solongonews
Уламжлалт анагаах ухаан, эм тан
2015-01-20 16:52
Өнөө үед Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий даяар түгэн тархсан байдаг.

        Хятад хүн эртнээс анагаах ухаан, эм тан ашиглан өвчин эмгэгийг анагаах, эрүүл мэндээ хамгаалах мэдлэгтэй байжээ. Өнөө үед Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий даяар түгэн тархсан байдаг. Эртний домог ярианд Шэнь Нун Ши гэгч хүн эмийн ургамлын төрөл зүйлийг ялгахын тулд 100 гаруй ургамлыг өөрийн биеэр амтлан үзсэн гэдэг. Хятадын хамгийн эртний анагаах ухааны ном болох "Хуандигийн дотоод бүтээл" нь Чунь Цю Байлдаант улсын үеэс (МЭӨ770—221) өмнөх анагаах ухааны ололт туршлагыг ерөнхийд нь системчилж, Хятадын уламжлалт анагаахын онолын суурийг тавьсан юм. Байлдаант улсын үеийн алдарт эмч Бянь Цюэ нь хамгийн анх ажиглах, чагнах болон үнэрлэх, асуух, тэмтрэх гэсэн аргаар өвчний оношийг тогтоодог байжээ. Ажиглах гэдэг нь өвчтний гадна өнгө төрх, сэтгэл санааны байдлыг ажиглах; чагнах болон үнэрлэх гэдэг нь өвчтний амьсгалыг чагнах; асуух бол өвчтнөөс хаана өвчин зовиур байгааг, өвчтөний сэтгэл санаа ямар байгааг, болон хоол хүнс, амьдралын хэв заншлыг асууж тодруулах ба тэмтрэх бол өвчтний судасны цохилтыг барих зэрэг онцлогтой.

        Хятад эм тан ихэвчлэн ургамалын гаралтай, зарим нь амьтны болон эрдэс бодисоос гаралтай байдаг. Эдгээр бодисыг өвөрмөц аргаар найруулан, дотуур уух болон гадуур хэрэглэх эм гаргаж авдаг. Хань улсын үеийн (МЭӨ206-МЭ220) алдарт эмийн ургамал судлаачийн бичсэн "Шэнь Нун эмийн ургамлын ном"–нд 365 төрлийн эмийн ургамлыг тэмдэглэн үлдээжээ. Өмнөд Умард төрийн үеийн (420-589) алдарт эмч Тао Хунзин дахин 365 төрлийн эмийн ургамал нээн илрүүлсэн ба "Эмийн ургамлын цуглуулга" хэмээх ном бичсэн юм. Мин улсын (1368-1644) алдарт эмч Ли Шижэний гаргасан "Өвсөн эмийн хураангуй" хэмээх ном нь МЭ1578 онд бичигдсэн, нийт 52 боть, 1892 төрлийн эм орсон (Ли овогтон 374-н төрөл шинээр нэмсэн). Ном нь 1109 эмний зураг, 11096 эм найруулах жор хавсаргасан (эдгээрээс 8000 гаруйг нь Ли овогтон өөрөө найруулж зохиосон байдаг). Эдгээр гоц бүтээлүүд нь Хятадын анагаах ухааныг төлөөлөх том бүтээл юм.

        Хятадын түүхэнд алдартай эмч нар цөөнгүй ба Бянь Цюй, Хуа Туо, Жан Жунзин, Сунь Сымяо, Ли Шижэнь зэргийг дурьдаж болох ба тэд бүгд оюун ухаан, анагаах ухааны эрдэм чадлаараа олон ардыг өвчин хуучаас салгасан ачтанууд билээ. Орчин үед ч хүн ардын сайн сайхны төлөө саад бэрхшээлийг үл хайхран зүтгэж байгаа олон алдартай эмч нар бий. Монгол, Түвд, Вэй, Уйгар, Дай зэрэг Хятадын үндэстний цөөнхүүдийн уламжлалт анагаах ухааны давтагдашгүй шинж чанар, ололт амжилтууд ч олон ард түмний эрүүл мэнд, аз жаргалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан билээ.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.chinesecio.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл