solongonews
ОЙ МОД БА ЭДИЙН ЗАСАГ
2026-04-27 11:38
Өвөр Монгол орон сүүлийн жилүүдэд “Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн эрдэнэ” хэмээх хөгжлийн үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлж, экологийн давуу талаа хөгжлийн давуу тал болгон хувиргаж, орон нутгийн нөхцөлд тохируулан ой модноос үр ашиг хүртэх эдийн засгийг хөгжүүлж байна

Их Хянган даваанаас Яньшань хойд бэл, өргөн уудам Говь цөл хүртэл Өвөр Монголд мод тайралгүйгээр баяжих тод дүр зураг аажмаар бүрэлдэн тогтож байгаа юм. 2025 он гэхэд ӨМӨЗО-ны ой мод, бэлчээрийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үнэ цэнэ 112 тэрбум юаньд хүрч, экологийн хамгаалалт болон аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулсан чанартай хөгжлийн шинэ замыг бий болгож байна.

     Ойн дундах олон төрлийн тариалалт

Өвөр Монгол орон 25.2 сая га ойн талбайтай бөгөөд Хятадад тэргүүлдэг. Энэхүү элбэг дэлбэг “ногоон хөрөнгө” нь Өвөр Монголын ногоон нөөцөө эдийн засгийн ашиг тус болгон хувиргах, экологийн үнэ цэнийг эдийн засагжуулах бат бөх суурийг бүрдүүлж байна.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО экологийн аж үйлдвэржилт, аж үйлдвэрийн экологжуулалтын зарчмыг баримталж ирсэн. Ойн аж үйлдвэр нь үндсэндээ тусгай жимс, модны суулгац, цэцэг, ойн хүнс, модлог үр тариа, тос, ойн өвс, эмийн ургамал, бут сөөгний тэжээл, түлшний материал, эко аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбаруудыг хамарч, тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага дор “аж ахуйн нэгж + хоршоо + бааз + фермер” гэсэн ашиг хуваалцах механизмд тулгуурласан хөгжлийн загварыг бүрдүүлжээ.

1874 онд байгуулагдсан, Хятадын уламжлалт анагаах ухааны нэртэй брэнд болох “Ху Чин Юй Тан” саяхан Өвөр Монголын Ойн аж үйлдвэрийн группт албан ёсоор нэгдсэн байна. Ху Чин Юй Тан групп, Сонлү эмийн үйлдвэр, Түлихэ ойн аж үйлдвэрийн компани нь Их Хянган давааны ойн бүсэд экологийн нөөц ба уламжлалт Хятадын анагаах ухааны салбарыг гүнзгий уялдуулан хөгжүүлэх шинэ хэлбэрийг хамтран эхлүүлжээ.

Өвөр Монголын Ойн аж үйлдвэрийн групп нь ойн эдийн засгийн гол салбар болох уламжлалт Хятадын анагаах ухааны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Хамтарсан үйлдвэр, хамтын ажиллагаагаар дамжуулан институцийн саад бэрхшээлийг даван туулж, “компани + бааз + ойн өрх” загварт тулгуурлан ойн бүсэд эмийн ургамал тариалах, судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалтыг нэгтгэсэн үйлдвэрлэлийн платформ бий болгожээ.

Хөлөнбуйр хотын Эвенк өөртөө засах хошууны ойн эдийн засгийн хөгжлийн чиглэл улам тодорхой болж байна. Тус хошууны Ой, бэлчээрийн товчоо нь ойн мөөгөнцөр, эмийн ургамал тариалах, хусны шүүс цуглуулах зэрэг тусгай төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор олон сувгаар хөрөнгө төвлөрүүлэх, техникийн үйлчилгээний баг байгуулах, цогц урьдчилан сэргийлэх ба хяналтын тогтолцоог сайжруулах, “ойн аж ахуй + хоршоо + фермер” загварыг дэмжих, тусгай бодлогын ажилтнууд томилох зэрэг таван томоохон арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Улаанхад хотын Харчин хошуу нь “зургаан нэг” ойн эдийн засгийн загварыг судалж, экологи болон эдийн засгийн давхар үр өгөөжтэй тогтолцоог бүрдүүлсэн. Анхдагч экологийн цуглуулга, ойн дундах тариалалт, ойн үржүүлэг, ойн аж ахуй, жимсний үйлдвэрлэл, ойн бүтээгдэхүүн боловсруулах, ойн эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг зургаан томоохон үйлдвэрлэлийн кластер нь ойн аж ахуй эрхлэгчдэд олон төрлийн орлогын эх үүсвэр бий болгож, экологийн хамгаалалтыг дэмжихийн зэрэгцээ экологи ба эдийн засгийн уялдааг гүнзгийрүүлж байна.

   Ойн дундах үржүүлэг өргөжиж байна

Бугат хотын Гүян шяний Хуайшуо суурингийн карагана ойгоор алхахад өнгөлөг, эрч хүчтэй “хунчир ойн тахианууд” моддын дунд чөлөөтэй тэнүүчилж, хоол тэжээлээ хайж байна. Эдгээр тахианууд зах зээлд нийлүүлэгдсэний дараа Хятадын олон бүс нутагт тээвэрлэгддэг.

Гүян шянь нь хунчирын тариалалтаараа алдартай. Хөгжлийн үр өгөөжийг илүү олон фермерт хүргэхийн тулд Хуайшуо суурин “засгийн газар + аж ахуйн нэгж + фермер” гэсэн ашиг хуваалцах шинэ механизмыг нэвтрүүлжээ.

Тунляо хотын Хорчин дүүргийн Морин сүм сумын галуу үржүүлэгч Нарсугийн “ойд суурилсан галууны аж ахуй” загвар нь мөн сайн жишээ болж байна. Мал аж ахуй, мал эмнэлгийн олон жилийн туршлагатай тэрээр орчин үеийн аж ахуйн менежментийг орон нутгийн ойн нөөцтэй хослуулан бизнес эрхлэхээр буцаж ирсэн байна.

“Ойд суурилсан үржүүлэг” загварын онцлог нь байгаль өөрөө өөрийгөө дэмжиж, давхар ашиг өгдөг эргэлтийн систем дээр үндэслэдэг. Ой мод нь шувууны аж ахуйд сүүдэр, амьдрах орон зай бүрдүүлж, өвчлөл бууруулна. Шувуу ойн хог ургамал, шавжаар хооллож, тэжээлийн зардлыг бууруулна. Шувууны ялгадас нь байгалийн жамаар задарч хөрсийг баяжуулан модны ургалтыг дэмжинэ. Ингэснээр өмнө нь зардал ихтэй байсан ойн менежмент одоо экологийн үнэ цэнийг өсгөх “ногоон хөрөнгө” болон хувирч байна.

Ойн дундах үржүүлгийн салбар өргөжин хөгжихийн хэрээр Хянган аймаг 5 сика буга үржүүлгийн аж ахуйн нэгж, 5 ойн дундах тахианы хоршоо байгуулж, 1,700 сика буга, 83,000 гвинейн шувуу, хар ястай тахиатай болж, жилд 100,000 дэгдээхэй нийлүүлж, жилийн үйлдвэрлэлийн үнэ цэнийг 18 сая юаньд хүргэжээ.

Байгалийн нөөцийг ашиглаж, брэндийг бэхжүүлж байна

Тариалалт, үржүүлэг нь “хаврын хөдөлмөр”-ийг илэрхийлдэг бол ойн цуглуулга нь байгаль хүний хөдөлмөрт өгч буй өгөөмөр бэлэг юм.

Улаанхад хотын Харчин хошууны Мэйлинь суурингийн иргэд улирал бүр мөөг, самар түүж, ууланд гардаг. Нэг өрх жилд дунджаар ойн цуглуулгаас 30,000–40,000 юанийн нэмэлт орлого олдог.

Байгалийн нөөцийг ашиглан брэндийг бэхжүүлэх нь чухал чиглэл болж байна. Өвөр Монголын Ойн групп “Хүйтэн туйл” брэндийг хөгжүүлж, мөөг, жимс, хусны шүүсийг ундаа, дарс болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон боловсруулж байна. 2025 оны Хятадын Олон улсын үйлчилгээний худалдааны яармагт “Хүйтэн туйл” хусны шүүс нь ногоон эдийн засгийн онцлох бүтээгдэхүүнээр шалгарчээ.

“Үзэсгэлэнт Өвөр Монголыг цогцоор нь бүтээн байгуулах, Хятадын хойд хэсэгт экологийн аюулгүй байдлын бат бөх хаалт бий болгох төлөвлөгөө (2025–2035)” хэрэгжсэнээр ойн аялал жуулчлал шинэ хөгжлийн боломжуудыг нээж байна.

Ийнхүү Өвөр Монголд ой модны эдийн засаг тэлж, аж үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна. “Ойг алт болгон хувиргаж, ногоон хөгжлөөр хөгжил цэцэглэлд хүрэх” чанартай хөгжлийн зам улам бүр өргөжин тэлсээр байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл