solongonews
“Эсгий туургатан ” монголчууд
2015-03-23 15:31
Эсгийн ерөөл
Монголчууд хүйтэн халуун, зуд шуурганаас хамгаалж хур салхийг халхалдаг эсгийгээ дээдлэн хүндэлдэг болохоор эсгийн ерөөл газар болгонд тархаж, өргөн олноо уламжлагдсан байдаг.

Эсгийн ерөөлийг ихэнх нь гэрийн эзэн буюу хот айлын ахмад томчууд нь уянгалан дуулдаг. Анхны эсгийгээ дарж гаргаад наранд ээж хатаах үед өрөм тосоор мялааж ерөөдөг билээ. Зарим газар бас анхны эсгийгээ зулаад ус сэвэхийн өмнө сүү тусгаж мялаах нь ч бий. Аман эсгийгээ зулан шавшиж татаж дараад шинэ эсгийгээ наранд хагсаах үед гэрийн эзэн буюу хот усны ахмад томчууд нь өрөм тостой мөнгөн аяга барьж очоод, шинэ эсгийгээ сугсран татах гэж дөрвөн талд нь тойрон эсгий хийж буй хүмүүсийн дунд орж:

 “ Зээ—

Мянган хонины ноосыг

Мяндас адил саваад

Түмэн хонины ноосыг

Төө зузаан зулж

Зуны цагийн зүлгэнд

Зүйн дэлгэн татаж

Ариун усаа норгосон

Арлын үхрээр гүйлгэсэн

Худгийн усаар норгосон

Хурдан мориор гүйлгэсэн

Зуун мөрний усаар

Сэвж сүрчиж хийсэн

Зураг адил бэрхэд

Зулж дарж хийсэн

Долоон булгийн усаар

Тогшиж шавшиж хийсэн

Тамир сайтай эрчүүд

Дарж амлаж хийсэн

Дун цагаан эсгий

Дурдан адил артай

Шаазан адил цавгүй

Цаас адил өө үгүй

Энгүй захтай

Энх төрийн эд

Эвдрэлгүй мөнх

Элэгдэлгүй бат

Арван ханатдаа чимэг

Айл гэртээ дэвсгэр

Найман ханатдаа чимэг

Найрын олондоо дэвсгэр

Зургаан ханатдаа бүрээс

Зуд шуурганд халхавч болтугай!” гэж уянгалан ерөөсөөр нар зөв нэг  тойрон дөрвөн өнцөгт нь өрөм тос дусааж мялаадаг заншилтай. Ерөөсний дараа эсгийгээ тэгш сайхан газар дэлгэж тавиад, анхны аман эсгий дээрээ дахин нэг удаа зулж татаад гурав дахь эсгийгээ анхны хатааж тавьсан шинэ эсгий дээрээ зулж угсруулан татдаг. Хамгийн сүүлд нь  эсгий нь зөвхөн нэг л удаа татагдах болохоор ирэх жилийн аман эсгий болгож хурааж тавьдаг. Бүх эсгийгээ хийж дуусвал эсгий хийсэн хүмүүсийг  урьж найрлан цэнгэдэг. Зарим газарт эсгийн ерөөлийг нэг л ерөөлч нэг удаа ерөөх биш, харин эсгий хийх явцын туршид хоёр хүн нэг нь асууж, нөгөө нь хариулах хэлбэрээр ерөөх нь ч бий.

Эсгий хийж байхад гаднаас ирсэн хүмүүс “Дардгай цагаан эсгий нь далан гэрийн бүрээс болог, дарж болгосон бүгдээр дархан төрийн баатар болог … ” гэх зэргээр ерөөдөг бөгөөд ер нь эсгийн ерөөлийг хэлэхийг ихэд хүндэтгэн бэлгэшээж, ууган эсгийг цагаан идээгээр мялааж, эх газар, эцэг тэнгэрт цацал өргөн ерөөл хэлэхээр барахгүй, отгон эсгийг нэн төгөлдөр ерөөж, гэрийн эзнээс хурсан олонд айраг амсуулж, хүүхэд багачуудад боов боорцог түгээн, орой нь бас “Эсгий хийсэн айл нэг утаатай” хэмээн хонь гарган мах идэж шөл ууцгаадаг заншилтай. 

Зохиогч: Баярцэнгэл
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл