solongonews
Хүсэлтийн хүсэл
2015-02-09 19:03
ӨМ-ын Дархан Муумянган Холбоот Хошууны Батхаалга сууринд Хүсэлт нэртэй залуу буй. Эдүгээ тэрбээр олны сайн танил болжээ. Тэгвэл тэр чухам хэрхэн олноос онцгойров?

        ӨМ-ын Дархан Муумянган Холбоот Хошууны Батхаалга сууринд Хүсэлт нэртэй залуу буй. Эдүгээ тэрбээр олны сайн танил болжээ. Тэгвэл тэр чухам хэрхэн олноос онцгойров? Энэ хүн малчин бөгөөд худалдаачин, мөн малчин хүнд л байгаа зүйлээ эзэмшиж, зах зээл нь өргөжсөнөөр эдүгээ нэгэнт Хөх хот, Бугат хотын олон хэрэглэгчидтэй болсон байна. “Малчин хүний амьдрал малын буянаар...” гэдэг. Гэтэл Хүсэлт гагцхүү малчин болсон хувь заяандаа бахархаад л суусангүй харин  тэнгэрийн байдлыг харж малаа хариулан явах амьдралын арга барил нэгэнт хоцрогдсон гэдгийг мэдэрч, амьдралын арга хэлбэрээ өөрчилөхөөр зориг шулууджээ.
        Баян тансаг амьдрах чин хүсэлдээ ч их хөтлөгдсөн Хүсэлт 2011 онд Батхаалга сууринд “Шинэбулаг махны дэлгүүр” нээж, хүсэл мөрөөдлийнхөө анхны гараагаа эхлэв. Хүсэлт тун нягт нямбай хүн. Харилцаа сайтайн дээр хонь үхрийн мах оруулах ажлыг хүртэл өөрөө хийж гүйцэтгэдэг аж. Худалдаа наймаа нь сайжрах тусам зах зээлийн хэрэгцээ ба түүний өөрийн хонь, үхрийн махны хангалтын тэнцвэрт байдал алдагдаж эхлэв.  Авхаалж самбаатай хүнд арга хомсдохгүй гэдэгчлэн тэрээр 5 малчин өрхийн хамт “Дүүрэн тэжээн үржүүлэх тусгай хоршоо”-г байгуулж, мянга гаруй хонь нөөцөлсөн тул махны хэрэгцээ ба хангалтын тэнцвэрт байдалыг хангаж махны дэлгүүр нь цэвэр сайн мах оруулах суурин газартай болсон байна. Ингээд Хүсэлтийн наймаа нь өдрөөс өдөрт орлого сайн болсноор махны суурин газартай болсон ч төдийлөн зогссонгүй. Харин өөрийн барааны шошго, брендтэй болохоор шийдэв. Түүнийг шошго бүртгүүлэх үеэр Хятадын өмнөд бүс нутагаар хулгана, үнэгний махаар хонины махыг орлуулсан хуурмаг хүнсний хэрэг гарч хонины махны зах зээлд сөргөөр нөлөөллөө. Хүсэлтийн шошго бүртгүүлэх ажилд ч саад учруулав. Ингэснээр тэрээр хөлсөө урсган ажиллаж өөрийн “Шинэбулаг махны дэлгүүр”-ээ 2013 оны 8-р сард “Мянган шилдэг хонины махны үйлс” хэмээн өөрчилж, ажил үйлсийн гараагаа шинээр эхлүүлэв. Дэлгүүр нь олон хэрэглэгчидтэй болж хөлөө олоход Хүсэлтэд бас нэгэн шинэ бодол орж ирэв. Одоогийн хотынхон мөнгөө бариад бохирдолгүй сайхан мах ногоо олоход амаргүй бөгөөд олон хүмүүс хүнсний аюулгүй байдалд маш ихээр анхаардаг боллоо. “Бидэнд ийм сайхан үнэ цэнэтэй зүйлс байгаа болохоор үүнийгээ хотынхонд хэрхэн сурталчилж таниулбал... цаашид ямар үр дүнд хүрэх бол?” гэх зэргээр Хүсэлт олон зүйлийг тунгаажээ. Зоригтой хүн тэнгэрийн ивээл хишигийг хүртдэг гэдэг. Хүсэлт найз нарынхаа хамт Хөх хотын Хайлар зүүн гудамжинд махны дэлгүүр эзэмшиж, хотыг чиглэсэн их аянаа эхлүүлэв. Харин түүний энэхүү аян нь санаснаас илүү сайн үр дүнд хүрч, 2013 оны сүүлчээр Бугат хотод бас нэгэн махны хоёр дэлгүүр нээж, жилийн орлого 400 мянган юаньд хүрэв. “Хонь, үхрийн махыг зах зээлд гаргахад үйлдвэрлэх, борлуулах ажил их байдаг бөгөөд боловсруулах ажил тун чухал байдаг. Надад эдүгээ хонь үхрийн мах боловсруулах тусгай үйлдвэргүй болохооор бусдын үйлдвэрт боловсруулдаг. Нэг бүхэл хонины махыг боловсруулахад 80 юань, үхэр бол 400 юань зарцуулна. Тиймээс боловсруулах ажилд би багагүй мөнгө зарцуулдаг. Миний одоогийн худалдаа наймааны цар хүрээнд боловсруулах үйлдвэртай болох нь тулгам шаардагдаж буй. Энэ ажлаа бид нэгэнт эхлүүлсэн. Хэрвээ ажил хэрэг маань урагштай байвал энэ оны 10-р сар гэхэд боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орно. Тэгвэл ойр хавийн малчид ч шинэ ажлын байртай болно доо” хэмээн Хүсэлт сэтгэл догдлон хүлээж ядсан сэтгэлээр ярьж байлаа. 

 

Зохиогч: Алтан-Од, Цацраа
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл