solongonews
Хадаг барих ёсон
2015-02-20 09:25
Хадагийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн ангилдаг ба өөр өөрийн онцлогоор хэрэглэх зарчимтай. Хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барина.

Нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадагийг оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадагийг барихдаа хүнрүүгээ хадагнийхаа амыг хандуулан, мэхийх юм уу сөгдөж барина.

Хадаг барихад хэлэх үгс: Цаглашгүй урт наст ариун хадаг, Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн, Дэлэгрэнгүй урт наст ариун цагаан хадаг, Идээний дээж элгэн цагаан тараг, Эдийн дээд ариун цагаан хадаг гэх мэт үг хэлнэ.

Хадаг барьж золгох ёс. Хадаг авч буй хүн хадагаа хавсарган хураагаад эсвэл авсан хэвээрээ золгож болно. Хадаг тавьж өгч буй хүн хадагаараа нөгөө хүнийхээ бүх хурууг нь бүтээхгүй, эрхий хуруунд нь тулган, алганд нь багтааж тавина. Энэ үед мэнд мэдэж болохгүй. Хадагаа тавьчихаад золгохдоо мэнд мэднэ.

Хадагтай золгох ёс. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээр баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод, чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж буй хадагаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Дүү хүн нь ах хүндээ хадагаа бүр мөсөн өгч золгодол бол хадагтай золгох ёсонд хадагаа ямар ч насны хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг.

Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн тань өврөөсөө юм уу, хажуунаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралгүй энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой.

Эх сурвалж : Ёс заншлын тайлбар
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл