solongonews
Уяаны зөөлөн шороо
2015-01-21 10:15
Уяаны зөөлөн шороо

Уулнаас бууж шон болж сойгдсон

Ус ширгээж сүү тосож эдгэрсэн

Од зайчлах бууц-уяаны зөөлөн шороо

Унаган туурай асаах галтай “тал”

 

Нарны тос шаргаасан газрын тасархай

Нутаг, эзэн хоёрын мэнд тосолсон галбын халцархай

Нүүдлээс ирэхэд ногоо ургачихсан байдаг

Нутгийн шар эсгий-уяаны зөөлөн шороо

 

Орчих дөрвөн улирлыг хадгаар зангидсан

Удамт монгол айлын

учрал хагацал хоёрыг

Адууны хялгасаар хэрсэн

Айраг үнэртсэн зогсоол

 

Найман шаргын сүүл самнаж

Хүй хүй салхи хоргодсон

Насан багын “бургасан” морины жолоо эвхэж

Хүйс хүйс дурсамж цэцэглүүлсэн

 

Гэр хөдөө хоёрын уулзвар

Гэрэл сүүдэр хоёрын халааа

Уяаны зөөлөн шороо

Хүлэг хүн хоёрын элдсэн барсын зоо

 

Дэлхийг багтаасан дээлийн

Гандаж элэгдсэн мөр гэмээр

Энэ сэмэрхий дээр

 

Дайны морьдын дөрөө харшихад

Салхины хөг цуурч

Өвгөн бүргэд үүрээ цэвэрлэж эхэлдэг

 

Туурай нь цавчиж

Торгоны эн татсан энэ уяг

цэцэг хавж, сүү нөмрөхөд

 

Шувууд амандаа байлгасан шүүдрийн усаа

Навчин дээр унагааж

Эх нь хүүгээ тосож тайтгардаг гэсэн

 

Бурхны дэлгэсэн алга гэмээр энэ уяан дээр

Бөмбөрцөг хатирч ирэхэд жавар нь уяна

Жавар нь цайвалзаж гаталмаар болоход дэл нь уяна

 

Дэл намирч өнгөрмөөр болоход ерөөл нь уяна

Ерөөл нь хадгаа гэтлэмээр болоход

Эзэн Чингис уяан дээрээ буух нь харагдав

 

Дэлгэр Монголын гадаа

Дэлхий инээж уягддаг байсан

Эмзэг орчлон эдгэрэх гэж

Энэ уяаны жавраар шархаа долоолгодог байсан

 

Хүлээлт, хүргэлт хоёр мориор зөрөхөд ташуураар алдууруулна

Нулимс, ногоо хоёр зудаар зулгарахад сүүгээ алдууруулна

Айраг, намар хоёр наадмаар бялуурахад мориор алдууруулна

Уяж алдууруулах ертөнцийн зөв санааг хэлгийрүүлэхгүй гэж

 

Чөдрийн тостой хөлөөр гуйлгаж сэмлүүлсэн

Цолмон хайрах салхинаар гуядуулж зөөлөрсөн

Цулбуур тайлах үүрээр дуудуулж сэрсэн

 

Амьдралын илч түгсэн энэ уяанаас

Адууны үнэр холдоход

 

Хазаарын чимээ чагнаагүй амраг хүүхнүүд эзгүй

Хусуурын хөлс үнэртээгүй намрын бороо гашуун

Хүлэг янцгаахыг сонсоогүй хуурын нүд хээтэй

 

Чөмөгний тос дундлаагүй уяаны хөл

Хуучин халгайд хучигдахад

Урт намар жиндүү гэдэг нь үнэн

 

                          

Зохиогч: Дуудаач овогтой Энххад
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл