
Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж, тэнгэр бол мөнхийн бэлгэдэл, гал ариуны бэлгэдэл гэж үздэг. Гал бол хүн төрөлхтний амьдралын тэжээгч зүйл. Өөдлөн бадрахын бэлгэдлийг галаараа дүрсэлдэг. Тийм ч учраас галыг дээр үеэс эрхэмлэн дээдлэдэг байжээ. Монголчууд галын бурханыг галын дөлд гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр сууж байдаг гэж ярьдаг.
Галыг хоёр янзаар тахидаг байжээ.
1. Байнгын тахилга–галд дээж өргөх
2. Их тахилга–жилд нэг удаа болдог. Тусгайлан бэлтгэж хийдэг. Жилийн эцсийн Хөхөө сарын /12 дугаар сар/ билгийн тооллын 23, 24-нд болдог. Галын бурхан буюу тэнгэр гэж байдаг. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үздэг. Жилд 1 удаа тэр хүү аав, ээждээ золгодог гэнэ. Золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24 юм. 23-ны тахилгыг үдшийн цолмонгоор эхэлдэг бөгөөд 24-ний үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Домог ёсоор жил жилийн сүүл сарын 23 –нд галын тахилга тэнгэрт одож, орчлонгийн түмэн амьтны байдлыг хурмаст тэнгэрт айлтган мэдүүлдэг учиртай байжээ.
