагааны хэлэлцээр тогтон, ӨМБИС-ийн арваад багшийг Амстердамын их сургуульд сургалт хийлгэсэн байна. Ийнхүү 2007 онд ӨМБИС-ын соронзон хөргөгчийн материалын туршилтын тасаг байгуулагдсан ба энэ нь ӨМӨЗО-ны гол чухал туршилтын тасаг болжээ. 
        “Бага балчир наснаас аав ээж маань ах дүү биднийг бусдаас түрүүлэхгүй байж болно, гэвч бусдаас хоцорч болохгүй хэмээн сургасаар ирсэн билээ. Би энэхүү сургаалийг бат цээжлэн хүний орчлонг туулахыг хичээсээр өнөөг хүрсэн” гэж тэрээр нам дуугаар ярьж байлаа.

 

Зохиогч: Шинэбилэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл