
Францын тансаг хоолноос эхлээд Бразилийн онцгой амт, Мексикийн хүсэл тэмүүлэл хүртэл дэлхийн амтууд Хятадын хотуудад нэгдэж, амтлах мэдрэмжийг дэлхийгээр хялбар аялуулах боломжийг олгож байна.
Франц тогооч Ромен Десавис:
— Хятад хэрэглэгчдийн дуртай элементүүдийг жигнэмэгт шингээх нь

“MiAM Cookies”-ийн WeChat группт үүсгэн байгуулагч Ромен Десавис:
- “Та лууванд дуртай юу? Яагаад эсвэл яагаад үгүй вэ?”, “Миний шинэ видеоны хавтасыг харахад туслаач, аль нь илүү гоё вэ?” гэх мэт асуултуудыг байнга тавьдаг. Хэлэлцүүлэг идэвхтэй бөгөөд сонирхолтой өрнөнө.
Ромен бол 100,000 гаруй дагагчтай гадаадын инфлюенсер юм. Түүний Бээжин нугасны сэндвич, франц маягийн “арслангийн толгой” махан бөмбөлөг, Швейцарийн шарсан төмс, франц даршилсан өргөст хэмх зэрэг Хятад ба Барууны хоол хосолсон бичлэгүүд олон нийтийн анхаарлыг татдаг.
Тэрээр есөн жилийн өмнө Хятадад иржээ. Тухайн үед одоогийн эхнэртэйгээ Бээжинд танилцсан учир Хятадад үлдэх болсон байна.
Ромен бизнес эхлүүлэх санаагаа Хойд Америкийн уламжлалт амттан болох жигнэмэгээс авчээ. Тэрээр:
- Би франц хүн учраас жигнэмэгээ илүү үзэсгэлэнтэй, илүү олон төрлийн шинэ амттай болгохыг хүссэн гэж хэлэв.
Жигнэмэгийг хэрхэн шинэлэг болгох вэ? Ромен Хятадад ажигласан туршлагаа бүтээгдэхүүндээ шингээжээ. Жишээлбэл, хүмүүс Бээжинг бодоход чихэртэй долоогоно санаанд ордог. Тэрээр чихэртэй долоогоно жимстэй жигнэмэг хийхэд нэг жил гаруй хугацаа зарцуулж, дүүргэлтийн исгэлэн амт, гадаргын чихэрлэг тэнцвэрийг олон удаа туршин боловсруулжээ.
Амтат будааны бөмбөлөгтэй жигнэмэг, чихэртэй долоогоно жимстэй жигнэмэг зэрэг нь түүний хувьд жигнэмэгийг бүтээлч илэрхийллийн хэрэгсэл болгожээ.
- Гол нь Хятадын хэрэглэгчдийн дуртай элементүүд болон миний санааг нэгтгэх явдал гэж тэр хэлэв. Ромен:
— Хятадын хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүнийг хүлээн авах чадвар өндөртэй. Хятадын гүн бөгөөд баялаг хоолны соёл надад маш их урам зориг өгдөг. Би үргэлжлүүлэн шинийг санаачилж, хэрэглэгчдэд илүү олон гэнэтийн бэлэг өгөх болно.
Бразилийн ахлах тогооч Веллинтон Оливейра де Мело:
— Энэ аяллаа эргэн харахад надад олон боломж нээгдсэн

Бразилийн шарсан махаар мэргэшсэн “Латина” ресторан Хятадад 20 гаруй салбартай болжээ. Чанар, амт, тогтвортой байдлыг хангах нь ахлах тогооч Веллинтоны хамгийн чухал зорилт.
22 жилийн өмнө тэр 28 настайдаа Бразилд тогоочоор ажиллаж байгаад найзынхаа урилгаар Хятадад иржээ. Тэр үед нэг жил ажиллаад буцна гэж бодож байсан ч 22 жил өнгөрсөн байна.
- Энэ газар миний хоёр дахь гэр болсон гэж тэр хэлж байлаа.
Тэрээр Хятадын хэрэглэгчдийн амтанд дасан зохицохын зэрэгцээ Бразил амттай ижил төстэй цэгүүдийг олж чадсан. Жишээлбэл, амтат төмс ба нил ягаан амтат төмсний салат нь хоёр орны нийтлэг орцоос санаа авсан бүтээл бөгөөд богино хугацаанд маш алдартай болсон.
Түүний хувьд хамгийн том сэтгэл ханамж нь танил амтыг илүү олон хүнд хүргэх явдал юм.
22 жилийн хугацаанд тэр Хятадын хоолны зах зээл, хэрэглээний соёлын асар их өөрчлөлтийг гэрчилжээ.
- Одоо миний өдрийн хоолны 80–90 хувь нь Хятад хоол болсон гэж тэр сонирхууллаа.
Веллинтон хиймэл оюун ухаан, шинэ хэрэглээний чиг хандлагыг ажиглан бизнесээ өргөжүүлсээр байна.
- Хятад улс надад үнэхээр олон боломж олгосон гэж тэрээр дүгнэж байна.
Америк-Мексик тогооч Маркус Медина:
— Би тэтгэвэрт гарахыг хүсэхгүй, би энд үүрд үлдэнэ

Бээжингийн Blue Harbor дахь Q MEX Мексик рестораны гүйцэтгэх тогооч, 69 настай Маркус Медина Хятад дахь аяллынхаа тухай ийн ярьжээ.
2011 онд тэр Нью-Йорк, Лос Анжелест 30 орчим жил ажилласны дараа шинэ боломж хайж Хятадад иржээ. Бээжинд ирээд хоёрхон хоногийн дараа санамсаргүй Мексик ресторан олсон нь түүний шинэ ажлын эхлэл болсон байна.
Тэр үед тухайн ресторан Мексик хоолтой төстэй боловч жинхэнэ амтыг бүрэн гаргаагүй байв. Тэр өөрийгөө танилцуулж, 15 жил үргэлжлэх хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.
2012 онд тэр болон олон улсын түншүүд Бээжинд анхны Q MEX рестораныг нээсэн бөгөөд такос, фахитас зэрэг хоолнууд Хятадын хэрэглэгчдийн дунд аажмаар түгээмэл болжээ.
Маркус ажлынхаа явцад хэрэглэгчдийн хандлагыг ажиглахад ихээхэн анхаардаг. Ширээний үйлчилгээ, хоолны үлдэгдэл, зочдын санал зэргийг байнга ажиглаж, бүтээгдэхүүнээ сайжруулдаг байна.
Хятадад 15 жил амьдарсны дараа тэд таван ресторантай болж өргөжсөн бөгөөд цаашид өмнөд Хятадын зах зээлд тэлэхээр төлөвлөж байна.
69 настай тэрээр тэтгэвэрт гарах төлөвлөгөөгүй:
— Би Хятадад үргэлжлүүлэн ажиллана. Энэ бол миний хамгийн дуртай газруудын нэг гэж хэлж байлаа.
