
3000 хүний багтаамжтай Бөхийн өргөөнд дөрвөн зүгийн дуучид, дуунд дуртай хүмүүс нэгэн дор цугларч, найман настай хүүхдээс наян настай буурлууд газрын холыг зорин ирсэн байлаа. Настнууд монгол нутгийн заншлаараа хөөрөг зөрүүлэн мэндчилж Бөхийн өргөө хөөр баяр, итгэл хайрын уянгаар дүүрч байлаа. Тоглолтын хойморт “Монголоороо байгаасай” гэж хийморь босоо монгол үсэг нүдэнд дулаахан харадана.

Увс нутгийн хүү ая зохиолч Б.Пүрэвсүрэн нийт 600 гаруй дууны хөгжмийг бичсэн. Үүнээс 100 гаруй дуу нь олны хүртээл болж явна. Тодруулбал, С.Жавхлангийн “Дулаахан намар”, Мөнхбатын ”Манай адуу”, Түмэн-Өлзийн ”Аавдаа” зэрэг маш олон сайхан уран бүтээл олны хүртээл болжээ. Түүний энэхүү тоглолт 4 дэхь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна. Тэрээр энэхүү тоглолтондоо ӨМӨЗО-ны залуу уран бүтээлч, дуучин Хөгжилбаатарыг урьж оролцуулсан нь тоглолтын нэг онцлог зүйл болжээ.


Хөгжилбаатар ӨМӨЗО-ны нэрт уран бичээчийн бичсэн ”Мөнх тэнгэрээс авьяасаа шиншгэлсэн, Босоо заяат нүүдэлчдийн удам, Морьтон алдраараа хийморио дарцагласан, Монгол эрийн сэтгийн эгшиглэн” уран бүтээлийг ая зохиогч ахдаа сэтгэлийн бэлэг болгон хүндэтгэн барьлаа. Мөн Б.Пүрэвсүрэнгий аав ээж, нутгийн олон нь алд цэнхэр хадаг, ариун цагаан сүү барин хүрэлцэн ирсэн нь түүнийг маш их догдлуулсан байна. МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг Монгол Улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн юм. Тоглолтын үеэр бас үзэгчдийн дундаас дөрвөн шандаслаг залууг сонгон үхрийн сээр хугалуулж эр чадал, ухаан эрдмийг нь шалгаж, хурсан олны сэтгэлийг сэргээжээ.

Ийнхүү монгол бөхийн босоо цаган хийморь ивээсэн бөхийн өргөөнд хоёр орны дуучдын шилдэг уран бүтээлүүд гурван цаг гаруй эгшиглэж, монгол үсэг, монгол дуу, монгол хэл, монгол ёс заншил, монгол гоёлол аливаа бүхэн монголоор амьсгалан хүрэлцэн ирсэн дуунд дуртай ард түмэн сэтгэл дүүрэн буцжээ.
/ Зургийг: Саранчимэг, Цэлмүүн/




