Мэс заслын өрөөний гадаа Тажикстанаас ирсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд сурсан хэдхэн хятад үгээрээ “Баярлалаа, Хятад эмч нарт баярлалаа!” хэмээн дахин дахин талархал илэрхийлж байв. 03-р сарын 20-ны өдөр Тажикстаны төрөлхийн зүрхний өвчтэй есөн хүүхэд Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотын Эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэгт мэс засал хийлээ.
“Сэтгэл дулаацуулсан ШХАБ, сэтгэл зүрхний холбоос Тажикстан” нэртэй долоо хоног үргэлжилсэн энэхүү олон улсын эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа нь зөвхөн хүүхдүүдийг эмчлээд зогсохгүй Хятад, Тажикстаны ард түмний найрамдлын гүүрийг бэхжүүлэв. Мөн энэ нь “Эрүүл мэндийн торгоны зам”-ыг хамтран байгуулах, ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бүрдүүлэх Хятад улсын хүчин чармайлтын бодит илэрхийлэл болж байна.
Хүнд тохиолдлуудыг хамтран оношилж, төлөвлөв
Төв Азид орших Тажикстаныг “Өндөр уулсын орон” хэмээн нэрлэдэг. Хятад, Тажикстаны найрамдалт харилцаа урт удаан түүхтэй бөгөөд Хятад улс эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна. “Эрүүл мэндийн торгоны зам” санаачилгын хүрээнд Тажикстаны өвчтөнүүдийн эмчилгээний хэрэгцээ хэдэн мянган километрийн алсад орших Чиндао хотод хүрчээ. Үүнээс өмнө Чиндаогийн Эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд Тажикстанд олон удаа очиж, төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдүүдийг эмчилж байсан туршлагатай.

03-р сарын 16-нд Чиндаогийн Эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Пань Силинь (баруун) Тажикстаны хүүхдэд төрөлхийн зүрхний өвчний интервенцийн мэс засал хийж буй нь.
Чиндаод ирсэн есөн хүүхэд нь нэг нас орчмоос өсвөр нас хүртэлх насны байв. Фаллотын тетралоги, аортын хүнд хэлбэрийн нарийсал, зүрхний шигдээс зэрэг нарийн төвөгтэй өвчнүүд нь тэдний өсөлт хөгжилд ноцтой нөлөөлж, гэр бүлд нь хүнд дарамт учруулж иржээ. Иймд тэд эмчилгээ хийлгэхээр Хятадыг зорьсон байна.
“Амь насанд хил хязгаар үгүй. Бид алс холоос ирсэн зочдод гэр бүлийн хүн мэт хандах ёстой” гэх үзэл нь Чиндаогийн Эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн ажилтнуудын нийтлэг зарчим болсон.
03-р сарын 13-ны үдээс хойш хүүхдүүд Чиндаод ирсний дараа лаборатори, хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, дүрс оношилгоо зэрэг олон тасаг хамтран ажиллаж, мэс заслын өмнөх бүх шинжилгээг 48 цагийн дотор хийж дуусгав.
Үзлэгийн дүнд хүүхдүүдийн биеийн байдал анх төсөөлснөөс илүү төвөгтэй болох нь тогтоогджээ. Төрөлхийн зүрхний өвчнөөс гадна заримд нь хавсарсан өвчин илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан тус эмнэлэг зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, хэт авиан оношилгоо, цахилгаан бичлэг, дүрс оношилгоо, сэтгэл судлал, нөхөн сэргээх эмчилгээ, гематологи зэрэг 10 гаруй чиглэлийн мэргэжилтнүүдийг хамруулсан олон салбарын баг байгуулжээ.
Мэргэжилтнүүд хүүхэд бүрийн нөхцөл байдлыг нарийвчлан хэлэлцэж, аюулгүй, чанартай эмчилгээ үзүүлэх зорилгоор хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулсан байна.
Хамгийн бага инвазив аргыг оновчтой сонгов
03-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд төрөлхийн зүрхний өвчнийг эмчлэх мэс засал албан ёсоор эхэлсэн.
Тус эмнэлгийн Намын хорооны нарийн бичгийн дарга, зүрх судасны мэргэжилтэн профессор Пань Силинь гурван хүүхдэд мэс засал хийжээ. Зургаан настай Фаридан тосгуурын таславчийн гажигтай байсан бөгөөд Пань Силинь ердөө 13 минутын дотор мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Хагалгааны дараа Фаридан хурдан тэнхэрч, эмнэлгээс гарчээ.
Буржгар үстэй, том нүдтэй, урт сормуустай бяцхан охин “Баярлалаа, Хятад эмч нар аа” хэмээн хэлэхэд эмч, сувилагчид ихэд баярласан байна.
Одоогийн байдлаар Тажикстаны есөн хүүхэд бүгд мэс засалд орж, биеийн байдал нь сайн байна.
Сэтгэл шингэсэн үйлчилгээ итгэл төрүүлэв
Чиндаогийн Эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн үйлчилгээ нь Тажик хүүхдүүд болон тэдний гэр бүлд гадаадад байгаа ч гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлжээ.
Тус эмнэлэг гадаад хэлтэй ажилтнуудаас бүрдсэн сайн дурын баг байгуулж, эмчилгээний бүх хугацаанд хүүхдүүд болон тэдний гэр бүлийг дагалдан, харилцаа холбоо, өдөр тутмын асаргаа зэрэгт дэмжлэг үзүүлсэн байна. Тажикстаны ёс заншил, хоолны онцлогийг харгалзан тусгайлан хоол бэлтгэж, шим тэжээлийг нь хангажээ.

Эмнэлгийн ажилтнууд хүүхдүүдтэй харилцаж буй нь.
(Зургийг Чиндаогийн Эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгээс авав.)
Мэс заслын дараа хүүхдүүдийг CCU тасгийн нарийн хяналтад байлгасан. Сувилагчид хүүхдүүдтэй илүү ойр дотно харилцахын тулд “хоолоо ид”, “ус уу”, “суу” зэрэг Тажик хэлний энгийн үгсийг хүртэл сурсан байна.
Хүүхдүүдийн эцэг эх өдөр бүр эргэж, хүүхдүүд нь эдгэрч байгааг хараад сэтгэл амарч байв.
Бид хэл нэвтрэлцэхгүй ч зүрх сэтгэл ойрхон. Хүүхдэд маань шинэ амьдрал бэлэглэсэн бүх эмч, сувилагчдад баярлалаа хэмээн Лүө Фэйгийн эцэг эх сэтгэлээ илэрхийлжээ.
Эдгэрэлтийн хугацаанд эмнэлгийн ажилтнууд, сайн дурынхан түр “эцэг эх” болж, тасгийг хүүхэлдэйн дүрсээр чимэглэн, тайван, тав тухтай орчин бүрдүүлснээр хүүхдүүдийн айдас, түгшүүрийг багасгасан байна. Эдгээр халамж, анхаарал нь эцэг эхчүүдийн сэтгэлийг гүнээ хөдөлгөжээ.
Хүү маань мэс заслын дараа “Би Хятадад удаан байж болох уу?” гэж асуусан. Би түүнд “Чи том болоод Хятад хэл сурч, дахин ирж болно” гэж хэлсэн хэмээн Файзова ярьсан байна.
